УГАНДА УЛСЫН ЭРХ БАРИГЧИД ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙГ ЦААЗААР АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ.

2023-03-22  

Өчигдөр Африк тивийн Уганда улсын эрх баригчид ижил хүйстнүүдийн эсрэг хуулийн төслийг хэлэлцэн олонхоороо дэмжсэн үйл явдал гарчээ.

Энэхүү хууль нь хэрэгжиж эхэлбэл ижил хүйстнүүдийг болон ижил хүйстнүүдийг дэмжсэн, санхүүжүүлсэн хүмүүсийг цаазаар авдаг болох аж.

Уганда улсын парламентын 389 гишүүний зөвхөн хоёр гишүүн энэ хуулийн төслийг дэмжээгүй байна.

“Хуулийн төсөл нь агуулга буруу, үндсэн хуулийн заалтыг зөрчсөн, хүйсийн тэгш эрх зөрчсөн, хүний эрх, хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээс ухралт хийсэн" гэж тэдний нэг, эрх баригч намын төлөөлөл Одой-Ойвелово хурлын дараа мэдэгдсэн байна.

Харин одоо хуулийн төслийг Уганда улсын ерөнхийлөгч Ёвери Мусевени батлах, эсвэл хориг тавих эрхтэй.

Загалмайн шашны хуучинсаг ёс ноёлдог Уганда улсад одоогийн хуулиар ижил хүйстнүүдэд бүх насаар нь хорих ял өгдөг. Шинэ хууль нь үүнийг улам чангатгаж, цаазын ялтай болгох юм.

 Ерөнхийлөгч Мусевени энэ сарын 16-нд парламентад хандаж хэлэхдээ  “Өрнөдийн орнууд өөрсдийнхөө зан үйл, шашин шүтлэгийг бусдад тулгах шаардлага байхгүй.  Ижил хүйстнүүд бол хэвийн амьдралаас хазайсан хүмүүс. Энэ нь байгалиас заяагдсан зүйл үү? эсвэл олдмол, хүмүүжлийн асуудал уу?  Бид энэ асуултын хариуг олох хэрэгтэй. Энэ талаар эмнэлгийн дүгнэлт гаргах шаардлагатай байна” гэж байжээ.

Африк тивийн ихэнх улсад ижил хүйстний харилцааг хуулиар хориглодог.  “Хүний эрхийн олон суурь эрхийг зөрчсөн хуулийн төслийг парламент дэмжсэнд харамсаж байна. Энэ нь бусад улсад буруу үлгэр дууриалал үзүүлж харгис хууль батлагдах, хүний эрхийг зөрчих үүд хаалгыг нээж байна. Ерөнхийлөгч Мусевени үүнд хориг тавих хэрэгтэй” гэж Human Rights Watch байгууллагын Африкийн салбарын судлаач Орем Ниеко ярьлаа.

Эх сурвалж: The Guardian

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?