ДЭЛХИЙ ДАХИНАА БАРИМТЛАХ ШИНЭ ЖУРАМ БОЛ ДАЙН ДАЖИНГҮЙ, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ

2023-03-24  

Евро Азийн эдийн засгийн 26 дугаар чуулга уулзалт Турк улсын Истанбул хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Дэлхийн 44 орны улс төр бизнесийн нөлөө бүхий төлөөлөгчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон энэхүү чуулганд манай улсаас гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож үг хэлсэн юм.

Бүгд Найрамдах Турк улсын ерөнхийлөгч Т.Эрдагон тус улсад болсон байгалийн гамшигт үйл явдлын улмаас оролцож амжаагүй боловч чуулганы нээлтэд зориулан мэндчилгээ илгээсэн юм.

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулганыг Туркт төвтэй олон улсын “Мармара групп сан” байгууллагаас зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд эдийн засгийн асуудлаас гадна дэлхий нийтийн гол асуудал болсон энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвээр төлөөлөгчид илтгэл тавьсан юм. Тус сангийн ерөнхийлөгч Аккан Сувер хэлсэн үгэндээ “Эдийн засгийн форум гэдэг мөнгөний тухай яриа биш юм. Энэ бол бидний бүтээлч, шинэ санаа, зөв үзэл санааг дэлгэрүүлэхийн төлөө юм. Дэгш бус байдал дэлхий дахины хувьд томоохон асуудал болон хувирлаа. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхийн хүн амын ганцхан хувь нь нийт баялгийн 38 хувийг эзэмшиж байна. Энэ бол бидний анхаарал хандуулах бас нэг томоохон асуудал юм” хэмээн онцолсон.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус уулзалтад оролцох үеэр хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

Ноёд, хатагтай нар аа,

Эрхэм хүндэт анд нөхөд өө,

Юуны түрүүн биднийг халуун дотноор хүлээн авсан Мармара сан болон тус Сангийн тэргүүн, Доктор Аккан Сүвер танд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ер бусын чухал цаг үед болж байгаа “Евразийн Дээд хэмжээний уулзалт” өнөөдөр дэлхий дахинд тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгт найдаж байна.

Турк Улсад болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Дэлхий нийт, тэр дундаа Монгол Улс энэхүү эмгэнэлт мэдээг цочирдон хүлээн авч, анд нөхдийн гар сунгаж, тусламж үзүүлэх санал тавьсныг турк нөхөд маань найрсгаар хүлээн авсан билээ. Монголчууд бидний хувьд эрэн хайх, аврах багаа газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн гамшгийн бүсэд илгээх нь хүн ёсны хувьд нэр төрийн хэрэг байсан бөгөөд манай эрэн хайх, аврах багийнхан сургуультай нохдынхоо хамт олон хүний амийг аварсан тухай мэдээг хүлээж аваад баярлаж, бас бахархаж байлаа.

Хэдийгээр нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирсан ч Турк Улс, Туркийн ард түмэн бол аливаа зовлон бэрхшээлийг даван туулж улам хүчирхэгжих хүч чадалтай, тэсвэр хатуужилтай улс орон, ард түмэн мөн гэдгийг бид сайн мэднэ. Та бүхэн энэ их зориг хатуужлаа баялаг түүхийнхээ олон цаг үед илтгэн баталсан бөгөөд энэ удаад ч мөн адил нотлон харуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй орчин үеийн Турк Улс дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг нөлөө бүхий улс орнуудын нэг болтлоо өсөн хөгжсөн нь ялангуяа өнгөрсөн жил тод томруун харагдсан билээ.

Дэлхийн хамгийн алдартай турк хүмүүсийн нэг Мустафа Кемал Ататюрк орчин үеийн Турк Улсын амжилтын бат бэх үндэс суурийг тавьсан билээ. Алдар суугаа түүхэнд мөнхөлсөн хүмүүсийн амьдралын ололт амжилт болон тэдгээрийн түүхэн нөхцлийн учир шалтгааны талаар эргэцүүлэн бодоход энгийн атлаа тэр болгон анзаарагддаггүй зүйлс ажиглагддаг.

Хамгийн эхний бөгөөд хамгийн чухал учир шалтгаан нь тэд бүхий амьдралынхаа зорилгыг бусдын сайн сайхны төлөө, нийт ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэхэд оршино хэмээн тодорхойлдогт байгаа юм. Үүнээс дутуугүй чухал ач холбогдолтой учир шалтгаан бол тэд амь амьдралаа бусдын сайн сайхны төлөө зориулан зүтгэхдээ ихээхэн баяр баясгалантай байдагт оршино. Бусдын сайн сайхны төлөө зүтгэхийгээ баяр баясгалан хэмээн хүлээж авдаг хүмүүсийн хувьд энэхүү зүтгэл нь хүнд хүчир ачаа дарамт бус харин урам зориг, онгодыг нь өдөөн сэргээсэн үйл хэрэг болдог байна. Тэгвэл Мустафа Кемал Ататюрк бол чухамхүү бусдын сайн сайхны төлөө амь амьдралаа бүрэн зориулж, зүтгэх тусмаа улам эрч хүчтэй болсон, урам зориг, онгод дүүрэн хүн байсан юм.

Хоёрдугаарт, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулна гэдэг бол аливааг хойшлуулахгүй байна, цаг хугацаатай уралдана гэсэн үг юм. Хүний хамгийн том алдаа бол ямар нэгэн шалтаг тоочин бултаж аливаа зүйлийг хойшлуулах явдал мөн билээ. Гэтэл хүний амьдрал асар богино байдаг. Гэсэн хэдий ч түүний сайн нь амьдрал өөрөө боломж бололцоо, завшаан бүхий мөчүүдээр дүүрэн байдаг.

Хүний амьдралын нэгэн чухал дүрэм бий. Энэ дүрэм өдөр бүр ямар нэгэн боломж, ямар нэгэн завшаан заавал тохионо, харин хийж гүйцэтгэхээ хойшлуулвал тэр сайхан боломж, завшааныг алдана хэмээн өгүүлнэ. Нөгөө талаар хэрэв боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадвал төсөөлөхийн аргагүй гайхамшгийг бүтээж чадах шидтэн болж хувирна. Тийм ээ, Мустафа Кемал Ататюрк бол шидтэн байсан. Түүний ид шидийн энгийн нууц тэрээр сайхан цаг ирэхийг хүлээж хойшлуулалгүйгээр бусдын сайн сайхны төлөө зүтгэх зорилгоо тууштай хэрэгжүүлдэг ажил хэрэгч хүн байсанд, эх орон, ард түмэндээ өөрийн гараар сайн сайхан цагийг авчрах, илүү сайхан амьдралыг бүтээхийн тулд өдөр бүр зүтгэж, боломж бүрийг ашигладаг байсанд оршино.

Өдөр бүр хүн болгонд олдож байгаа боломж бололцоо, агшиныг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг хүн бусдад их азтан мэт харагддаг. Тэгвэл бусдын сайн сайхны төлөө зүтгэх сайхан сэтгэл бүхий үйл хэргийг болон өөрийгөө эгэл жирийн ард иргэдийн салшгүй хэсэг мөн хэмээн мэдрэх тэр нинжин сэтгэлтэй байх эр зоригийг аз хийморь байнга дагалдаж байдаг билээ. Тэгэхээр Мустафа Кемал Ататюрк бол хүчирхэг оюун ухаан, нинжин зүрх сэтгэлтэй эр зоригтон байсан бөгөөд ийм учир тэрээр Туркийн ард түмний салшгүй хэсэг мөн гэж тооцогдох учиртай. Тийм ээ, ийм учир тэрээр агуу их азтан байжээ.

Мустафа Кемал Ататюрк бол Туркийн ард түмний бодит илэрхийлэл, төлөөлөл байсан, одоо ч байгаа хэвээр байна.

Түүний нэгэн адил Туркийн ард түмэн бусдын сайн сайхны болон бие биеийнхээ сайн сайхны төлөө зүтгэх нь хувь заяа мөн хэмээн үздэг билээ. Туркийн ард түмэн бусдын сайн сайхны төлөө зүтгэх үйл хэргээ мөн адил баяр баясгалантай гүйцэлдүүлдэг.

Туркийн ард түмэн бол онгод нь сэрсэн ард түмэн мөн бөгөөд аливааг хойш тавьдаггүй, амьдрал өдөр тутам олгодог боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чаддаг ард түмэн мөн.

Туркийн ард түмэн бол бодит үйл хэргийг бүтээгч ард түмэн юм, тэд бол орчин үеийн Турк Улсыг яг энэ цаг үед, яг энэ газар шороон дээр бүтээн босгож байгаа шидтэнгүүд мөн билээ.

Туркийн ард түмэн бол яахын аргагүй азтангууд мөн. Учир нь аз хийморь тэдэнд байгаа итгэл төгс урагш тэмүүлэх цэцэн оюун ухаан, бусдын зовлон, тулгамдсан асуудлыг мэдрэх өрөвч зөөлөн сэтгэлийг дагалдаж байдаг билээ.

Чухам ийм учраас Туркийн ард түмэн өнөөдрийн зовлон, бэрхшээлийг даван туулж улам хүчирхэгжин босч ирнэ гэдэгт би даян дэлхийн олон түмний нэгэн адил гүн бат итгэж байна.

Энэ завшааныг ашиглан Түрэгийн Хаант Улсын хаадын зөвлөх асан цэцэн Тоньюкукийн үлдээсэн мэргэн үгсийг та бүхэнтэй хуваалцая. Мэргэн сайдын бичээс бүхий, арван гурван зууныг дамжсан гэрэлт хөшөө нь Монгол Улсын нутаг дэвсгэрт, Туул голын ай сав газар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бий. Уг бичээст:

“Элтериш хаан ба мэргэн Тоньюкук борви бохиролгүй зүтгэсний учир  Капаган  ба нэгдсэн Түрэгийн ард түмэн цэцэглэн хөгжиж, өдгөөгийн Түрэгийн Билгэ хаан нэгдсэн Түрэгийн ард түмэн ба Огусын ард түмний сайн сайхны төлөө хаан суулаа” гэсэн байдаг.

Туркийн ард түмэн бол хөдөлмөрч, бүтээлч ард түмэн мөн гэдгийг хүн бүр мэднэ. Нэгдсэн Туркийн ард түмэн өвөг дээдсийнхээ нэгэн адил өнөөдрийн бэрхшээлийг даван туулж, цэцэглэн хөгжинө гэдэгт гүн бат итгэлтэй байгаагаа дахин давтан хэлье.

Монгол Улсын Туул голын ай сав нутагт зуун зуун жилийн турш сүндэрлэн зогсох гэрэлт хөшөөн дээр түрэг хэлээр бичсэн бичээс та биднийг манай хоёр ард түмний өвөг дээдэс нэг газар нутаг дээр хөрш зэргэлдээ оршин амьдарч байсан тэр он цаг руу эргэн аваачиж байна. Монгол хэлэнд “Нөхрийн хуучин нь дээр, дээлийн шинэ нь сайн” гэсэн мэргэн үг байдаг.

Манай хоёр ард түмний түүх нягт нарийн холбоотой учир өнөөдөр тэр их түүхийн аль нь чухамхүү Монголынх, аль нь яг Түрэгийнх гэдгийг баттай зааглан ялгах боломжгүй ээ. Та бид хоорондоо харилцаж нэг нэгэндээ нөлөөлснөөр нэг нэгийнхээ төлөвшихөд, ялангуяа хоёр ард түмний өвөрмөц дүр төрх бүрэлдэхэд, улмаар хувь заяа нь тодроход ихээхэн ач тус болсон байна.

Өнөөдөр дэлхий дахинд тулгарч байгаа ээдрээтэй хүнд цаг үед  хуучин андууд улам ойртон дотносч, хямралын цаг хугацаанд бие биедээ туслах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтдаа зүтгэх шаардлагатай байна. Япончууд, солонгосчууд, монголчууд, Түрэгийн ард түмнүүд асар өргөн утгаар нь ойлговол, нарийн цогцоор нь мэдэрвэл нэг соёлтой гэж зарим эрдэмтэн үздэг. Энэхүү соёлын өлгий нутаг бол Алтайн уулс мөн билээ. Алтайн уулсыг хүрээлэн амьдарч байсан та бидний өвөг дээдэс Мөнх Хөх Тэнгэрийг өдөр тутмын амьдралд нь, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслан дэмнэдэг хэмээн итгэн сүсэглэдэг байжээ.

Харин хувь заяаныхаа эзэн бид өөрсдөө мөн гэдгээ, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг ухамсарлан таньсан өнөө цагийн та бид хувь заяагаа өөрсдөө бүтээнэ. Соёлын хувьд ойр дотно, түүхийн нягт нарийн сэжмээр холбогдсон улс орнуудын ард түмнүүд энэхүү хямралын хүнд хэцүү цаг үед улам ойртон түншлэх, нэг нэгэндээ тулах тулгуур, түших багана болох хэрэгтэй.

Ийм учраас бидний урт түүх, баялаг соёлоос улбаалан гарч ирэх сайхан санаа бол Япон, Солонгос, Монгол, Түрэгийн улсууд “Алтайн Түншлэлийн Санаачлага”-ыг сэдэн хэрэгжүүлэх явдал мөн гэж үзэж байна. Энэхүү санаачлага ихээхэн ирээдүйтэй бөгөөд уг түншлэл дайн дажин, цар тахал, хоол хүнсний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг болон техник технологийн тэгш бус байдалд нэрвэгдээд буй дэлхий дахинд энх амгалан, хөгжил дэвшил авчрах сайн үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр янз бүрийн хямралууд гүн гүнзгий байгаагийн учир шалтгаан та бид зөвхөн өөр өөрийн явцуу ашиг сонирхлын хойноос улайран хөөцөлддөг хэт энгийн ертөнцөд амьдарч байгаад оршино. Үнэн хэрэгтээ өнөөдрийн дэлхий дахин бол нарийн цогц ертөнц мөн билээ. Энэ байдал улс орнууд болон ард түмнүүдийн хоорондын харилцаа холбоо өсөн нэмэгдэх тусам улам нарийн ээдрээтэй болох учиртай.

Гэхдээ дэлхий ертөнц ийнхүү нарийн төвөгтэй болж буй нь сайн хэрэг мөн, учир нь ингэснээр хүн бүрт өдөр бүр ямар нэгэн боломж бололцоо, завшаан бий болж байна гэсэн үг юм. Харин та бид нарийн учир сэжмээр уягдан холбогдсон энэ төвөгтэй дэлхий ертөнцөд хэрхэн оршин амьдрах талаар суралцах шаардлагатай болоод байна. Улам ээдрээтэй болоод байгаа энэ дэлхий ертөнцөд оршин амьдрах хамгийн мэргэн арга нь бусдын эрх ашгийг хүндэтгэх, бусдыг анхаарч тэтгэх, бусдын сайн сайхны төлөө үйл хэрэг бүтээж эхлэх явдал юм. Энэ ээдрээтэй дэлхий ертөнцөд хамгийн үнэ цэнэтэй нь мөнгө бус харин хүн, хүний амьдрал байх ёстой.

Бид хүн гэх нэг төрөлтний хувьд ковидын цар тахал, дайн дажин, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан сая саяар тоологдох нэгнээ алдсан. Хүний өөрийн гараар бүтээсэн хямралын учир шалтгааны улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо байгалийн гамшгийн үеэр нас барсан хүмүүсийн тооноос хэд дахин их байна. Эрүүл саруул оюун ухаантай төрдөг хүмүүсийн хувьд та бид олон сая эрдэнэт хүний амь нас цаашид ч алдагдсан хэвээр байх, энэхүү эмгэнэлт байдлыг таслан зогсоохын тулд юу ч хийхгүй байх байдал үргэлжлэхийг хэрхэвч тэвчин зөвшөөрч болохгүй.

Та бид Дэлхий дахинаа баримтлах шинэ журмыг бүтээх ёстой. Дэлхий дахинаа баримтлах шинэ журамд дайныг хориглоно, дайн өдөөхийг бас хориглоно.

Та бид Дэлхий дахинаа баримтлах шинэ журам бүтээх хэрэгтэй. Энэхүү журамд хүний амьдрал болон өөрийн авьяас чадварыг бүрэн бүтэн хөгжүүлэхийн үндэс суурь болсон хүний эрх, бусдад авьяас чадвараа бүрэн дүүрэн хөгжүүлэх боломжийг олгохын тулд бусдын сайн сайхны төлөө зүтгэхийн учир шалтгааны үндэс суурь болсон хүний үүрэг аливаа үйл ажиллагааны төвд нь байх болно.

Дэлхий дахинаа баримтлах шинэ журам нэг туйлт, эсхүл олон туйлт харилцааг бус, харин улс орон бүр, хувь хүн болгон төрөлх авьяас чадвараа тултал нь хөгжүүлэх боломж, завшаан олгох цогц харилцааг тогтооно. Ийм боломж гагцхүү ард түмнүүд болон улс орнууд энх амгалан тогтсон нөхцөлд орших цагт олдоно.

Бүгдээрээ Дэлхий дахинаа баримтлах шинэ журмыг Цогц Ертөнц гэж нэрлэе. Энэхүү Цогц Ертөнц гурван цагт зэрэг орших болно. Харамсалтай нь өнөөдөр ард түмнүүд, улс орнууд болон улс төр, шашин, нийгмийн харилцааны бүх салбарын удирдагчид тус бүрдээ өөр өөрийн сонгосон тэр цаг хугацаандаа оршиж байгаа билээ. Өөр өөр цаг хугацааны үйл явдлуудыг нэгэн зэрэг гаргаж ирэхэд тэд яахын аргагүй хоорондоо зөрчилдөнө, хоорондоо тэмцэлдэнэ, нэг нэгийгээ ялан дийлэх гэж оролдоно.

Уг нь та бид өнгөрсөн цаг хугацаа бол алдаанаасаа сургамж авах, одоо цаг үе бол бусдын сайн сайхны төлөө зүтгэх, ирээдүй цаг үе бол хойч үеийнхээ өмнө үүрэг хүлээж буйгаа ухамсарлахын тухай байх ёстой гэдгийг мэднэ. Цогц Ертөнцөд хүн бүр гурван цаг хугацаанд нэгэн зэрэг амьдрах буюу алдаанаасаа суралцах, бусдын сайн сайхны төлөө зүтгэх, хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахын ухаанд суралцах хэрэгтэй.

Та бид өнөөдөр аливаа дайн дажин ямар ч утгагүй болсныг ойлгох цаг болжээ. Өнөөдрийн дайнд хэн ч ялан дийлэгч болж чадахгүй ээ. Харин энх амгалан тогтсон цагт хүн бүр ялан дийлэгч болж чадна. Дайн дажин бол хэт энгийн бөгөөд ой гутам муухай, харин энх амгалан бол ээдрээтэй цогц бөгөөд үзэсгэлэн төгөлдөр билээ.

Газар дэлхийгээ ээдрээтэй цогц бөгөөд үзэсгэлэн төгөлдөрийн ертөнц болгох цаг иржээ. Ийм ертөнцөд хүний амьдрал хамгийн үнэ цэнэтэй зүйл байх болно, ийм ертөнцөд хүн бүр боломж бололцоо, завшаантай зайлшгүй учрах болно.

Энх амгалан тогтох боломжийг олгоцгооё.

Турк Улс, Истанбул хот

2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?