БРАЗИЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЯТАДАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЖЭЭ

2023-04-13  

 Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Шанхай хотноо лхагва гарагт хүрэлцэн иржээ. Энэхүү айлчлалаар хоёр орны харилцааг хэвийн болгохыг зорьж байгаа ажээ.

Лула болон түүний гэргий Росанжела да Силваг Хятадын Гадаад хэргийн дэд сайд Се Фэн нисэх буудал дээр угтан авчээ.

Бразилын зүүний үзэлт Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотод баасан гарагт уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, найрамдлын гэрээний талаар хэлэлцэнэ гэж Бразилын Засгийн газар мэдээлжээ.

Энэхүү айлчлалыг гуравдугаар сард хийхээр товлоод байсан боловч Лула уушгины хатгалгаа туссаны улмаас хойшлуулсан юм.

Худалдааны гол түншүүд

Лула хэт барууны үзэл баримтлагч, өмнөх Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн дөрвөн жилийн турш баримталж байсан  Бразилыг Хятадаас тусгаарлах, сөргөлдөх бодлогын дараа тус улстай харилцаагаа сэргээнэ гэж найдаж байна.

Бразил нь Хятад руу хамгийн их бараа бүтээгдэхүүн, тэр дундаа олон арван тэрбум ам.долларын үнэ бүхий шар буурцаг, үхрийн мах, төмрийн хүдэр, шувууны мах, чихрийн нишингэ, хөвөн экспортолдог.

Мөн Латин Америкийн бусад орнуудтай харьцуулахад Хятадаас хамгийн их хөрөнгө оруулалт авдаг.

Хоёр орны төлөөлөгчид Лулагийн айлчлалын үеэр хоёр талын 20 орчим хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна.

Бразилыг “газрын зурагт” эргэн оруулах нь

Бразилын Ерөнхийлөгч АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай энэ оны хоёрдугаар сард Вашингтон хотноо дээд түвшний хэлэлцээ хийснийхээ дараа Хятадад айлчилж буй юм.

Бразилын Ерөнхийлөгчийн албыг 2003-2010 онд хашиж байсан Лула Ж.Болсонаругийн он жилүүдийн дараа улс орноо дэлхийн тавцанд гол тоглогч болж өсөн дэвшинэ гэдэгт найдаж байна.

Гэхдээ Украины дайныг хэрхэн дуусгах талаарх түүний байр суурь Украины Өрнөдийн дэмжигчдийн дунд болгоомжлол төрүүлээд байгаа юм. Украины дайнтай холбоотой сэдэв Ши Жиньпинтэй хийх уулзалтын үеэр хөндөгдөх төлөвтэй байгаа аж.

Лула мөн өөрийн холбоотон, Бразилын Ерөнхийлөгч асан Дилма Руссеффийг БРИКС-ийн хөгжлийн банкны тэргүүнээр томилох ёслолд оролцоно. БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийг эгнээндээ нэгтгэдэг хөгжиж буй орнуудын бүлэг юм. 

 

Эх суврвалж: БЭЭЖИН. /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?