Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда тэргүүн хатагтайн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монголын эрх баригчидтай эдийн засгийн харилцаа, дэлхий нийтийн аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ.
Польшийн Ерөнхийлөгчийн Олон улсын бодлогын асуудал эрхэлсэн газрын дарга Марцин Пжидачийн мэдээлснээр, А.Дуда Украины эсрэг Оросын түрэмгийллийн талаарх Польшийн байр суурийг танилцуулна. “Ерөнхийлөгч геополитикийн нөхцөл байдал, түүнчлэн аливаа улсын, тэр дундаа Монголын сонголтыг гүнээ хүндэтгэдэг. Гэсэн хэдий ч тэрбээр манай улсын байр суурийг танилцуулна. Үүнийг хүлээн авч ойлгоно гэдэгт бид найдаж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Гэхдээ Варшав, Улаанбаатарын харилцаа нь эдийн засаг, соёл, эрдэм шинжилгээний харилцаанд голчлон анхаардаг. Хоёр улсын төрийн тэргүүн нар Польш-Монголын бизнес форумыг нээнэ.
“Бид энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн түүхий эдээр хязгаарлагдахгүй, Польшийн туршлагад тулгуурласан олборлох арга, технологийг мөн багтаах ёстой гэдгийг Монголын түншүүддээ ойлгуулахыг хүсэж байна. Хоёрдогч чухал салбар бол хүнсний үйлдвэр байх болно” гэж М.Пжидач хэлжээ.
Польш нь Европын Холбооны орнууд дундаа Монголын хоёр дахь том экспортлогч бөгөөд 2021 онд тус улсын долоо дахь том экспортлогч болсон байна.
Мөн Ерөнхийлөгч А.Дуда Улаанбаатарт айлчлах үеэрээ Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээж, Монгол Улсын их сургуульд үг хэлэх бөгөөд түүнд хүндэт докторын зэрэг олгох ажээ.
Эх сурвалж: ВАРШАВ. /Polskie Radio 24/