ИРГЭН Г.ГАНБАТ: МИНИЙ УТАСНААС ЗУРАГ ЭВЛҮҮЛЭХ АППЛИКЕЙШН ХЭРЭГЛЭСЭН, ЗАХИАЛГААР МӨНГӨ АВЧ ПОСТ ХИЙСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАНА ГЭСЭН

2023-05-01  

Иргэн Гонгоржавын Ганбаттай ярилцлаа. түүний утсыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хошууч А.Лувсанжамц хурааж аваад, одоог хүртэл өгөөгүй байна. Тэрбээр энэ талаар цахим орчинд мэдээлжээ.


-Таны утсыг ЦЕГ-аас хурааж авсан гэсэн. Энэ талаар эхлээд тайлбар мэдээлэл өгөөч?

-Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Хөшигтийн хөндий рүү хүн хүргэж өгөх гээд явж байв. Замд утас дугараад автал “ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан Лувсанжамц гэдэг хүн байна. Таны нэр дээр гомдол ирсэн. Та ирээд тайлбар өгөөч” гэсэн. Би “Орой Нисэх рүү хүн хүргэж өгөхөөр явж байна. Оройтох байх. Маргааш очиж болох уу” гэтэл “Үгүй ээ та одоо л ирмээр байна. Би таныг хүлээж байя” гэсэн. Тэгээд нөгөө хүнээ Нисэх хүргэж өгөөд, хотын төв рүүгээ буцаад түгжрээд явж байтал дахин залгасан. “Уг нь ажлын цаг аль эрт дууссан. Маргааш болохгүй юу” гэхэд “Танаас зүгээр тодруулах л юм байгаа. Одоо ир” гэсэн. 20:40 цагийн үед би Эрүүгийн цагдаагийн газар очсон. Надад гомдлыг нь үзүүлсэн л дээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын албан бланк дээр Ерөнхийлөгчийн тамгын газрын хуулийн бодлогын газрын дарга О.Машбат гэдэг хүний гарын үсэгтэй тал нүүр гомдол байсан. Гурван хуудас хавсралттай. Хавсралтад нь Төрийн ордны хашааг ногоон болгосонтой холбоотой урд өдрийн сошиалын шуугианы талаар байсан.

Урьд өдөр нь хашаан дээр янз бүрийн хошин мэмэ маягийн зураг хийж тарсан. Нэг нь Ерөнхийлөгчийн цэргийн хувцастай буу шийдэмтэй, хашааны завсраар шагайж байгаа зураг. Түүнийг би “Хахаха” гэсэн тайлбартай, өөр юм бичилгүй фэйсбүүктээ нийтэлсэн. Нөгөөх нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн зургууд гээд нэг хэсэг явсан даа. Тэр үеэр Аминагийн аав гэсэн фэйсбүүк хаягнаас У.Хүрэлсүхийн нөхөрсөг шог зургийг тавиад, “Хиймэл оюун ухаанаар бүрдсэн Хэнтийн мөрийтэй тоглоомчин гэнэ ээ” гэсэн нэг зураг байсныг шэйрлэсэн гээд байгаа. 100 гаруй шэйрийн нэг нь та байна гэнэ. Гурав дахь нь бүр инээдтэй. Дугархүү гээд эмч нэг хэсэг шуугиан тарьсан шүү дээ. Түүн дээр “Би Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо” гэснийг шэйрлэсэн байсныг бүгдийг нь нөгөө гомдлынх нь ард өнгөтөөр хэвлээд гаргачихсан байгаа юм.

-Тэгээд тэр гурван постонд тань гомдол гаргасан хэрэг үү?

-Тийм. Миний инээд хүрээд, наад постыг чинь хэдэн зуун мянган хүн шэйрлэсэн. Ногоон хашааг хэн ингэж эвлүүлэг хийснийг би мэдэхгүй. Фэйсбүүк, твиттерт байсныг л аваад пост хийсэн. Би фотошоп, эвлүүлэг хийж чадахгүй гэсэн. Нөгөөдөх нь өөр хүний постыг л шэйрлэсэн гэхээр “Тийм. Та шэйрлэсэн байна” гээд байгаа. Гурав дахь нь Ерөнхийлөгчид гэхээсээ илүү Дугархүү эмчтэй холбоотой пост. Энэ гурван постонд гомдол гаргасан байна лээ. Гомдлын агуулга нь “Та Монгол Улсын төрийн тэргүүний нэр хүндэд халдаж, нэр хүндийг унагааж байна” гэсэн үгтэй л юм билээ. Тайлбар өгөхөөр очиход “Та өмгөөлөгчгүй тайлбар өгөх үү” гэсэн. Би өмгөөлөгч авахаар хэрэг хийсэн биш. Өгье, наадах чинь сошиалд хэдэн зуугаараа явж байсан. Ер нь political meme гэж юм байдаг. Монголоор егөөдөл гэсэн утгатай. Ийм зүйл бол жирийн үзэгдэл. Дэлхийн хаана ч байдаг. Тэр хашааны ард хэн ч Ерөнхийлөгчийг буу бариад зогсч байна гэдэгт итгэхгүй. Яагаад гэвэл тэр зургууд сонгуулийн өмнө Монголын өрх бүрд фото альбом хэлбэрээр У.Хүрэлсүх нэр дэвшигчийн хувьд өөрөө тараасан. Бүгдийн мэддэг, ном болоод тарчихсан ийм зураг. Наадах чинь егөөдөл гэж хэлсэн. Ингэтэл надад нэг прокурорын зөвшөөрөл үзүүлсэн.

-Тэр нь яах зөвшөөрөл байв?

-Тэр зөвшөөрөл нь “Гонгоржав Ганбат гэсэн фэйсбүүк хаягт нэгжлэг хийхийг зөвшөөрөв” гэсэн утгатай. “Ийм зөвшөөрөл байгаа учраас би таны фэйсбүүкээс ороод харчих уу” гэсэн. А.Лувсанжамц хошууч өөр нэг ажилтантайгаа цуг. Би зөвшөөрөөд “тэг тэгээ л” гэлээ. Кодоо хийгээд, гар утсаа өгтөл “Ийм ийм зүйлүүд тэдэн сарын тэдэнд нийтэлж гээд протокол үйлдээд, гарын үсэг зуруулсан. Тэгээд би тайлбар мэдүүлэг өгч, шалгуулах процесс дуусчихлаа гэж бодсон. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд миний фэйсбүүк сошиал хуудсыг өөрөө оруулсан байна уу гэдгийг шалгаж дууслаа гэж бодтол “Прокурорын зөвшөөрөл дээр таны утсыг хурааж ав” гэсэн байгаа гээд миний утсыг хурааж авсан. Ингээд цагдаагийн алба хаагч залилах маягтай болж эхэлсэн. “Би утас шөрмөсгүй, хүнтэй холбоо барьж чадахгүй яах юм бэ” гэтэл “Удахгүй танд эргүүлээд өгнө” гэсэн.

-Тэгээд эргүүлж өгсөн үү?

-Би “Хүний захидал харилцаа хуулиар хамгаалагддаг. Прокурорын зөвшөөрөл гээд байгаа бичиг дээр чинь миний фэйсбүүкт үзлэгт хийж болно л гэсэн байна. Чи миний утсыг авч яах гээд байгаа юм бэ” гэхээр “Прокурор хурааж авч болно гэсэн учраас би авсан” гээд байгаа. Миний хувийн мэдээлэл чат, харилцааг уншихгүй гэсэн. Тийм зөвшөөрөл ч прокурор өгөөгүй. Тэгээд л би шалгаж үзчихээд маргааш өгөх юм байх гэж бодоод орхиод явсан. Би iphone утастай учраас apple ID-гаараа өөрийн ipad-тайгаа холбочихсон юм. Өглөө нь фэйсбүүк орох гээд ipad-аа асаатал миний мессэнжэрийг уншиж байсан. Мессэнжэр актив болчихсон байна. Тэгээд би ipad-наасаа арга хэмжээ аваад, утсан дээрхээ log out болгоод, гаргачихсан. Тэгтэл над руу залгасан. “Би цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хүндэтгээд, өөрийн зүгээс мэдээллээ өгсөн. Ажлын бус цагаар очоод, утсыг чинь үзье гэхэд нь үзүүлж байхад чи хүний хувийн захидал харилцааны мэдээллийг сөхөж үзсэн байна. Чи яасан даварсан нөхөр вэ” гэтэл “Та хүрээд ир” гэсэн. Очтол “Надад дарга энэ гомдлыг цохож өгсөн. Түргэн шуурхай шийд гэсэн. Ерөнхийлөгчийн тамгын газраас холбогдох ажилтан нь ирээд байна” гэсэн зүйл ярьсан. Өмнө нь надад нэг тохиолдол байдаг.

-Ямар тохиолдол юм бол?

-Ерөнхийлөгч Х.Баттулга байх үед Тамгын газрынх нь дарга Байгальмаагийн гарын үсэгтэй гомдол ирсэн. Орос Монголын харилцаанд сэв суулгасан, үндэсний аюулгүй байдалд хортой үйл ажиллагаа явуулсан гээд твиттерийн Элийрэгч гээд байдаг Ц.Уянгатай хамтатгаад гомдол гаргасан. Тэр нь дараа нь хэрэгсэхгүй болсон л доо. Ямар ч үндэслэлгүй болохоор. Түүнийг сүүлд танилынхаа хүрээгээр тодруулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга түүний талаар ямар ч мэдээлэл байхгүй, тэр гомдол гарсныг ч мэдээгүй байсан. Тэгээд би энэ удаад ч бас хүний өмнөөс гомдчихоогүй байгаа даа. Ерөнхийлөгч нь мэдээгүй байхад доод албан тушаалтан нь даргадаа сайн хүн болох гээд гомдчихсон юм биш байгаа гэж бодоод Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх МУИС-ийн багш, хуульч А.Бямбажаргалтай холбогдох гэтэл утас байдаггүй. Утасгүй хэнтэй ч холбоо харилцаа байхгүй. Төлбөр тооцоо ч хийж чадахгүй байдалтай байна. Хүмүүс намайг алга болчихлоо гэж асуулгаж сураад, хайж гэрт ирж бөөн адал явдал л болоод байна. Хуульч Бямбаатай холбоо барих утасгүй учраас Ерөнхийлөгчийн веб хуудсаар дамжуулаад, хүсэлт бичсэн. Хариу хүлээгээд хоёр хоносон. Энэ хооронд цагдаагийн хошууч А.Лувсанжамц надад “Хоёр зүйлийг шалгаж байна. Нэгдүгээрт, таны утсан дээр ийм зүйл эвлүүлэх аппликейшн байна уу, хоёрдугаарт та хэн нэгний захиалгаар мөнгө төгрөг аваад ийм зүйл хийсэн байж магадгүй” гэсэн. “Тэгээд иймхэн зүйлийг ингэж удаан шалгаж байгаа юм уу. Миний ажил төрөл, амьдрал ахуй зогсоод байна. Хурдан шалга, одоо утсыг минь өг” гэсэн.

-Одоог хүртэл өгөөгүй хэрэг үү?

-Өгөөгүй. Цагдаагийн ажилтан миний хувийн мэдээлэл, захидал харилцаа руу орсон учир би утсаа хаяж гээгдүүлсэн төлөвт оруулчихсан. Тэд мэдээлэл авч чадахгүй болгосон л доо. Тэгээд ipad-аа асаахаар л Хуульчдын гудамжинд таны утас аслаа гэсэн мэдээлэл байнга ирж байна. Одоо болтол миний утсыг өгөөгүй. Ямар нэгэн хариу байхгүй. Тиймээс би надад ийм асуудал тулгарлаа гэдгээ олон нийтийн сүлжээнд тавьсан. Яагаад гэвэл надад өөрийн эрхээ хамгаалах шаардлага үүссэн. Хоёрдугаарт, утсыг минь энэ олон хоног авчихаж байгаа юм чинь зураг хөрөг эвлүүлдэг айхавтар зүйлүүдийг нь суулгаад, өөрсдөө надад зохиомол хэрэг тохох вий гэхээс би айж байна. Намайг мөрдөн шалгаж байгаа байгууллага чинь ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба гээд нөгөө айхавтар мундаг кибернетик хүмүүс байгаа. Тийм үү. Эвлүүлсэн байсан ч тэр хүнийг олж яах гээд байгааг би ойлгохгүй байна. Цагдаагийн алба хаагч надад эвлүүлсэн хүнийг олсон, олоод тогтоогоод уулзчихсан гэсэн. Тэгээд олчихсон юм бол миний утсаар яг яах гээд байгаа юм. Захиалсан байж магадгүй гээд байгаа юм. Хэн нэгнийг бас захиалсан гэж хэрэг тохох вий гэж би хардаж байна.

-Тухайн өдөр тэрхүү зургийг Монголын фэйсбүүк, твиттер хэрэглэдэг бараг бүх хүн л шэйр хийж постолсон шүү дээ. Тэгээд бүх иргэндээ гомдох гээд байгаа юм уу?

-Мэдэхгүй. Тийм л юм байлгүй. Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг нь Дэд сайдын ранктай албан тушаал. Улс төрийн албан тушаал учраас дээд албан тушаалтанд нь хандахаар хариу байхгүй учраас Ерөнхийлөгчийн тамгын газарт нь гомдол гаргахдаа Ерөнхийлөгчдөө танилцуулаад, гомдлоо гаргасан байх гэж би ойлгож байгаа. Тэр зургийг шэйрлэсэн, ямар нэгэн байдлаар постолсон хүн болгоныг шалгах юм байлгүй. Тэнд намайг мэдүүлэг өгөөд байж байхад ширээн дээр нь маш олон хүмүүсийн пост жиргээг хэвлээд тавьчихсан байсан. Тэнд нэлээд олон хүнд гомдсон байх. Ерөнхийлөгч маш олон хүнд гомдоод, цагдаад хэрэг үүсгэж шалгаж өгнө үү гэсэн байна лээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас гэхээр цагдаагийн удирдлагууд чинь бажига авдаг юм байна шүү дээ. Нэн даруй яаралтай шийд гэж доор доорх ажилтандаа цохсон байдаг юм билээ.

-Тан руу цагдаагаас анх залгахад яг хэдэн цаг болж байсан юм бэ. Ажлын цаг дууссан байсан уу?

-Дууссан байсан. Би 20:20 цагийн МИАТ-ийн Улаанбаатар-Сөүл чиглэлд хүн хүргэж өгөхөөр явж байх замд шүү дээ. Тэгэхээр над руу 18:00 цагийн үед залгасан. Надтай хамт явж байсан хүн гэрч шүү дээ. Ажлын цаг дуусч байхад залгаж байгаа юм уу. Цагдаа ингэдэг юм уу гээд гайхаж байсан. Би ч өмнө нь сошиалтай холбоотой таван удаа шалгуулаад, нэг дээр нь Зөрчлийн хэргээр торгуулж байсан юм. Тэр талаар мэддэг хүн учраас одоо ч гэсэн ингээд байдаг юм уу гээд гайхаад асуусан. Одоог хүртэл миний утсыг өгөхгүй байна. Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны хошууч А.Лувсанжамц хүнийг гэнэт холбоо харилцаагүй болгоод, утсыг минь хурааж аваад өгөхгүй байгаад гайхаж байна. Хэзээ өгөх вэ гэхээр ямар ч хариу байхгүй. Бүх хэрэглээг минь хорьчихоод өдөр шөнөгүй миний утас руу нэвтрэх оролдлого хийж байна.

-Энэ чинь бас хувь хүний эрх чөлөөнд халдаж байгаагийн нэг хэлбэр байх даа?

-Тийм л дээ. Сүүлийн 4-5 жил хүний эрхийн зөрчил, ялангуяа үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө маш дордож байна. Энэ нь бүр түгээмэл нийтийг хамарсан шинжтэй. Ганц нэг хүнд тохиолдоод байгаа юм биш. Маш олон тохиолдол бий. Энэ нь ч олон улсад Монголын ардчиллын нөхцөл байдлыг авч үзэх үнэлгээгээр харагдлаа. Монгол Улс ардчиллын индексээр жил тутам ухарч байна. Үгээ хэлсэн залуучууд түрүүчээсээ шоронд сууж байна. Баахан гав зүүсэн залуучуудтай боллоо. Монгол Улсад дайн сурталчлах хориотой байхад, сурталчилж байгаа хүмүүс нь гадуур сул чөлөөтэй, дайныг эсэргүүцсэн нь ял зэм, шорон гянданд хатаа гэж жигшүүлээстэй. Монгол Улсын хувьд энэ маш харамсалтай хэрэг болж байна гэдгийг хэлмээр байна. Монголд байгаа хүний эрхийн байгууллагууд ХЭҮК, Эмнести интернэйшнл, НҮБ-ын дэргэдэх хүний эрхийн байгууллага, ардчилсан орнуудын элчин сайдын яамдад ардчиллын талаарх үнэн бодит байдлыг үргэлжлүүлэн хүргэнэ. Иргэн хүний хувьд надад ямар нэгэн улс төрийн гишүүнчлэл, харьяалал байхгүй. Өөрийн хийж чадах зүйлийг хийсээр байх болно. Хүний эрхийн төлөөх үйл ажиллагаагаа ямар ч үед зогсоохгүй явуулна гэдгээ танай сониноор дамжуулаад “Ногоон хашаа”-ны нөхдөд хэлмээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?