ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХАД RFID СИСТЕМ АШИГЛАЖ, ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛНА

2023-05-08  

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цахим шилжилт, ухаалаг технологи хамгийн чухал юм. Энэ чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажиллалаа.

Өмнөх уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа цахим системүүдтэй танилцаж байсан бол энэ удаад Зам, тээврийн нэгдсэн систем, ялангуяа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын RFID дэд системийн хэрэгжилттэй танилцаж, санал солилцов. Тус газар тээврийн хэрэгсэлтэй холбоотой дараагийн “e-mongolia” болгох зорилгоор Зам, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлж байна. Үүний дэд систем болох RFID бол Улаанбаатар хотын 654 мянган тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, хяналтыг сайжруулах үндсэн зорилготой. Өнөөдрийн байдлаар RFID уншигч 161 шонг байршуулж, туршилтын ажил хийж байгаа бөгөөд оношилгоонд ороогүй, даатгал, татвараа төлөөгүй гэх мэт зөрчилтэй тээврийн хэрэгслийг илрүүлэх "үүрэг" нэмэгдэж байгаа аж.  

Мөн түүнчлэн энэ ондоо багтаж Улаанбаатар хотын иргэд газрын зургийн суурь системийг ашиглах боломжтой болох ажээ. Тус системд нийтийн тээвэр, хүүхдийн автобусны байршил, маршрут, засвартай, түгжрэлтэй зам, зогсоолын мэдээлэл зэргийг бодит цагийн горимоор харуулна. Одоо ашиглаж байгаа googlemap, smartbus зэрэг системээс ялгаатай нь дээрх үзүүлэлтүүдийг газрын зураг дээр дэлгэрэнгүй харуулах тул зорчигч тээврийн хэрэгслийнхээ сонголтыг хийхээс эхлээд маршрутаа бүтнээр нь урьдчилан төлөвлөх боломжтой болох юм.

Байнгын хорооны дарга Э.Батшугар өмнөх уулзалтаар хэлж байсанчлан RFID системийг зам, тээврийн хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулж, түгжрэлийг бууруулахад ашиглах нь илүү үр дүнтэйг онцлов. Лондон, Москва зэрэг хотод гэрлэн дохион системтэйгээ холбосноор замын хөдөлгөөн, уулзварын нэвтрэлтийг бодит цагийн горимоор жигд хуваарилж, түгжрэлийг 20 хүртэл хувиар бууруулсан сайн жишиг олон бий. Нэгэнт багагүй хөрөнгө зарцуулж, гараанаас гаргасан энэхүү системийг илүү ухаалгаар ашиглах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлийг дахин өглөө. Эдгээр ажлууд болон цахим технологийн тусламжтайгаар ухаалаг Улаанбаатарыг бий болгоход Инновац, цахим бодлогын байнгын хороо хууль, эрх зүй, бодлогын талаас идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?