ЕВРОПЫН ХОЛБООНЫ АНХААРАЛД БУЙ МОНГОЛ

2023-05-12  

Францын Ерөнхийлөгч Э.Макрон энэ сарын 22-нд манай улсад албан ёсоор айлчлах тов тодорчээ. 10 хоногийн дараа ирэх түүнийг оролцуулвал Монгол Улс өнгөрсөн сар гаруйн хугацаанд гурав дахь төрийн дээд хэмжээний зочноо угтан авах гэж байна. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот өндөр хэмжээний зочдын хөлд дарагдаж, хамгаалалтын цуваа, зочилж буй орны төрийн далбаа төв талбай дээр намирсан хүндэтгэлийн өдрүүд тасраагүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт өнгөрсөн сарын сүүлээр манай улсад зочилсон. Түүнийг мордсоноос хоёр долоо хоногийн дараа Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Унгарын Үндэсний Ассамблейн дарга Көвэр Ласло гэргийн хамт анх удаа хөл тавив. Мөн Францын Хөдөө аж ахуйн сайд ноён Марк Фену дөрөвдүгээр сарын эхээр албан ёсоор айлчлаад буцсан билээ.

Ийнхүү нэг сарын хугацаанд айлчилж буй зочид бүгд Европын холбооны гурван улсын төрийн өндөр албан тушаалтнууд байсан нь тохиолдлын хэрэг биш гэмээр.

ПОЛЬШ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ДЭМЖИНЭ

Мэдээж улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнуудын айлчлалын зорилго өөр, хамтын ажиллагааны хүрээ ч тус тусын сэдвийг өрнүүлж байсан.

Тухайлбал, Польшийн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын худалдааны форум болж, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодитой ахиц гарах нөхцөл бүрдсэнийг айлчлалын дараа онцлон тэмдэглэж байлаа.

Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин, иргэд хоорондын харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт хоёр улсын төрийн тэргүүн санал нэгдсэн. Мөн Польшийн ерөнхийлөгчийн зүгээс манай улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, энэ чиглэлээр монгол оюутнуудыг БНПУ-д сурган, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж, ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр болсон юм. Мөн айлчлалын үеэр Польш улс манай улсад ЭСЯ-аа албан ёсоор нээлтийн үйл ажиллагаа болсон.

УНГАРЫН ИРГЭД МАНАЙ УЛСАД 30 ХОНОГ ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Харин Унгарын Үндэсний Ассамблейн дарга манай улсад зочилсон нь дипломат харилцаа тогтоосноос хойшхи 70 гаруй жилийн хугацаанд парламентын даргын түвшинд хийж буй хоёр дахь удаагийн айлчлал болсон. Тиймээс ч хоёр орны парламент хоорондын харилцааг идэвхжүүлэхэд томоохон ахиц авчрахуйц айлчлал болсныг олон улс судлаачид дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Монгол-Унгар парламентын бүлгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй айлчлал болсон юм. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгарын Үндэсний ассамблейн дарга Көвэр Ласло нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Манай улсад анх удаа айлчилсан эрхэмсэг ноён Көвэр Ласло “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглээд оюутан солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд анхаарч ажиллана” гэв. Мөн Унгар Улсын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих боломжтой болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг тодотгов.

Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчин, геологи, хөдөө аж ахуй, мал аж ахуй, агаарын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон. Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хадгалахаар болсон.

ФРАНЦТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТАРНА

Харин Францын Хөдөө аж ахуйн сайд ноён Марк Феру манай улсын ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай уулзсаныхаа дараа Төв аймагт зочилсон. Аймгийн засаг дарга болон малчид болон фермерийн аж ахуй эрхлэгч нартай уулзан, “Монбильярд” үүлдрийн хагас эрчимжсэн үнээний аж ахуйтай танилцсан юм. Түүний айлчлалыг хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэх хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилготой хэмээн танилцуулж байв. Цаашид хоёр орны сайд нар малын угсаа гарал болон эрүүл мэнд, газар зүйн заалт, агрономич, малын эмч нарыг сургалтанд хамруулах, бэлчээрийн мал аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхээр болсон хэмээн албан мэдээнд онцлон бичсэн байна.

Ийнхүү Европын холбооноос манай улсыг зорин зочилж ирсэн айлчлалуудын үр дүн, ач холбогдол харилцан өөр байгаа ч нөгөө талаар тэднийг нэг зүйл нэгтгэж буй нь Европын холбоо Азийн Монголыг багагүй сонирхож, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр эрмэлзэж байгааг илэрхийлж буй нь маргашгүй үнэн юм.

Цаасан дээрх дипломат харилцаа 58 жил хэмээн бичигдсэн ч өнө эртний харилцаатай Франц улсын төрийн тэргүүн манай улсад айлчлах гэж байна. Мэдээж урьсан талын уриалгахан зангийн илэрхийлэл болгож айлчлалын үеэр хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх талаар албан яриа явах нь тодорхой. Дөнгөж өнгөрсөн сард Хөдөө аж ахуйн сайд нь айлчилсан учир мэдээж айлчлалын гол сэдэв хөдөө аж ахуйгаас өөр салбарт өрнөх нь тодорхой юм. Манай сонин Францын Элчин сайд Сэбастиен Сүрүнээс ярилцлага авах үеэр тэрээр “Франц улс сэргээгдэх эрчим хүчний салбарт Монголтой хамтран ажиллах сонирхол өндөр. Мөн Монгол Улсын бие даасан байдлыг дэмжих хүрээнд хиймэл дагуулын чиглэлд хамтран ажиллах боломжтой” хэмээн ярилцлагадаа онцолж байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн урилгаар зочилж буй Францын Ерөнхийлөгч бидэнд хиймэл дагуул сансар, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд бодитоор гаргах тодорхой санал ирүүлэх бололтой. Нөгөөтэйгүүр манай хоёр улсын хувьд уран боловсруулах чиглэлд эхлүүлсэн олон жилийн өмнөх хамтын ажиллагаа түр гацаанд орчихоод байгаа. Тиймээс ураныг ирээдүйн эрчим хүчний эх үүсвэрээр байлгах эсэхийг шийдэхэд Э.Макроны манай улсад хийх анхны айлчлал чухал үүрэг гүйцэтгэх юм.

Тэгэхээр сэргээгдэх эрчим хүч тэр дундаа өмнө эхлүүлсэн ураны уурхайг түшиглэсэн эрчим хүчний эх үүсвэрийн талаарх яриа айлчлалын нэг хэсэг байх нь.

Манай улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа Гуравдагч хөршийн бодлогыг тодорхой дурдаж, дэлхийн улс орнуудтай хоёр хөрштэйгөө ижил эн тэнцүү харилцан ашигтай хамтран ажиллах бодлоготойгоо дэлхий нийтэд зарласан байдаг. Өнөөгийн геополитикийн ээдрээтэй нөхцөлд ч гадаад бодлогодоо чамбай байж төвийг сахисан байр суурийг хадгалж байгаа нь бусад улс орнуудад үлгэр болохуйц гадаад бодлоготой хэмээн олон улсад үнэлэгдэж буй. Тэгвэл дэлхийн Их-7-ийн нэг, эртний харилцаат Франц улсын төрийн тэргүүний айлчлалын үеэр хэлэлцэх асуудлаа Эммануэль Макрон ерөнхийлөгчийг ирэхээс өмнө хэлэлцэх асуудлаа нэг тийш болж, геополитикийн шилжилтийн энэ эрчимтэй үед гуравдагч хөршийн найрсаг бөгөөд эн тэнцүү бодлогоо хэрхэн эерүүгээр илэрхийлж, угтан авах нь айлчлалын бэлтгэлийн гол хэсэг байх нь дамжиггүй юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ САЙД ЧЕХЭД АЙЛЧИЛЖ БАЙНА

Европын холбоотой хийж буй эрчимтэй гадаад харилцааны буухиаг үргэлжлүүлж, Монгол Улсын Гадаад. Харилцааны сайд Б.Батцэцэг Чех улсад албан ёсоор айлчилж байна. Тэрээр тус улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Мөн Чех Улсын Сенатын танхимын дарга, Шадар сайд, Үйлдвэр, худалдааны сайдтай тус тус уулзалт хийж, хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх талаар ярилцана. Геологи, уул уурхайн салбарт манай улс өмнө нь чехийн талтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд түүнийг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж,  геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах баримт бичгийг айлчлалын үеэр байгуулна.

Сайд Б.Батцэцэг монгол иргэдтэй мөн уулзалт хийж, иргэдээс тавих хүсэлт, саналын талаар дэлгэрэнгүй ярилцана. Тухайлбал, энэ оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, Чех Улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, тэтгэврийн асуудлаар санал солилцох юм. Бүгд Найрамдах Чех Улсад манай 12 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, оршин сууж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?