ОМАНЫ СУЛТАН ТЕХРАНД "ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ" ХИЙЖ БАЙНА

2023-05-29  

Иран болон Өрнөдийн хооронд удаан хугацааны турш зуучлагч байсаар ирсэн Оманы султан Хейсам бен Тарик Аль Саид Иранд айлчилж байна. Тэрбээр хоёр өдрийн айлчлал хийхээр ням гарагт Техранд хүрэлцэн иржээ. 

Гадаад хэргийн сайд нь "түүхэн" хэмээн тодорхойлсон айлчлалынхаа хүрээнд Оманы султан Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиситэй уулзаж, хэлэлцээ хийжээ. "Техран, Маскат нь бүс нутгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн ард түмний аюулгүй байдал, энх тайван, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэх талаар нийтлэг үзэл бодол баримталдаг" гэж Э.Раиси хэлснийг Ираны төрийн тэргүүний цахим хуудсанд онцолсон байна.

Оманы албан ёсны мэдээллийн агентлагийн мэдээлснээр, талууд харилцан ойлголцлын болон  хөрөнгө оруулалтыг дэмжих тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Султан Хейсам бен Тарик Аль Саид Э.Раисиг Хятадын зуучлалаар Саудын Арабтай харилцаагаа сэргээх талаар яриа хэлэлцээ хийхээр Оманд айлчилснаас хойш нэг жилийн дараа Иранд айлчилж байна. Саудын Араб, Иран долоон жилийн өмнө тасалсан дипломат харилцаагаа сэргээхээр болсноо өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн билээ.  

Султаны айлчлалын өмнөхөн "Asharq al-Awsat" сонин Оманы Гадаад хэргийн сайд Саид Бадр Хамад Аль-Бусаидигийн мэдэгдлээс эш татан мэдээлэхдээ, "энэхүү түүхэн" айлчлал нь "бүс нутаг болоод дэлхийн хэмжээнд үр өгөөжөө өгнө" гэж Оман өөдрөгөөр харж байна гэжээ.

Оман нь Ирантай нягт харилцаатай бөгөөд 2015 онд Иран болон дэлхийн гүрнүүдийн хооронд Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр байгуулахад Иран, АНУ-ын хооронд зуучлалын үүрэг гүйцэтгэсэн юм. "Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө" гэж нэрлэгддэг уг хэлэлцээрт гэрээнд гарын үсэг зурахын өмнө Оман нь АНУ-Ираны нууц яриа хэлэлцээг зохион байгуулсан гэж мэдээлдэг. Энэхүү төлөвлөгөө нь Ираныг цөмийн хөтөлбөрөө хязгаарласны хариуд олон улсын хориг арга хэмжээнээс чөлөөлж байв. 

Эх сурвалж: ТЕХРАН. /AFP/, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?