Х.АЛТАЙ: 70-100 АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДАЖ БАЙСАН НҮҮРС БИРЖ АЖИЛЛАЖ ЭХЭЛСНЭЭР 140-180 АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БОЛСОН

2023-06-02  

2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сараас “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулж экспортод гаргах нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлсэн. Энэ сэдвийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.


-“Монголын хөрөнгийн бирж” одоогийн байдлаар хэдий хэмжээний нүүрс арилжаалаад байна вэ. Он гарснаас хойш нийт 20 сая тн нүүрс арилжаалснаас ердөө 1.5 сая тн-ыг биржээр худалдаалжээ. Гэхдээ энэ нь биет дүн гэдэг нь эргэлзээтэй гэх юм. Энэ үнэн үү?

-Юуны өмнө уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж эхэлсэн нь төр засгаас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх түүхэн шийдвэр болсон гэдгийг онцолмоор байна. Монголын хөрөнгийн бирж 2023 оны нэгдүгээр сараас нүүрсний арилжааг албан ёсоор зохион байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар төрийн өмчийн оролцоотой хоёр, хувийн өмчийн оролцоотой хоёр, нийт нүүрс экспортлогч дөрвөн компани МХБ-ээр дамжуулан нүүрсээ арилжиж байна. МХБ-д бүртгэлтэй худалдан авагчийн тоо 170 -д хүрээд байна. Өнгөрсөн дөрвөн сар гаруй хугацаанд /2023-05-30-ны байдлаар/ нийт 1,5 сая тонн нүүрс арилжсан нь хэдийгээр чамлалттай мэт санагдаж болох ч дөнгөж эхэлж буй биржийн арилжааг зөв голдирлоор нь явуулахын тулд хилийн нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулсан хэмжээгээр нүүрсийг арилжаалж байж худалдан авагчдад амласан хугацаанд, зохих чанар, стандартыг хангасан нүүрсийг хүргэж өгч байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн, зарим нүүрс экспортлогч компаниуд урт хугацааны гэрээтэй худалдан авагчдад нүүрсээ гэрээний дагуу үргэлжлүүлэн нийлүүлэх үүрэгтэй тул тухайн нүүрсийг биржээр арилжаалахгүйгээр шууд нийлүүлж байгаа. Биржийн арилжааны дараа худалдагч, худалдан авагч талууд ажлын долоо хоногийн дотор экспортын гэрээгээ байгуулж, биржид хувийг нь хүргүүлдэг. Тухайн экспортын гэрээгээр хил гаалиар гардаг тул биржээр арилжаалагдсан нүүрс биетээр экспортлогдож байгаа гэж ойлгож болно.

-Биржээр нүүрсээ үнэхээр үнэтэй арилжаалж чадаж байна уу. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа биржээр, ямар үнээр зарав?

- 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 33 удаагийн арилжаагаар 800 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаад байна.

Өмнө нь уурхайн аман дээр тонн тутам нь 70-100 ам.долларт арилжаалагддаг байсан хатуу коксжих нүүрсийг 140-180 ам.доллараар арилжаалж байгаа төдийгүй нүүрсний цахим арилжаа эхэлснээс хойшхи статистик мэдээгээр МХБ-ээр арилжигдсан нүүрсний үнэ дуудах доод үнээсээ 15 хүртэл хувиар өсч, худалдагч компаниудад 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг төвлөрүүлэх боломж бий болгосон байна. Энэ нь улсын эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулсан гэж үзэж байна.

-Манай нүүрсний гол худалдан авагч БНХАУ. Гэтэл ойрын үед худалдан авалт багаслаа гэж дуулдах боллоо. Энэ нь нүүрсний үнэд нөлөөлж байна уу?

-БНХАУ-ын зах зээлд гангийн үйлдвэрлэлийн идэвхжил буурсантай холбоотойгоор сүүлийн саруудад нүүрсний үнэ буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Монгол Улстай хил залгаа БНХАУ-ын Ганцмод боомтод нэг тонн коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд 30 гаруй хувиар буурсан байна. . Нүүрсний үнэ буурч байгаагаас худалдан авагчид харзнах хандлагатай байгаа хэдий ч МХБ-ээр долоо хоног тутамд арилжаа тасралтгүй явагдаж байна.

-Монгол Улс коксжих нүүрсний зах зээлд тоглодог. Манай цорын ганц худалдан авагч урд хөрш нүүрсээ Канад, Австрали, Орос, Индонез гээд олон сувгаас авдаг. Тэгвэл бид энэ зах зээлийн гол тоглогч болохын тулд нүүрснийхээ өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх ёстой вэ?

-Гол нь экспортын гарцаа нэмэх шаардлагатай. Ингэснээр худалдан авагчид тохирсон хугацаандаа, тохирсон чанарын нүүрсийг хүргэж өгөх үүргээ тухай бүрд нь тогтмол биелүүлвэл манай өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

-Оффтэйк гэрээний төлбөрийг биржээр барагдуулж байгаа гэл үү?

-Үгүй ээ. Оффтэйк гэрээний төлбөр биржээр дамждаггүй. Өөрөөр хэлбэл бирж төлбөр тооцоо барагдуулах аливаа үүрэг хүлээдэггүй. Оффтэйк гэрээ гэдэг худалдагч, худалдан авагч тал хоорондоо бараа, үйлчилгээг урьдчилан борлуулах гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр баталгаажсан баримт бичгийг хэлдэг.

-Удахгүй Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнүүд танайхаас салж тусдаа биржээр арилжаалагдана гэсэн үг үү?

-Үгүй ээ. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 59 тоот тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална”, “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж тус тус заасан. Манай хамт олон холбогдох талуудтай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 172 дугаар тушаалаар “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” гарсан. Мөн манайхаас ажлын хэсэг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг журмуудыг шинээр боловсруулж байна. Хэд хоногийн өмнө /2023.05.13-15/ хөрөнгийн биржийн холбогдох мэргэжилтнүүд Энержи ресурс, Эрдэнэс Таван толгой, Таван толгой компаниуд болон, Гашуун ухайт боомтод ажиллаж нөхцөл байдалтай нь танилцсан. Одоо арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох чиглэлээр ажиллаж байна.

-Манай эдийн засгийг авч явдаг уул уурхайн салбарын хувьд биржийн арилжаанд шилжсэний дараах ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ. Он гарснаас хойш нүүрсний борлуулалттай холбоотой эдийн засаг нэлээд өсөлттэй гарсан. Энэ өсөлтөө цаашид тогтвортой хадгалахад биржийн худалдаа том байр суурь эзэлж чадах уу?

-Тэгэлгүй яахав. Он гарснаас хойш төгрөгийн ханш чангарсан.Экспортод гаргах нүүрсний арилжааг хөрөнгийн биржээр арилжаалж эхэлсэн үйл явц үүнд тодорхой нөлөө үзүүлсэн. Цаашид зөвхөн нүүрс биш манай экспортын бусад бүтээгдэхүүн ч биржээр арилжигдсанаар тухайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигт хүрч, тэр хэрээрээ манай улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлээд явна гэж харж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?