Ромын Пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байгаа талаар Ватикан мэдэгджээ.
Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни бямба гарагт хийсэн товч мэдэгдэлдээ, айлчлалыг тус улсын Ерөнхийлөгч болон католик шашны төлөөлөгчдийн урилгаар хийх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хэдэн долоо хоногт өгнө гэжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Ромын Пап Францис Монгол дахь католик сүмийн тэргүүн, Италийн хамба Жиоржио Маренгог Монгол дахь католик шашны анхны их хамба ламаар өргөмжилсөн юм. Маренго өнгөрсөн сард Ромд очсон бөгөөд Паптай уулзаж айлчлалын талаар ярилцжээ.
Францис Монголд айлчилж магадгүй талаараа анх өнгөрөгч хоёрдугаар сард Африкийн орнуудад айлчлаад буцах замдаа Папын онгоцонд сууж явсан сэтгүүлч нарт ярьсан юм.
Монгол нь ердөө 1300 орчим католик шашинтантай ч Хятадтай хил залгаа оршдог учраас Ромын Католик сүмийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой.
Ватиканы “Fides” номлолын үйл ажиллагааны мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 3.3 сая орчим хүн амтай Монголд 1300 орчим адис хүртсэн католик шашинтнууд байдаг аж.
АНУ-ын Төрийн Департаментын мэдээллээр, хүн амынх нь 60 орчим хувь нь өөрсдийгөө шашин шүтлэгтэй гэж тодорхойлдог бол үлдсэн хэсэг нь шашин шүтдэггүй байна.
Шашин шүтлэгтэй хүмүүсийн 87.1 хувь нь өөрсдийгөө буддистууд, 5.4 хувь нь лалын шашинтнууд, 4.2 хувь нь бөө мөргөл, 2.2 хувь нь христэд итгэгчид, 1.1 хувь нь бусад шашныг дагагч гэж тодорхойлдог аж.
Хэдийгээр Монгол дахь католик шашинтнуудын тоо олон орны ихэнх сүм хийдтэй харьцуулахад бага боловч тус улс Ватиканд ихээхэн ач холбогдолтой. Учир нь Монгол Улс Хятадтай хиллэдэг, нягт харилцаатай. Харин Ватикан коммунист дэглэмтэй БНХАУ дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байна.
Католик шашинтнууд цөөнх байдаг газруудад айлчлах нь мөн “дэлхий, нийгмийн гадна орхигдсон” гэж түүний нэрлэж байгаа асуудлууд, хүмүүст анхаарал хандуулах бодлогынх нь нэг хэсэг юм.
Тэрбээр 1.3 тэрбум гишүүнтэй Ромын Католик сүмийн тэргүүний суудалд арван жил залрахдаа Баруун Европын ихэнх нийслэлд очиж үзээгүй байна.
Францис наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Португалд айлчилж, Лиссабонд Олон улсын залуучуудын өдөрт зориулсан үйл ажиллагаанд оролцохоос гадна, Фатимагийн дуганд зочлох юм. Тэрбээр мөн ирэх онд Энэтхэгт айлчилж магадгүй байна.
Эх сурвалж: ВАТИКАН. /Reuters/. , Монцамэ