НЭГ ШӨНИЙН ДОТОР 25 ХҮН УГААРТАЖ, НАЙМ НЬ НАС БАРЖЭЭ

2023-06-07  

-Угаарын хордлогоор нас барсан хүмүүсийн гурав нь хүү хэд байжээ -


Хүүхдийн баярын урьд шөнө буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-ний шөнө нийслэлд олон тооны хүн угаартаж, нас барсан ноцтой хэрэг гарчээ.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Тийм үйл явдал болоогүй” гэсэн тайлбар өгсөн юм. ОБЕГ-аас тодруулахад “Дорнод аймагт айлын гэр шатаж хоёр хүн нас барснаас өөрөөр ноцтой хэрэг гараагүй” гэв. ЦЕГч “Угаарын хордлогоор нас барсан мэдээлэл бүртгэгдээгүй” хэмээн тас нуув.

Бид энэ мэдээллийн мөрөөр Цэргийн төв эмнэлгийг өчигдөр зорьж очсон юм. Тус эмнэлгийн хоёрдугаар давхарт Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв байрладаг. Нийслэлийн хэмжээнд бүхий л хордлоготой холбоотой дуудлага мэдээлэл, өвчтөнүүд тус төвд хүргэгдэж ирдэг. Биднийг явж очсон 15:00 цагийн үед тус төвөөр хөл хөдөлгөөн ихтэй, голдуу цэрэг цагдаагийн хүмүүс угтах ажилтнаас ямар нэгэн үйлчилгээ авч байгаа харагдав.

Харин эргэлтийн хаалган дээр ахимаг насны хоёр хүн сууж харагдана. Тэд хэрэг явдлын талаар дуулаагүй бололтой, дээрх мэдээлэлд өөрсдөө ч цочирдож байв. Сувилагч бололтой тариа барин алхаж явсан залуухан бүсгүйгээс тодруулахад “Лавлаад ирье” гээд тасаг руугаа явж оров.

Нэлээд удсаны дараа гарч ирээд “Угаартсан хүмүүс ирсэн нь үнэн. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” хэмээн явж одов. Нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтантай цөөн хором уулзлаа. Тэрбээр “Манайх батлан хамгаалах салбарынх. Тэгэхээр зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээлэл задлах боломжгүй. Угаарын хордлоготой холбоотой нэгдсэн мэдээлэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр нэгтгэгддэг. Тэндээс асууж болох байх” гэсэн юм.

Үнэхээр ч Цэргийн төв эмнэлэг дээр энэ мэдээлэл нэлээд хаалттай байгаа нь ажиглагдав. Хүн бүр зөвшөөрөлтэй ярина гэх нь хүмүүс олноор угаартаж, эндсэн үйл явдлыг батлах шиг. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьж очлоо. Үүдний угтагч эмэгтэй угаарын хордлогыг хариуцдаг албан тушаалтнуудын оффислодог өрөөг зааж өглөө. Явж орвол дөрвөн хүн сууж байх аж. Тэднээс өнгөрсөн сарын 31-нд угаартсан иргэдийн талаар тодруулахад “Зөвхөн 31-ний угаарын хордлогыг асууж байгаа хэрэг үү. Удирдах албан тушаалтны зөвшөөрөл хэрэгтэй” гэцгээн, нэг нь дарга руугаа утас цохиж зөвшөөрөл хүслээ. Мэргэжилтэн бүсгүй нэлээд тайлбарласны эцэст зөвшөөрөл авч, бид ярилцлага авах эрхтэй болов. Гэхдээ ярилцлагыг тус төвийн Хими, цацрагийн аюулгүй байдлыг хариуцсан Г.Номуунтуул хэмээх мэргэжилтнээр яриулахаар өрөөнийхөн тохиролцов. Ийнхүү бид энэ сарын 31-нд болсон угаарын хордлогын талаар дараах мэдээллийг авлаа.


-Нэг шөнийн дотор олон хүн угаартаж, нас барсан хэрэг гарсан талаар дууллаа. Ийм хэрэг гарсан уу?

-Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний шөнө 25 хүн угаартсан. Тэднээс найм нь нас барсан харамсалтай явдал болсон. Нас барсан хүмүүс дунд таван настай хоёр, 17 настай нэг хүүхэд байсан. Бусад нь насанд хүрэгчид.

-Бусад хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ. Хаана эмчлэгдэж байна вэ?

-Цэргийн төв эмнэлэг дээр 17 хүн эмчлүүлж байгаа. Хоёр нь хүнд, бусад нь биеийн байдал хүндэвтэр байгаа гэсэн мэдээлэл авсан. Угаар гэдэг химийн бодисын хордлого гэж явдаг. Тиймээс Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийнхөн тусламж үйлчилгээ үзүүлдэг шүү дээ. Насанд хүрэгчдийг энэ төв рүү, бага насны хүүхэд нь ЭХЭМҮТ рүү хүргэдэг.

-Угаарын шалтгаан юу байсан юм бол?

-Тавдугаар сарын 31-ний өдөр нийслэл даяар нэлээд бороотой байсныг санаж байгаа байх. Нэлээд сэрүүн байсан учраас айл өрхүүд гэртээ галлагаа хийсэн. Ихэнх нь сайжруулсан түлшээ түлсэн. Бороотой өдөр айл өрхүүд яндангаа аваад, өрхөө бүтээдэг. Сайжруулсан түлш угаасаа үнэргүй, утаа униар нь харагддаггүй болохоор хүмүүс угаартаж байгаагаа мэдээгүй. Дулаан орчихсон болохоор хүмүүс гэрээ галлахгүй байж байгаад гэнэт бороо ороод хүйтрэнгүүт галлаад, гал бүрэн унтарч амжаагүй байхад яндангаа авах зэргээр угаартдаг гэсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?