ЖУУЛЧДЫГ УЛААНБААТАРТ УЯХГҮЙ

2023-06-15  

Монгол Улс энэ жил сая жуулчин хүлээж авах амбицтай байгаа. Мэдээж сайн хэрэг. Гэхдээ  жилийн жилд иймэрхүү “том” тоо амладаг ч эцсийн дүндээ тайлангийн тоо өөр үр дүн харуулсаар ирснийг мартаж болохгүй. Тиймээс улсын эдийн засгаа өөд нь татаж мөнгө олох гол бодлого хэмээн тодорхойлсон “Welcome to Mongolia” уриагаа бодит ажил хэрэг болгох хүлээлт үүсч байна. Хэдийгээр өгөөжийг нь хэлэхэд эрт байгаа ч  агаарын тээврийн либералчлал, аялал жуулчлалын цахим шилжилт, стандарт зэргээр гадны зочдод Монголыг нэг цонхоор таниулах, 36 орны иргэдэд цахим виз олгох ажлуудыг эхлүүлээд байгаа юм. Сүүлийн хэдэн жил цар тахлын нөлөөнд “тушигдсан” аялал жуулчлалын сэргэлтийн эхний ажил болгож агаарын тээврийн либериалчлалыг эхлүүлж буйгаа зарлалаа. Энэ хүрээнд есөн чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин бууруулж байгаа нь зөвхөн гадны жуулчдаар зогсохгүй, монголчуудад ч гэсэн  хүртээмжтэй хямдаар үйлчлүүлэх боломжийг нээж өгөх нь. Ямартаа ч энэ шийдвэр ердөө 10 гаруй хоногийн дараа биелэлээ олно.

Монгол Улс аялал жуулчлалын салбарынхаа стратегийг боловсронгуй болгон шинийг сэдэж, гадны жуулчдын анхаарлыг татах ажлынхаа эхлэлийг орон нутгийн нислэгээр эхлэв. Тодруулбал, төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбарт алдагдалгүй, бас ашиг харахгүй, төсвөөс татаас нэхэхгүйгээр орон нутгийн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж байна гэдгийг Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдлээ. Тэрбээр “Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзний үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого" агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодитой болсоор байна. Орон нутагт нислэг сэргэснээр, хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болж, өндөр настан, нялх хүүхэдтэй, өвчтэй иргэд агаарын тээврээр шуурхай, хямд зорчих боломж бүрдэж байна. Мөн Монголд зочлох жилийн хүрээнд жуулчид орон нутаг руу аялахад саадгүй зорчуулах боломжийг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ихээхэн дэмтэй боллоо” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, замын бартаа саад, ариун цэврийн байгууламж, аюулгүй байдал, тохь тух, цаг хугацаа алдах  нөхцөл байдлаас шалтгаалаад жуулчид тэр бүр орон нутгийг зорих нь хомс байсан бол найман аймаг руу нислэг сэргэснээр аялагчдыг Улаанбаатарт “уяхгүй” байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж нүд тайлах зам нээгдлээ. Аялагчид шуурхай хямд нислэгийн сонголттой болохоос гадна “нутгаасаа” шууд сонирхож буй аймагтаа буух боломж бүрдэх нь. Түүнчлэн Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажил ахицтай явж буй аж.

Ийнхүү орон нутгийн нислэгийг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин бууруулснаар МИАТ ТӨХК  долдугаар сарын 1-нээс эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаамгом, Өлгий  чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай ниснэ. Тодруулбал, Баян-Өлгий чиглэлд хоёр талдаа 1.7 сая байсан тийз 810-902 мянга, Ховд руу 1.5 сая байсан бол 810-902 мянга, Улаангом руу 1.4 сая байсан бол 800-852 мянга, Улиастай руу 1.3 сая байсан бол  633-752 мянга болж байгаа аж. Мөн Даланзадгад руу хоёр талдаа 500-680 мянга, Мөрөн рүү 500-680 мянга, Алтай 733-852 мянга, Чойбалсан руу 537-617 мянган төгрөгний тарифаар ниснэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?