Синдерелла эмнэлэгт филлер тарилга хийлгээд нэг нүд нь сохорчээ

2023-06-26  

Гоо сайхны эмнэлэгт үйлчилгээ авч байгаад хохирсон иргэний өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ. Тухайн иргэн гоо сайхны үйлчилгээ, эмчилгээ сонгохдоо олны танил, инфлюенсер хүмүүсийн реклам зар сурталчилгаанд итгэж, цаашлаад холбогдох найдвартай байдлыг харгалзан Синдерелла клиник эмнэлгийг сонгон үйлчлүүлсэн ч эмчилгээний явцад нүд нь бүрэлзэж, улсын эмнэлэгт яаралтай тусламж авсан ч нэг нүд нь сохорсон харамсалтай үйл явдал болжээ. Тухайн эмнэлэгт филлер хийлгэх явц олон улсын стандартын дагуу яваагүй гэж өмгөөлөгч нар үзэж байгаа аж. Мөн цаашид гоо сайхны үйлчилгээ авах иргэд филлер эмчилгээ хийлгэхдээ анхаарал болгоомжтой байхыг сэрэмжүүлэх зорилгоор мэдээлэл хийж байна гэж тайлбарлалаа.

Болсон үйл явдлыг дэлгэрүүлбэл, 2022 оны 10-р сарын 25-ны өдөр хохирогч 30 орчим настай иргэн Синдерелла клиник эмнэлэгт үйлчилгээ авсан байна. Тухайн иргэн нүд нь доогуураа хөхрөөд байгааг хэрхэх талаар зөвлөгөө мэдээлэл авахаар очиход тухайн клиник филлер тарилга хийлгэхийг зөвлөсөн байна. Ингээд эмчилгээний явцад нүд нь бүрэлзэж, улмаар дотор муухайрч бөөлжих сөрөг үр дагавар илэрсэн учраас Улсын гуравдугаар эмнэлэгт шилжүүлж, яаралтай тусламж эмчилгээг үзүүлсэн байна. Ингээд Улсын гуравдугаар эмнэлгийн дүгнэлтээр баруун нүд нь 99 хувийн сохролттой, цаашлаад зүүн нүдэндээ нөлөөлж магадгүй гэжээ.

Үйлчлүүлэгчийн өмгөөлөгч Г.Минжмаагийн хэлснээр тухайн иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ биед илэрч болох сөрөг нөлөө эрсдэлийн талаар мэдээллийг хангалттай өгөлгүйгээр зөвхөн үйлчилгээнийхээ давуу талыг сурталчилсан мэдээлэл өгдөг нь олон улсын стандарт дүрэмд журамд нийцэхгүй байжээ. Эмнэлзүйн удирдамжиндаа анхааруулах зүйлсийг хэрэглэгчдэд танилцуулдаггүй нь өөрөө үйлчлүүлэгчээ эрсдэлд оруулахад нөлөөлсөн гэж үзэж байгааг хэллээ. Түүнчлэн, филлер тарилга хийлгэх олон улсын жагсаалтад Монгол Улс байхгүй байна. Иймээс Эрүүл мэндийн яам, НЭМГ, мэргэжлийн хяналтын байцаагч нар гоо сайхны эмнэлгүүдэд хяналт шалгалт хийж, олон улсын стандартыг хангуулахы шаардлаа. Тухайн хохирогч иргэний асуудлыг дэлгэсний дараа гоо сайхны хагалгаа хийлгээд хохирсон олон бүсгүйчүүд хандаж байгаа аж.

Тухайн хохирогч иргэн нь 30 орчим настай, хөгжлийн бэрхээлтэй хүүхэд болон ээжийнхээ хамт амьдардаг байжээ. Энэхүү үйл явдлаас болж тухайн иргэн хөдөлмөрийн чадвараа алдаж, амьдралаа авч явах чадваргүй болох эрсдэлтэй болсон байна. Иймд тухайн иргэнийг гадаадад эмчлэх, нэг нүдийг хараатай байлгах эмчилгээний зардлыг нэхэмжлэх, цаашаад шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлэх аж.

Үүнээс өмнө нь Синдерелла клиник эмнэлгийн удирдлагуудыг уучлалт гуйхыг шаардсан юм.

Эх сурвалж: itoim.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ө:Ядаж 50 машин гээч. .УИХ-д дэвшиж баыгаа юм шиг амалдгийн бэ 2023-06-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?