НААДМААС МОРИНЫ УРАЛДААНЫГ НАЙМААС ИЛҮҮ МАШИН ДАГАХГҮЙ

2023-06-27  

Үндэсний их баяр наадам айсуй. Төрт ёсны их баяр цэнгэлээрээ монгол хүн бүхэн омогшиж, бахархаж дэнж хотойтол дэлгэр сайхан наадамлахыг хүсдэг. Тиймдээ ч төрийн их баяр наадмын чимэг болсон эрийн гурван наадмаа үнэн зөв, шударга. Хамгийн гол нь аюулгүй байгаасай гэх бодол хүн бүхэнд бий. Нэг талд баяр наадмыг зохион байгуулах багийнхан нөгөө талд үзэгч түмэн ч нэгэн үзүүрт сэтгэлээр элдэв хэрүүл маргаангүй аюулгүй наадамлаж баярлахыг хүсдэг билээ. Тэгвэл жил жилийн баяр наадмаар сөхөгддөг нэг зүйл бол хурдан морины уралдааны зохион байгуулалт хийгээд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын асуудал юм. Юу гэвэл морьд гарааны зурхайгаас хөдлөв үү үгүй юу “том” автомашинууд дагаад уралдчихдаг гэмтэй. Ялангуяа, хөдөө орон нутагт мориноосоо олон машин барианд ордог нь нууц биш. Ингэж хурдан морьд хоорондоо биш төмөр хүлэгтэй зэрэгцэн давхиснаар тоос шороондоо үзэгдэх орчин хязгаарлагдах, уралдааны дундуур орж өөрийн морио тасдаж хөөх цаашлаад хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол ч гарч байв. Энэ мэт олон эрсдлийг гаргахгүйн тулд хурдан морины уралдааныг зайлшгүй дагахаас бусад автомашиныг хориглох талаар наадамчин олон хүчтэй эсэргүүцсээр ирсэн ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Гэтэл уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хөндлөнгөөс хяналт тавих үүрэгтэй ХЭҮК, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрынхны чиг үүрэгт мориноосоо олон машин дагах нь тийм ч хамааралгүй аж. Зөвхөн хүүхдийн эрүүл мэнд, даатгал, аюулгүй байдлаа хангахад л анхаарах үүрэгтэй гэнэ.

Тэгвэл Засгийн газраас тогтоож өгсөн хууль журмаараа хурдан морины уралдааныг наймаас илүү машин дагахыг хориглодог. Хурдан морины уралдааныг зохион байгуулах салбар хорооноос тогтоож өгснөөр хүн, мал эмнэлэг, цагдаа, хурдан морины салбар хорооны дарга, шууд дамжуулж буй хэвлэл мэдээллийн байгууллага /хоёроос дээшгүй/, даамал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр найман техник л дагах журамтай юм байна. Шаардлагатай тохиолдолд тагнуулын байгууллага дагаж болно. Даамлын хувьд нас насны ангилалд даамал, дэд даамал дагана. Даамлын машинд хурдан морины уралдааныг зохион байгуулах салбар хорооны гишүүд сууж явна. Хурдан морины салбар хорооны даргаар Батлан хамгаалах яамны ТНБД, бригадын генералын Д.Ганхуяг ажиллаж байгаа.

Хурдан морины уралдааныг дагах онцгой эрхтэй найман машин тус тусын үүрэгтэй бөгөөд морин уралдааны үеэр дараах зохицуулалттайгаар ажиллах юм. 

Хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсэг уралдааны замд өртөөчлөн байрлаж, мориноос унасан хүүхэд, замд гэмтсэн моринд, шаардлагатай тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлнэ.


Уралдах морийг гарааны зурхайд урьдчилан аваачих, замаас оруулах, хөөх, саад хийх, уралдаж байгаа морьдыг тосон цулбуурдаж хөтлөхийг хориглох бөгөөд эдгээр зөрчил гаргасан тохиолдолд дүрс бичлэг, баримт нотолгоог үндэслэн тухайн морийг уралдаанаас хасна.


Хурдан морины уралдааныг салбар хорооноос олгосон зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл дагана.


Уралдааныг дагах автомашины тоог найм хүртэл байхаар зөвхөн салбар хорооны дарга тогтооно.


Хэвлэл мэдээллийн хэрэгсэл салбар хорооны зөвшөөрөлтэйгээр уралдаанд саад болохгүйгээр, аюулгүй байдлыг хангаж, 30 метрээс доошгүй зайнаас дагаж нэвтрүүлэг, бичлэг хийж болно. Уралдааны морьдтой хэтэрхий ойртож салбар хорооны, эмнэлгийн болон бусад автомашинд саад болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?