Б.ДАВААБАЯР: БНХАУ-ААС ШАТАХУУН ИМПОРТЛОХ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА

2023-06-30  

БНСУ-ын Газрын тосны газраас Монгол Улсын Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид бензиний хүхрийн агууламжийг тодорхойлогч багажийг өчигдөр хандивласан юм.

Энэ тухай болон шатахуун бензиний нөөцийн асуудлаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Б.Даваабаяртай ярилцлаа.


-БНСУ-ын талаас бензиний хүхрийн агууламж тодорхойлдог багажийг манай талд өгч байгаа юм байна. Үүний ач холбогдлын талаар тодруулахгүй юу?

- Монгол Улсын Сангийн яам, Уул уурхай. хүнд үйлдвэрийн яам БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка хооронд 2022 онд байгуулсан хэлэлцээрээр Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд "Эрчим хүчний эх үүсвэрийн хяналтын тогтолцоо чадавхыг бэхжүүлэх" гэсэн төсөл хэрэгжиж байгаа юм.

Энэ төслийн хэрэгжүүлэгчээр БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар К петро байгууллага ажиллаж байгаа. Тус байгууллага төслийн хүрээнд шатахуун дахь хүхрийн агууламжийг тодорхойлох багажийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өнөөдөр / өчигдөр/ боллоо.

Авто бензиний, дизель түлшний стандарт гэж бий. Энэ нь К2-К5 хүртэл дугаарласан экологийн ангилал байдаг. К2 дээр хүхэр 2,000 РРМ. К5 гэхээр 10 РРМ гээд ангилалтай. Тиймээс бид Монгол Улсад импортоор орж байгаа шатахууны хүхрийн агууламж нь стандартад нийцэж байна уу гэдгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Уул уурхай, газрын тосны төв лабораторид өмнө нь хүхэр тодорхойлдог багаж байсан.

Хүхрийн тодорхой шинжилгээ хийхэд өртөг өндөртэй, гели, хүчилтөрөгч гээд урвалж бодисуудыг хэрэглэдэг байсан бол БНСУ-ын талаас хүлээлгэн өгсөн багаж нь зөвхөн аргоны хийг ашигладаг, өртөг зардлыг бууруулсан дэвшилттэй багаж. Дээрээс нь автомат дээжлэгчтэй. Шинжилгээ хийх дээжээ багаж маань автоматаар соруулаад авчихдаг гэсэн үг. Ийм хоёр давуу талтай тоног төхөөрөмжтэй болж байна.

- Агаарын бохирдолд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол автомашинаас ялгарч байгаа утаа. Үүнийг бензин түлшний стандарттай холбон тайлбарлах хүмүүс байдаг. Зах зээлд худалдаалж байгаа шатахуун, бензин яг стандартаараа байж чаддаг уу?

- Стандартаараа байгаа. Бид стандартад байгаа шаардлагыг хангаж байна уу гэдгийг дээж аваад хяналтаа тавиад ажилладаг.

Зун бол агаарын бохирдол харьцангуй бага. Агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь ангилсан судалгаагаар гэр хорооллын галлагаанаас дийлэнх хувь нь бүрдэж байна гэдэг. Мөн дээр нь авто тээврийн хэрэгслээс тодорхой хэмжээний бохирдуулагч бодис ялгарч байна. Авто бензин хүхрийн агууламжтай байдаг шүү дээ.

Харин "Евро-5" гэдэг нь үйлдвэрийн процесс дээр ахиад нэг дамжлага нэмж байгаа. Ингэж байж РРМ 2000 байсныг 10 хүртэл бууруулдаг. Хүхрээс шаталтын процессын үед агаартай исэлдээд хүхэрлэг хий ялгардаг. Автомашинаас хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцрууд ялгарч байгаа. Шатахуун хүхэр багатай байж хүхэрлэг хий бага ялгарна. Тээврийн хэрэгслээс ялгарч байгаа бохирдуулагч бодисыг бууруулахын тулд цаашдаа бид "Евро-5"-ыг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх зорилготой. Энэ талаар Агаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөр, дээрээс нь Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд зорилтуудаа тодорхойлчихсон. 2023 онд нийт шатахуун дизельд "Евро-5‘-ын хэмжээг 30-35 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна.

- Манайд худалдаалагдаж байгаа “Евро-5” чанараа хэр барьдаг вэ?

- Бидний дээж аваад шинжилж байгаа “Евро-5" стандартаараа л гарч байгаа. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар нийт шатахуун дизельд "Евро-5" шатахууны хувь 25-аас дээш байсан.

Тээврийн хэрэгслээс ялгарч байгаа агаар бохирдуулагч бодис шатахуунаас гадна тухайн машины насжилттай холбоотой. Дутуу шаталт явагдах тусам бохирдуулагч бодис гарна. Бид шатахууныхаа стандарт хүхрийн хэмжээг экологийн ангиллыг дээшлүүлэхээс гадна тээврийн хэрэгслийн насжилт дээр анхаарах ёстой. "Евро-5" таарахгүй

машин гэж байхгүй. Хүхрийнхээ хэмжээгээр л ялгаатай болохоос бусад доторх найрлага физик. химийн шинж чанар нь адилхан. Үйлдвэрийн процессод дахиад нэг дамжлага нэмж байж "Евро-5" гарч байгаа шүү дээ. Тэр нь бас өртөгтэй. Тэгэхээр гадаадаас импортолж байгаа шатахууны үнээс ил үү байна гэсэн үг. Дизель түлшин дээр 50-100 ам.доллар. авто бензин дээр 100-150 ам.долларын ялгаатай.

- Удахгүй Улсын баяр наадам болно. Үргэлжлээд ургац хураалтын улирал эхэлнэ. Шатахуун бензин хомстож болзошгүй гэж яригдаж байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

- Манай шатахууны 90 гаруй хувийг нийлүүлж буй ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэр найм, есдүгээр сард ээлжит засварын ажил хийдэг. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт багасах асуудал гарна. Т иймээс энэ асуудлыг урьдчилж ярьж арга хэмжээ авч байна. Долдугаар сард нийлүүлэлтээ нэмэгдүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Бидний зүгээс татан авалтаа шуурхай зохион байгуулж. нөөцөө бүрдүүлж авъя гэсэн төлөвлөгөөтэй байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлш 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөцтэй, АИ- 92 29 хоногийн нөөцтэй. Нэг ёсондоо нөөц хэвийн байгаа. Мэдээж улсын баяр наадам болох гэж байгаатай холбоотойгоор өнөөдөр Улаанбаатар төмөр зам дээр Зам тээврийн хөгжлийн яам. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, импортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаад ирлээ. Бид долдугаар сард ердийнхөө үеэс захиалгаа нэмэгдүүлж байгаа. Дээрээс нь наадмын урт амралтын өдрүүд тохиох гэж байна. Тиймээс тээвэрлэлтээ шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Оновчтой зохион байгуулалт хийе, ээлжээр ажиллуулъя, шуурхай татан авъя, сэлгээгээ хурдан хийе, шуурхай буулгая гэх мэтчилэн санал солилцлоо. Наадмын өдрүүдээр ирсэн вагонуудаа шуурхай татаж аван тээвэрлэлтийн асуудлыг саадгүй зохион байгуулах тал дээр анхаарч байна. Түүнээс биш цаанаас нийлүүлэлт, хангамж хэвийн байгаа гэсэн үг.

- Шатахууны импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр олон жил ярьж байна. Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц удаашралтай байгаа. Ер нь дотооддоо жижиг үйлдвэрүүд барих нь тохиромжтой гэж эдийн засагчид ярьж байгаа. Энэ тал дээр та бүхэн ямар бодлоготой ажилладаг юм бэ?

- Импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал. Гэхдээ сүүлийн үед үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замын ачаалал маш өндөр байгаа. ОХУ цаашаа Европ тал руугаа янз бүрийн хориг арга хэмжээнд орчихсон. Тэгэхээр бүх худалдаа тээвэрлэлт Ази руу чиглэсэн. Бид өмнө нь ОХУ гэсэн нэг улсаас эх үүсвэртэй юм шиг мөртлөө дотор нь олон үйлдвэрлэгчээс шатахуун авдаг байсан. Тухайн үед гол ханган нийлүүлэгч Роснефть компани 60-70 хувь байсан бол одоо жин нь өсөөд 90 гаруй хувийг нийлүүлж байна. Ангарский манайтай хамгийн ойр үйлдвэр. Цаанаас авъя гэхэд вагонууд төмөр замын ачаалалтай холбоотойгоор ирж чадахгүй байгаа.

Үүнээс гадна БНХАУ-ын талаас авах гээд янз бүрийн гэрээ хэлэлцээр хийж байна. Нэг асуудал бий. Тэр нь Хятадаас нийлүүлж байгаа шатахуун арай өндөр үнэтэй байх гээд байдаг. Орос талтай олон жилийн хамтын ажиллагаа гээд янз бүрийн хөнгөлөлтүүд авсаар ирсэн. АИ-92 гэхэд 2,390 дээр жил гаруй болж байна. Энэ үнэ дээр барихын тулд маш олон ажил хийгдсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өнгөрсөн жилийн долоо, наймдугаар сард өссөн. Тэр үед бас энэ хэмжээндээ л барьсан. Хятадаас авахад арай өндөр. Гэхдээ авах талаар ярьж байгаа.

Боловсруулах үйлдвэрийн ажил үргэлжилж байгаа. 2027 оны үед ашиглалтад орчих болов уу гэсэн хүлээлт төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгвэл бид дотоодын нийлүүлэлтийн 50-60 хувийг хангах боломж бүрдэнэ.

- Бусад эх үүсвэрийн хувьд?

- Бусад улс орнуудаас импортлох гэхээр хоёр хөршийн газар нутаг дээгүүр дамжиж, төмөр замаар явж таарна. Тээвэрлэлтийн зардал л улам нэмэгдэх асуудал бий.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?