ӨӨРСДИЙНХӨӨ СҮҮДРИЙГ ОЛЖ ХАРЪЯ

2023-07-03  

Хамгийн том мөнгө хаана эргэлдэж байдаг вэ. "Майкрософт"-ын бү­тээг­дэхүүнүүдэд үү, эсвэл сүүлийн үед алдагдал хүлээгээд байгаа "То­ёо­то" дээр үү. Аль нь ч биш. Дэлхийн хамгийн том мөн­гөний урсгал хар там­хины бизнест хамаа­рагд­даг. Хэдэн тэрбум ам.дол­ларын хөрөнгө дэлхий даяар эргэлддэг гээд бод доо. НҮБ-аас гаргасан судалгаагаар 2003 онд 321.6 тэрбум ам.доллар энэ бизнест эргэлдсэн гэж байгаа юм. Тэр үед дэлхийн нийт бүтээг­дэ­хүүний эргэлт 36 трил­лион ам.доллар байжээ. Тэгэхээр хар гарын бү­тээг­дэхүүний эргэлт бараг л нэг хувь нь болж байна. Арга ч үгүй биз. Энэ бү­тээгдэхүүний байн­гын хэрэглэгчдийн тоо 50 сая, харин бор­луулалт зөө­вөр­­лөлтөд нь хамрагддаг ам бүл бас сая саяар тоологддог. Дэлхийд биз­нес эр­хэлж байгаа ямар ч то­моохон компани, биз­несийн бүлэглэл том зах зээл рүү орохыг л боддог. Тэр ч утгаараа тэрбум гаруй хүн амтай Хятадад бүхий л нэртэй компаниуд салбараа нээсэн. Хар тамхины бизнесийнхэн энэ уламжлалыг хэрхэн орхих билээ. Хятад бол хар тамхины сүлжээ­нийх­­ний хамгийн том бай.


1997 он болтол Хята­дад хар тамхины хэрэг илэрдэггүй байсан гэгд­дэг. Хууль цагдаагийнхан эл хэрэг рүү анхаарлаа хандуулаад эхэлтэл ер­дөө хоёрхон жилийн до­тор бүх мужийн нь гурав­ны хоёрт хар тамхитай холбогдсон хэргүүд бүрт­гэгдсэн гэж байгаа. Одоо БНХАУ хар тамхины хэ­рэгт хамгийн их анхаарал тавьдаг бас хамгийн хатуу шийтгэл оногдуулдаг орон гэдгээрээ онцгойрох болжээ. Тэд хилээр нь хар тамхи зөөвөрлөөд орж ирэхийг завдсан хэнийг ч өршөөхгүй гэдгээ нэгэнт зарлачихсан. Үнэндээ энэ улсын түүх тэдэнд тэгж хандахаас өөр арга­гүй дархлааг суулгачих­сан юм.

Харин үүнийг нь цөөхөн монголчууд бид яс махандаа суутал мэдэрч авмаар байна. Бид цөө­хүүлээ. Гэтэл цөөхүүлээс маань шороон түмэн хя­тадад хар тамхи хүргэж өгөх буруу гарын бизнест орооцолдож амьдра­лаараа, амиараа хохирч байгааг зөвтгөх арга алга.

Хятадууд өөртөө за­сах орнуудынх нь тусгаар тогтнолын тухай ярихад ямар эмзэг ханддаг билээ. Хар тамхины асуудал түү­нээс ч илүү хөндүүр цэг нь гэдгийг хөрш мон­голчууд бид ойлгох цаг болжээ. Дэлхийн түүхэнд Хар тамхины дайн I, II гэж тэмдэглэгдэн үлдсэн байд­гийн аль алиных нь золиос Хятад гүрэн болж байсан байдаг. Эхний дайн нь 1839-1842 онд, дараагийнх нь 1856-1860 оны үед хамаардаг. 1600-гаад оноос эхэлсэн Ази, Европ тивийг хол­босон худалдаа наймаа улам бүр өргөжсөөр 1800-гаад он болоход цагаан арьстнуудад дор­нын ахуйг шингээсэн ба­раа бүтээгдэхүүнийг ца­гаан хороор сольдог байдал газар авсан бай­сан гэдэг. Хүн ард нь цагаан хорыг суунаг­луу­лан татаж, асуудалд эрүү­лээр хандагсад элбэг бус болсон байв. Манжийн Чин гүрний албатууд боомтоор орж ирж буй бараа таваарт хяналт тавьж эхэлсэн нь өөрс­дийгөө л аврах гэсэн арга байсан нь мэдээж. Гэвч колони Энэтхэгээсээ хар тамхи авчран том зах зээлд шахдаг англичуу­дад энэ нь хэрхэн таа­лагдах билээ. Тэр үед Англи бол дэлхийд нэгдү­гээр гүрэн байсан. Тий­мээс цэргийн хүчээр ша­халт үзүүлж гэрээ бай­гуулж авсан нь Нанжин­гийн болоод Тянжингийн гэрээ гэгддэг. Өөрсдийн дураар хар тамхийг Хята­дын боомтуудаар оруу­лах эрхтэй болсон тэд энэ л үед Хонконгийг 99 жи­лээр эзэмших эрхээ олж авсныг нурших хэрэггүй биз ээ.

Нэгэн үндэстнийг хү­чээр доромжлон хүн ар­дыг нь хордуулах эрхтэй болсон энэ явдал өдгөө эртний хүмүүсийн тэнэг­рэл мэт бодогдож байгаа биз ээ. Гэвч тухайн үед улс орнуудын харилцаа ийм л зүйл дээр тогтож байлаа. Нэг талд орлого олох гэсэн хүмүүсийн золиос болсон хятадууд бүхэлдээ хар тамхинд ууссан байсныг бид ч гэсэн өөрсдийнхөө түү­хээс хайвал санаж чадна. Хувьсгалын өмнөхөн Мон­голд амьдардаг дан­жаадууд хар тамхи яаж татдаг байсныг дүрслээ­гүй уран зохиолын бүтээл ховор. Бас тэднийг дагаж амьдардаг хүрээ хүүх­нүүд хүртэл хар тамхинд ороод Хүрээний хогон дээр амиа тавьсан тухай ч зохиолд өгүүлдэг. Тэгэ­хээр Хар тамхины дайн тэднийг ингэж золиос­лосон гэдэг нь харагдаж байгаа байх.

Магадгүй ингэж цу­сан­даа ясандаа шингэ­тэл хар тамхины гайг мэ­дэрчихсэн болохоор хя­тадууд хар тамхины хэ­рэгт холбогдогчдод өр­шөөл­гүй ханддаг байж болох юм. Бас цусанд нь удамшсан адын чанар нь нөлөөлж зарим нэг нь татсаар байдаг болохоор хэрэглэгч нь тодорхой зах зээлд тооцогддог ч биз.

Түүх ийм байхад хар тамхинд "аллерги"-тэй хятадуудад гувшааг нь зөөж амьдралаараа хо­хир­мооргүй байна. Сүү­лийн жилүүдэд Хятадын хил дээр хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүсийн тоо эрс өслөө. Ж.Дамдин гэдэг эр ба­ригдаж, цаазын ял сонс­сон гэнэ. Дөрвөн хүүх­дийн ээж Байгалмаа бүс­гүй насаараа Хятадын шоронд суух боллоо. Тэ­дэнд хар тамхийг нь зал­гиулж хил гаргадаг гэнэ. Оюутан охин ийм хэргээр баригдлаа, идэр насны шижигнэсэн дөр­вөн залуу ходоодондоо хар тамхи­тай баригджээ. Бүр залх­маар шархир­маар мэ­дээл­лүүд ар араа­саа хөв­рөх болж бай­на. Тэдний араас ша­налсан эцэг, эх, хань ижил, үр хүүхэд нь ну­лимсаа барна. Хэрэв тэд­ний буруутай нь тог­тоогд­вол хатуу хууль цааз­тай хятадууд хуулиа л дагана шүү дээ. Энэ сарын 10-ны өдөр гэхэд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 65 настай япон өвгөнийг цаа­заар авчих­лаа. Одоо да­хиад гурван япон ийм ялтай өдрөө хүлээж суу­гаа гэсэн.

Тэгэхээр бид хүний хууль ийм хатуу гэхийн оронд өөрсдийнхөө сэт­гэлгээг эхлээд өөрчил­мөөр санагдаж байна. Бид дэлхийн бусад улс үндэстэнтэй харьцуу­ла­хад хар тамхины хөнөө­лийг тэгтэл мэдрээгүй ул­сууд. Тиймдээ ч хэдэн жилийн өмнө Монголд болсон дуулиант хар там­хины хэргийн дараахан манай урлагийнхан хэв­лэлийн хурал хийлгээд "Ямар хүн алсан биш. Ийм олон жилийн ял өгөөд байхдаа яахав" хэмээн шүүгчдийг бу­руут­гаж байсан билээ. Бас сонгуулийн өмнөхөн Ерөн­­хийлөгч нь хүртэл олны таалалд нийцүүлэ­хээр эл хэргээр ял эдэлж байсан дуучин Х.Лхагва­сүрэнд уучлал үзүүлсэн. Манайд хар тамхины та­лаар дээрээсээ эхлээд нийтээр иймэрхүү хайнга хандлагатай байгаад цэг тавих нэгэнт болжээ. Хү­ний сүүдэрт орохоос өр­сөж өөрсдийнхөө сүүд­рийг олж харъя.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?