ГОЛЫН УСНЫ ТҮВШИИН НЭМЭГДСЭЭР БАЙНА

2023-07-06  

 Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

Энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж буй тул Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Барх, Хурх, Балж, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж байна. Мөн Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Хөгшин Орхон зэрэг гол үерийн түвшинг 15-40 см, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж гол үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж буй.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэргийлэн сонор сэрэмжтэй байж,  эрэг хөвөөнд бууж суурьшихгүй байхыг сануулж байна. Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Өнөө шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?