С.ЧУЛУУН: МОНГОЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ӨМНӨ МОНГОЛ ДАХИН ГАРЧ ИРЭХ БОЛОМЖ ЮМ

2023-08-10  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуунтай ярилцлаа.

-Та Олон Улсын Монгол Судлалын Холбоог товч танилцуулах уу?

-Монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлыг 1959 онд Улаанбаатарт зохион байгуулжээ. Монгол Улс хүйтэн дайны тэр үед дэлхийн хоёр системийн нэгд нь багтаж байсан. Монголын Шинжлэх ухааны академийн дэргэд 1970 онд академич Б.Ширэндэв гуайгаар ахлуулсан хэл бичгийн эрдэмтдийн Их хурал зохион байгуулах байнгын хороо байгуулсан байна. Байнгын хороо хэд хэдэн удаа хурал зохион байгуулсан юм. Харин 1987 онд болсон Монголч эрдэмтдийн 5 дугаар Их хурлаас Олон Улсын Монгол Судлалын Холбоо (ОУМСХ)-г байгуулж, тухайн үеийн Сайд нарын зөвлөл албажуулж тогтоол гаргажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрөөс ОУМСХ-г анх байгуулсан, одоо ТББ-ын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бие даасан байгууллага юм.

ОУМСХ-нд дэлхийн 40 шахам орны 600 гаруй судлаачид гишүүнчлэлтэй байдаг. Дэлхийн Монгол судлаач эрдэмтдийг мэдээллээр хангах, хамтын ажиллагааг өрнүүлэх, улмаар Монгол судлаач эрдэмтдийг төрөөс дэмжих бодлого, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой. Ерөнхийлөгчөөр нь одоо  Бирталан Агнеш (Унгар) ажиллаж байна. Ер нь ерөнхийлөгчөөр нь О.Латтимор (АНУ), Шигэо Озава (Япон), К.Закастер (ХБНГУ) зэрэг нэрт эрдэмтэн ажиллаж байжээ. Ерөнхий нарийн бичгийн даргаар нь нэрт эрдэмтэн Ш.Бира гуай 20 жил ажилласан, мөн академич Д.Төмөртогоо гуай олон жил ажилласан байдаг.

-ОУМСХ нь Их хурал зохион байгуулахаас гадна өөр ямар хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?

-Их хурал зохион байгуулахаас гадна ОУМСХ жил бүр Ази, Европын аль нэг улсад Монгол судлалын бүс нутгийн хурал зохион байгуулдаг болсон. Бээжин хотод 2017 онд “сурвалж бичиг”-ийн, Токио хотод 2018 онд “20 дугаар зууны Монголын түүх”-ийн, БНСУ-д 2019 онд “Соёлын өв”-ийн асуудлаар бүс нутгийн хурал зохион байгуулж байлаа. Мөн Европт Унгарт “Бурхны шашин”-ы, Польшид “Монголын түүх соёл”-ын, ОХУ-ын Санкт-Петербургт “Архивын баримт сурвалж бичиг”-ийн тухай бүс нутгийн хурлууд зохион байгууллаа. Энэ бол ОУМСХ өнгөрсөн 5 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж ирсэн арга хэлбэр, зарчим нь байгаа юм.

-Монгол судлалын үндэс нь манай түүх, хэл бичгийн судалгаа гэж хардаг. Өнөөдрийн монгол судлал одоо хаана хүртэл хөгжөөд байна вэ?

-Үнэхээр Монгол судлал дэлхийд үүссэн хөрс нь эх хэл, түүх хоёр байгаа юм. Энэ хоёр бол саяхныг хүртэл үндэс суурь нь болж ирсэн байдаг. Монгол хэл бол дэлхийн хэл судлагдахуун, түүх бол хүн төрөлхтний түүхийн нэг хэсэг. Монгол Улс дэлхийд 1990 оноос нээлттэй болсноор гүн ухаан, хууль эрх зүйг судлах болж судалгаа улам өргөжсөн юм. Ингээд монголч эрдэмтдийн Их хурлыг утга зохиол, нийгэм, эдийн засаг, гадаад бодлого, соёл уламжлал гэсэн чиглэлүүдээр өргөжүүлэн зохион байгуулдаг болсон байгаа. Гэхдээ түүх, хэл хоёр илүү жин дарж байгаа нь хэвээрээ. Учир нь хүн төрөлхтний түүхэнд монголчууд хамгийн том эзэнт гүрнийг байгуулж явсан шүү дээ. Хэл бол алтай язгуурынх, Зүүн хойд Азийн бүс нутагт том байр суурьтай. Энэ утгаараа Монголыг судлахын үндэс нь ооны хоёр эвэр шиг хэл, түүх хоёр юм. Энэ хоёр монгол судлалын ноён нуруу болж байгаа гэж үздэг.

-Монгол Улс бүрэлдэхүүнд нь багтаж байсан социалист системийн үед хэлийг гол төлөв судалжээ. Монголын эзэнт гүрний төрийн бүтэц, төр барих дэг ёс хэр зэрэг судлагдсан байдаг юм бэ?

-Дэлхийн улс орнуудын Монгол судлалын судалгааны чиглэлүүд янз бүр байдаг. Унгарт монголчуудын сүсэг бишрэлийг судалдаг дэг сургууль тогтсон байх жишээтэй. Тэд бурхны шашин, бөө мөргөлийг илүүтэй үзнэ. ОХУ-ын Санкт-Петербургт гэхэд сурвалж бичиг архивын баримтыг илүү судална. Япон улсад бол монголын угсаатны зүй, Монгол нутаг дахь хад, чулууны бичээс, эзэнт гүрний түүхийг судалж байна. Харин Хятадад Монголын дундад зууны болон нэн эртний түүх, Манж Чин улстай холбогдох түүхийг илүүтэй судалдаг байх жишээтэй. Цаашилбал, манай Монголын эрдэмтэд Монголын нууц товчооны судалгааг түлхүү хийсэн байна. Мөн 1990 оноос нээлттэй болсны дараа эзэнт гүрний судалгааг илүү хийж байгаа. АНУ-ын эрдэмтэд Монголын эзэнт гүрэн, Юань улс, Манж Син улсын нийгэм, эзийн засаг тухайн төрийн бүтэц, тогтолцоог илүү судалдаг. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д Нууц товчоо судлал хүчтэй хөгжиж байгааг бас энд тэмдэглэх нь зүйтэй байх.

-Гадаадын эрдэмтэд яагаад Монголын эзэнт гүрний төрийн бүтцийг судалдаг юм бол...

-Хятадын эзэнт гүрнийг Монголын эзэнт гүрэн, Манж Чин улс хоёр захирч байсан учраас тэдний төрийн бүтэц тогтолцоог судлаад байгаа юм. Японы эрдэмтэд Манжийн төрийн түүхийг илүүтэй үзнэ. Манж-го улсыг япончууд байгуулж байсан учраас илүү судлаад байгаа юм. Английн эрдэмтэд гол төлөв сурвалж бичиг, нийгмийн хүн судлалыг судалдаг. Франц, Чехийн эрдэмтэд Монголын утга зохиолыг илүү судална. Тэгэхээр тухайн улс орнуудад монгол судлалын өөрийн тогтсон дэг сургууль байгаад байгаа биз?

-Монгол судлал тал бүрд янз бүрээр хөгжиж байгаа юм байна. Тэднийг нэгтгэж зангидаж өгч байгаа нь Монгол Улсад болдог Монголч эрдэмтний Их хурал уу?

-Монгол судлалын ертөнцийн нэгдэл, Монгол судлалын төв нь Монгол Улс гэдгийг Их хурал хүлээн зөвшөөрүүлж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. Монгол Улс өөрийн үндэсний монгол судлалын том судлагдахуунтай. Монголд нүүдлийн соёл иргэншил байгаа нь, монгол нутагт байгаа бичиг үсгийн дурсгалууд, бидний түүх тэр эрдэмтдийг нааш нь татаад байгаа хэрэг.

-Их хурлын энэ удаагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүний онцлогийг хэлэх үү?

-Монголын соёлыг тодорхой хэмжээнд хадгалж байгаа Узбекистан, Киргиз, Казахстаны судлаачид ирж байгаа. Энэ улсуудаас урьд өмнө нь болж байсан Их хурлуудад тэр болгон төлөөлөгч ирж байгаагүй юм. Бас Европт 1990 оноос хойш сулраад байсан Унгар, Англи, Герман, Чех, Польшийн сургуулиудаас монгол судлалыг дахин сэргээсэн гол төлөөлөгчид оролцоно. Түүнчлэн Оксфордын их сургууль, АНУ-аас бурхны шашин судлалын томоохон эрдэмтэд мөн энэ хуралд ирж байгаа. Эдгээр нь энэ удаагийн Их хурлын оролцогчдын онцлог нь байх болов уу даа...

-Олон талын судалгаа байдаг юм байна. Монголын бурхны шашин ямар хэлбэрээр судлагддаг юм бол?

-Монгол судлалд монголын бурхны шашин бие даасан төрөл мөн. Монголын бурхны шашныг Төвөдийн бурхны шашны дамжлага гэж хардаг байсан. Одоо харин дэлхийн шашин судлалд Монголын буддизм гэдэг нэр томьёо бий болж чаджээ. Тийм учраас Ази, Европт болж байгаа бурхны шашны хурлын том хэсэг нь Монголын бурхны шашны талаар байдаг болсон байна. Монголчууд хэдийгээр Төвөдөөр дамжуулж бурхны шашныг авсан ч Монголын гүн ухаан, урлаг, нүүдлийн соёл иргэншилтэйгээ яв цав нийцүүлж энэ шашныг хөгжүүлж чадсан байгаа юм. Тухайлбал, Овоо тахилгыг одоо хараад бурхны шашны зан үйл үү, бөөгийн зан үйл үү гэдгийг ялгаж салгахад жирийн хүнд хүндрэлтэй болжээ. Энэ бол бурхны шашныг монголчууд хөгжүүлж чадсан байгааг харуулна. Бурхны шашин судлал дээр Унгарийн Кристина Телеки зэрэг Европоос сүүлийн үед залуу судлаачид их гарч ирэх болсон доо. Тэд монгол, төвөд, европын хэлийг бүгдийг эзэмшиж цогцоор нь судалж байгаа. 

-Монгол Улсын олон улсын харилцааны бодлого ямар хэмжээнд судлагдсан байдаг вэ?

-Монголын гадаад харилцааны судалгаа цоо шинээрээ байгаа гэж хэлж болох салбар. Үзэл суртлын ханыг нураасны дараа 1990 онд хүн төрөлхтөн Монголыг, тэр дотроо Монгол Улс дэлхийн ямар улсыг түших нь вэ, гадаад бодлого нь яаж явах нь вэ, хөрш ОХУ, БНХАУ-тай яаж харилцах нь вэ гэдэг байдлаар илүүтэй сонирхож эхэлсэн. Монгол Улс хоёр хөршийнхөө том ай сав дотор яаж оршин тогтнож байна вэ гэх мэтээр. Монголын гадаад харилцаа миний ойлгож байгаагаар сүүлийн 30 жилд хамгийн бага алдаа гаргасан салбар. Энэ нь гадаад бодлогын уян хатан чанар, либералчилал, энхтайвнаар зэрэгцэн орших шинэ орчин бий болгож чадсантай холбоотой. Мөн ахмад дипломатчдын гаргасан хүчин чармайлт нөлөөлсөн нь ойлгомжтой.

Монгол Улс олон улсын байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагаанд онцгой байр суурьтай байдгийг та бүхэн харж байгаа шүү дээ. Харилцаа нь маш уян хатан, дээрээс нь хэлэхэд дэлхийн өндөр дээд хэмжээний айлчлал манай улсад болж байна. Бусад бүс нутгийг аваад үз л дээ ийм зүйл байхгүй байна шүү дээ. Монголын гадаад бодлого, гадаад харилцаа нь дэлхий ертөнцийн анхаарлыг яалт ч байхгүй татаж байна.

-Олон улсын монгол судлалын залгамж халааны талаар та юу хэлэх вэ?

-Европын эрдэмтэд монгол судлалыг яаж анхаарч байгааг манай төрийн бодлого тодорхойлогчид ойлгож авч үзмээр байгаа юм. Азийн монгол судлаачдын хандлагыг ч бас. АНУ, Канадын үндэстэн дамнасан эрдэмтэн судлаачдыг харах юм бол бас нэг өөр дүр төрх гарч ирнэ. Манай гадаад бодлогынхон бусад улсын судлаачдын судалгаатай холбогддог. Гэхдээ нарийвчилсан судалгааг нь анхаарч байна уу, үгүй юу гэдийг бодох хэрэгтэй. Тэр судлаачид манайхыг хөндлөнгөөс яг харж чадаж байгаа. Тухайлбал, юун дээр яаж байр сууриа илэрхийлэв гэдгийг тэд хэлж өгнө.

Монголын гадаад харилцааны түүхийг судалсан нэрт эрдэмтэн, Энэтхэгийн Ж.Неругийн Их сургуулийн профессор Шарад Сони энэ Их хуралд оролцоно. Мөн 20 дугаар зууны эхэнд Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутагт хэрхэн бие даасан Монгол Улсыг байгуулж чадсан бэ гэдгийг судалсан японы эрдэмтэн Наками Тацуо өөрөө ирж байгаа. Зөвлөлт Холбоот Улс, БНМАУ хоёр яаж харилцаж байсан харилцаа, Коминтерн ба манай улс хоёрын харилцааг судалсан том эрдэмтэн. Тэгэхээр энэ удаагийн их хурлын сэдэв болгон сонирхолтой байна. Мэдээж илтгэлүүдэд маш өндөр шаардлага тавьсан л даа. Тэр олон жилийн судалгаа хийсэн эрдэмтэд тодорхой хэмжээний судалгаатай бүрэлдэхүүн, багт илтгэлээ хүргэх гэж хүснэ биз дээ. Алдаа оноо мэдээжийн хэрэг байгаа байх. Гэхдээ цаашдаа Монгол судлалын их хурал тасралтгүй үргэлжилсээр байх болов уу гэж бодож байна.

-Танд энэ их хурлын үеэр хэлчих юмсан гэж бодож санасан зүйл байгаа даа...

-Монгол судлаачдад Монголд судалгаа хийх боломжийг нь манай төрөөс өгөх хэрэгтэй. Гэтэл Монголын эрдэмтэд монгол судлаачтай хамтраад архивын материал, сурвалж бичгийг хэвлэн нийтэлж олны хүртээл болгож, дэлхий дахинд Монголын түүхийг гаргах гэхээр манай зарим судлаач эсрэг байр суурь баримталдаг.

-Арай үгүй байлгүй дээ. Хүнд хүргэхгүй бол тэр чинь судлагдахгүй биз дээ...

-Ил гаргахгүй бол таны авдар дотор юу байгааг хэн мэдэх юм бэ. Хүн үзэж судалж, үнэ цэнтэйг нь мэдэхгүй юм бол надад нэг үнэтэй юм байна гээд яваад байх нэмэр байх уу? Түүнтэй яг адилхан юм шүү дээ. Түүхийн баримт материалыг хүнд үзүүлэхгүйгээр юу болох вэ? Чингис хаан музейн 10 мянган үзмэр багтах байшин барьж өөр өөрийн танхимтай болохоос өмнө энд тавигдсан ихэнх үзмэрүүд чинь байшингийн хонгилд байсан шүү дээ. Тэр зүйлүүд хүний нүдэн дээр ил гараад ирэхээр өдий төдий орны хүмүүс ирж үзэж, сонирхон судалж байгаа биз...

-Ийм байр суурин дээр байгаа судлаачдыг яаж ойлгох учиртай юм бол...

-Хэвлэж нийтлэх, олны хүртээл болгох явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хөгжөөгүй судлаач гэж хэлнэ. Дэлхий нийттэй хөл нийлж чадахгүй байна. Манайхан 1990 оноос өмнө гадаадынхныг тагнуул гэж хардаг байсан. Яг тэр сэтгэлгээгээрээ одоо хүртэл байгаа судлаачид манайд байдаг. Ер нь өөрөө өөрсдийгөө боомилоод хөгжихгүй байгаа судалгаанууд Төв Азийн улсуудад бий. Гэтэл нээлттэй болсон Англи, Японы архив, номын сангаас интернэтээр ороод дуртай зүйлээ татаж авч болно. Яагаад гэвэл тэр бүхнийг судалгаанд хэрэглэдэг юм. Тухайлбал, 200 жилийн өмнөх Манж Чин улсын үеийн баримт материал судалгаанд орж байж хүн сонирхоно. Түүнээс аль нэг байшингийн буланд хэвтэж байгаа зүйлийг хэн ч тоохгүй. Энэ бүхэн судалгаанд орсноор Монголын түүхийг ойлгох, түүхийн нэг зүйлийг илрүүлж харах алхам болно. Дэлхийн улс оронд хэдий чинээ нээлттэй судлах таатай орон болно, тэр чинээгээр Монголыг зөв ойлгох хүн нэмэгдсээр байх болно. Монголыг зөв ойлгох нь хүн төрөлхтний өмнө Монгол дахин гарч ирэх боломж юм аа.

-Монголч эрдэмтний 12 дугаар их хурлын зорилго, ач холбогдлын талаар эцэст нь товч тэмдэглэх үү?

-Их хурал болохдоо нэг том сэдвийн дор болдог уламжлалтай. Энэ удаагийн хурал “Монголын энхтайван ба түүхэн туршлага” сэдэв дор болж байна. Хүн төрөлхтөнд энх амгаланг тогтоож хамгийн хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан цаг үе монголчуудад бий. Тэр цагаас хойш хэдийгээр дотоод гадаадын зөрчил тэмцэлд идэгдэж, харийн эрхшээлд орж байсан ч монголчууд 20 дугаар зуунд өөр хоорондын зөрчил тэмцлийг даван туулж энх амгалан, ардчиллыг бий болгож чадсан байна. Дэлхийн хамгийн том эзэрхэг гүрнүүдийн дунд өнөөдөр ч ардчиллын зарчимтай, өөр хоорондын дотоод зөрчил байхгүй сонгодог энх тайванч байдлыг хадгалж байгаа улс. Энэ бол Хүннү, Монголын эзэнт гүрний үеэс улбаалж ирсэн үзэл санаа байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш өнгөрсөн жил манай улсад айлчлахдаа “Монгол бол дэлхийн энх амгалангийн бэлгэ тэмдэг болсон улс” гэж хэлсэн. Ингэж хэлсэн нь дээрх миний хэлсэнтэй холбоотой байж магадгүй. Энэ удаагийн Их хурал дээрх урин дор болно. Ковид гараад хөл хориотой байсан сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрийн эрдэмтэн судлаачид ямар шинэ зүйл олов. Мөн ямар шинэ судалгаа хийв, ямар шинэ бүтээл гаргав, өөр хоорондоо шинжилгээ судалгааны хамтын ажиллагааг ямар хэлбэрээр өрнүүлэв гэдгийг авч үзэх нэг ёсны тайлан болно. 

Эх сурвалж: Монцамэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?