КРЕМЛИЙН ЭЭЛЖИТ СОЛИОРОЛ

2023-08-16  

Орост эзлэгдсэн Крымийн хойгийн усан паркийн ажилтан гурван эмэгтэй ажлын байран дээрээ Украины поп од Верка Сердючкагийн “Гулянка” нэртэй дууны аянд бүжиглээд бурууджээ. Уг дуу нь “Хэрвээ бид ингэж цэнгэж байгаа бол Украин хараахан сөнөөгүй гэсэн үг” гэсэн утгатай үгтэй, цоглог аятай дуу юм. Оросын талыг баримтлагч Телеграм хуудас тэдний бүжиглэж буй бичлэгийг анх нийтэд “Усан паркийн ажилтнууд ингэж байгаа нь болж байгаа юм уу?” гэсэн тайлбартай тараажээ.

ОХУ-ын дотоод хэргийн яамны Крым дэх салбар удалгүй 19, 20, 26 настай гурван эмэгтэйн уучлал гуйж буйг харуулсан дүрс бичлэгийг тэдний царайг бүдгэрүүлэн нийтэлсэн байна. Ингээд тэднийг “Зохисгүй утга агуулгатай Украин дууны аянд олны өмнө бүжиглэсэн” гэж буруутгаад нийт 15,000 рублиэр ($150) торгосон тухайгаа мэдээлжээ. Дараа нь бүжгийн бичлэгийг анх нийтэд дэлгэсэн Телеграм хуудас гурван эмэгтэйгээр Путиний тухай дуу дуулуулж буйг харуулсан дүрс бичлэгийг царайг нь бүдгэрүүлэлгүйгээр нийтэлсэн байна. Анх 2014 онд зохиогдсон “Владимир Путин бол аугаа хүн” хэмээх нэртэй уг дуу “Владимир Путин бол аугаа хүн. Тэр бол улстөрч, удирдагч, тэмцэгч. Улс орноо хөл дээр нь босгосон ерөнхийлөгч. Путин Оросыг худалдаагүй” гэх мэт солиотой үгтэй бөгөөд анх юм ойлгохгүй, насанд хүрээгүй хүүхдээр дуулуулсан ч нийтэд алдаршаагүй юм.

Эрх баригчдын эсрэг үйлдэл, үг хэл гаргасан хүмүүсээр камерын өмнө уучлал гуйлгаж, жигшээдэг аргыг Кремлийн тавиул Рамзан Кадыров анх гаргаж 2015 оноос хэрэглэж байгаа билээ. Тэгвэл Украины дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш энэ аргыг Орос даяар өргөн хэрэглэдэг боллоо хэмээн “The Moscow Times” бичсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?