СУДЛААЧИД СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

2023-08-24  

ЭМЯ, ХӨСҮТ, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулахаар “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний VI хурлыг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Сүрьеэ нь хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршиж, тасралтгүй хувиран өөрчлөгдөж, хүний эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, халдварт өвчний нас баралтыг тэргүүлж буй өвчний нэг юм. Цар тахал нь сүүлийн 3 жилд сүрьеэтэй тэмцэх үйлсэд улс орнуудын олсон ололт амжилтыг 5 жилээр ухрааж, эрүүл мэндийн салбарт дарамт үзүүлэн, сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд бэрхшээл учруулж, эрт илрүүлэг, оношилгооны хоцрогдол бий болгож байгаа нь манай улсыг ч тойроогүй. Ирэх сарын 20-22-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар цар тахлын бэлэн байдал, сэргийлэлт, хариу арга хэмжээ, бүх нийтийн эрүүл мэнд, сүрьеэгийн талаар хэлэлцэж, улс төрийн тунхаг бичгийг батлахын өмнө энэ хурлыг зохион байгууллаа” хэмээн хурлын ач холбогдлыг үнэлэв.

Тэрбээр, “Манай улсын хувьд ДЭМБ-аас баталсан “Сүрьеэг-устгах стратеги-2030” зорилтыг хангах, сүрьеэгийн оношилгоо, эмчилгээнд сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, оношлуур, эм, эмчилгээний шинэ горим нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, санхүүжилтийг тогтвортой нэмэхэд анхаарч байгааг онцолсон юм.

Олон улсын эрдэм шинжилгээний үр дүн, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын талаар хурлыг зохион байгуулагчдаас тодруулахад, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд дэд захирал Ж.Байгалмаа, “Илтгэлүүдэд сүрьеэ өвчнийг устгах стратегийн хувьд улс орон бүр бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцлон, сүрьеэ өвчний эсрэг авч буй арга хэмжээ, арга туршлагаа хуваалцаж байна. Монгол Улсын хувьд 2023-2030 он хүртэл сүрьеэг тэглэх төлөвлөгөө боловсруулсан. Бусад орны туршлагыг харахад тандалтыг боловсронгуй болгох, сүрьеэтэй өвчтөний эмнэл зүйн менежментэд хувь хүнд чиглэсэн эмчилгээг түлхүү ярилаа. Мөн орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааг эрчимжүүлэх хэрэгтэйг судлаачид хэлж байна. Хурлын чухал үр дүн бол улс орнууд хоорондоо сүрьеэгийн нөхцөл байдал, өөрийн орны туршлагаа хуваалцах,  сүрьеэгийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн, мэргэжилтнүүд сүүлийн үед хийж буй томоохон судалгаатай танилцаж байгаа нь өвчлөлийг бууруулахад нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Сүрьеэгийн эрт илрүүлэгт иргэдийг жилд нэг удаа хамруулж жилд дунджаар 4000 гаруй тохиолдлыг шинээр оношилж байна. Ямар ч хүн сүрьеэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй тул сайн унтаж амарч, чанартай хоол хүнс хэрэглэж, хорт зуршлаас татгалзан, эрүүл амьдралын хэвшилтэй болох нь хамгийн чухал урьдчилан сэргийлэх арга гэдгийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Тархвар судлаач Э.Уянга дурдаад, "Хоёр долоо хоногоос дээш хугацаанд хий ханиалгах, цээж хөндүүрлэх, цэр ихээр гарах, өвөрмөц байдлаар шөнө хөлрөх, шалтгаангүй биеийн жин буурах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн сүрьеэгийн тасагт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай”-г хэлж байлаа. 

Цар тахлын улмаас өнгөрсөн 2 жил хурлаа цахимаар зохион байгуулсан бол энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн парламентчдын чуулганы үеэр болж байгаа нь онцлог аж. Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр улс орнууд хэрэгжүүлж буй санал санаачилга, мэдлэг туршлагаа солилцох, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдэх гарц хайх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох боломж олгодог ач холбогдолтой эрдэм шинжилгээний хуралд БНСУ, Япон, ОХУ, Молдав, Малайз, Непал, Тайланд, Бруней Драссалам, Камбож зэрэг 11 улсын төлөөлөл оролцож, сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, ололт амжилт, судалгаа, шинэ арга аргачлал, инновацийн талаар туршлагаа хуваалцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?