Л.ГАНТӨМӨР "ГАРЫН ҮСЭГ"-ТЭЙГЭЭ ҮЛДЭЖ, С.БАЯРЦОГТ ЭРХ МЭДЛИЙГ АТГАХ УУ

2023-08-29  

Сөрөг хүчний ҮБХ дуншиж дуншиж нэг юм “хөшгөө” нээв. Парламентын бүтэн бүрэн эрхийн хугацааг “нүдэлдэж” өнгөрөөж буй АН-ынхан арайхийж нэг  “толгойтой” боллоо гэсэн имидж бүрдүүлж байтал өчигдөр дахиад л үймээнтэй нүүр туллаа. Дотроо “хагархай” хэвээр бололтой. Харин энэ удаа Үндэсний бодлогын хорооны хурлыг үймүүлэхээр багагүй хэл ам таталж, үймээн шуугиан тарьсан зарим хүмүүсээ чирч гарган байж хуралдсаныг харвал тус намынхан үнэхээр л энэ удаа нэг зааланд цугларахаар аль нэг фракц, эрх ашиг харгалзахгүй нэгдсэн нь илт.

Гадна нь ч уриа лоозон бүхий жагсаал цуглаанаар хачирлахаа мартсангүй. Энэ бол тэдний хэлдгээр дотоод ардчилал. Гэхдээ сөрөг хүчнийхэн жинхэнэ ардчиллыг харуулж чадсангүй. “Том” залуучуудаар давхар бүрийн хаалгаа хамгаалуулж үндсэндээ маш баригдмал, хавчигдмал томоотой байх дүрмийг хүчээр тогтоов. 

Их хурлын сонгуулийн босгон дээр болж буй ээлжит бус хурал намын даргын баярын илтгэлээс эхлээд бүхэлдээ хаалттай эхлэхдээ 76.5 хувийн ирц бүрджээ. Хуралдаанаар намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох журмыг өөрчлөх, тэргүүн дэд дарга, дэд  даргыг томилох,Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах, Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах асуудлуудыг хэлэлцэхээр товлосноо зарлаад байв. Хуралдааны үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "Бидэнд сонгуулийн стратеги, олон жилийн түүх бий. Өнөөдөр асуудлаа шийднэ. Ирэх сонгуулиар АН нэгдмэл гэдгээ харуулна. Энэ удаагийн хуулийн шинэчлэл нь олон давуу талыг бий болгосон.  ҮБХ-ны хуралдаанаар чухал үр дүнгүүд гарна" гэж байр сууриа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эв түнжинтэй гэсэн нэр зүүгээд сонгуульд ялагдах гэж орж болохгүй. Дагуул нам байж, ХҮН намын түвшинд очиж болохгүй биз дээ.  Хэдэн хүмүүс эсэргүүцээд ирсэн байна. Энэ хүмүүс юу ярьж байгааг сонсоорой. Улс төрийн намын хурал ийм байж болохгүй" гэж байв.

Уг нь Л.Гантөмөр АН-ын дарга болохдоо Ц.Элбэгдорж, Х.Баттулгаас эхлээд өөр хэнтэй ч учраа олно, эвлэнэ нэгдэнэ гэж гарч ирсэн. Гэтэл энэ удаагийн ҮБХ-ны хурлаас харвал эвлэж нэгдсэн дүр зураг, уур амьсгал ажиглагдсангүй. Л.Гүндалай, Кёкүшюүзан Д.Батбаяр, Б.Гарамгайбаатар зэрэг 2016 оноос хойш улс төрд харагдаагүй сонин содон хүмүүс холхихтой зэрэгцээд болж л өгвөл зааланд “гал” асах гээд байгаа учраас ихээхэн болгоомжилж байв.

500 гаруй гишүүний мандаттай АН-ын ҮБХ-ны шийдвэр хурлын өмнөх шөнө дөлөөр тодорхой болсон талаар яриа хөөрөө багагүй өрнөв. Гол албан тушаалууд дээр хэн хэнийг сонгох дээрээ тохирохдоо Тэргүүн дэд даргатайгаа нийлээд есөн дэд даргатай байх. Тэргүүн дэд даргаар С.Ганбаатар, мөн Ч.Өнөрбаяр нарын найман хүн. Харин С.Баярцогт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, түүний доор мөн л есөн Нарийн бичгийн дарга сонгогдож ажиллана гэж тохирсон талаар барин тавин яриа гарсан. Үндсэндээ тус намд ийм тооны бүлэг, фракц байгаа нь ҮБХ-ны хурлаар амилж буйг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Ерөөс олон толгойтой байхын зовлон энэ шүү дээ.

 Тэгвэл АН-ын энэ удаагийн ҮБХ-ны хурлыг хэд хэдэн хувилбараар уншиж болохоор. Генсек бол намын гол “гал тогоо”-г ерөнхийд нь хариуцдаг хамгийн чухал үүрэгтэй мест. Хэн хүнээс илүү эрх мэдлийг эдэлж болох хамгийн эвтэйхэн суудал билээ. Энэ удаа хууль шүүхээс эхлээд олон “зовлон” туулж яваа С.Баярцогт сөрөг хүчний генсек болно гэдэг яриа албан бусаар гараад байв. С.Баярцогт яагаад намын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоор зүтгээд буйг хоёр өнцгөөр харж болохоор. Нэг талаас хууль шүүх, цэц рүү чирэгдэж мэдэх эмзэг нөхцөл байдалд байгаа түүний хувьд намын гол албан тушаал улс төрийн хамгаалалт болж мэдэх арга ядсан хувилбар байж мэднэ. Харин нөгөө өнцгөөс нь харвал АН-ын хамгийн хүчтэй нь болох магадлал өндөр. Ялангуяа, намын дарга нь өнөөг хүртэл байр сууриа бататгаж намын гишүүдээ эмхэлж цэгцэлж амжаагүй ийм сул үед С.Баярцогт жинхэнэ бяртай болох боломжтой. Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөр намын даргын хувиар “гарын үсэг” л зурдаг хүн болж үлдэж, С.Баярцогт албан бус намын дарга болж бүх эрх мэдлийг атгахгүй гэх газаргүй. Ер нь улс төрийн туршлага, арга заль мэх гээд сайн, муу аль ч талаас нь харсан С.Баярцогт генсек болчихвол түүний дээр хэн ч байгаад нэмэргүй.

Хоёрдугаарт, АН-ын фракциудын ханцуйн дотроо наймаалцсанаар есөн дэд дарга, есөн нарийн бичгийн даргатай байх энэ загвар дэлхийн хаана ч  байхгүй биз. Хэдхэн сарын дараагаас л эргэж буцаж намын үндсэн төрхөндөө орох  магадлал туйлын өндөр. Угаас хэтэрхий олон тийш зүтгэж мэдэх дарга нарыг цөөлөх нь цаг хугацааны л асуудал юм. Ингэж харвал тэр олон дэд болон нарийн бичгийн дарга нар зүгээр л С.Баярцогтыг хэл амнаас халхавчлах бамбай болно гэсэн үг. Намынхаа генсекийг аль болох олны анхаарлаас холдуулж, хууль шүүхтэй холбоотой түүхийг нь бүдгэрүүлж, баллуурдах гэсэн заль мэх. Харин түүнд ийм олон бамбай хэрэг болсон бололтой. Ийнхүү хэн ямар нүүдэл хийж буй нь хөшигний ард хаалттай хэрнээ зодоон нүдээнээс наагуур ширүүн үргэлжилсэн сөрөг хүчний ҮБХ дугаар шилжих мөчид буюу 20:30 цагт дуусаагүй байв.  Эх сурвалжийн мэдээллээр С.Баярцогт АН-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга болох нь тодорхой болжээ. Харин С.Ганбаатар нэрээ татсан байна. Цаад утгаараа энэ намд Х.Баттулга ялагдал хүлээж, Ц.Элбэгдорж хүч түрэн гарч ирж байна гэж хэлж болно.

Түүнчлэн Ч.Өнөрбаяр намын дэд дарга болж байгаа бол ҮБХ-ны Тамгын газрын даргаар С.Батзаяа томилогдлоо гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?