“BRICS” ӨРГӨЖИВ ҮҮ, АГШИВ УУ?

2023-08-29  

Энэ жилийн “BRICS”-ийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулсан ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафоза шинэ гишүүдийг сонгох зарчим, стандарт, шат дараалал дээр одоогийн гишүүд санал нэгдэж чадсан тухай мэдээлэв. Гэхдээ тэр яг ямар шалгуурууд тавьсан талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тухайлбал 274 сая хүн амтай Азийн хүчирхэг орон Индонез хүсэлт гаргасан ч элсэж чадаагүй байна. Нийт 20 гаруй улс элсэх хүсэлт гаргаснаас “BRICS”-ийн одоогийн таван гишүүн орны санал нэгдсэн улсуудыг энэ удаа сонгон шалгаруулсан гэжээ.

Өрнөдийн хөгжингүй орнуудтай өрсөлдөж, хүчний харьцааг тэнцүүлэх зорилготой “BRICS”байгууллагыг Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд үүсгэн байгуулсан.Хөгжиж буй улсуудын эдийн засгийн бүлэг болох энэхүү “BRICS” байгууллагад Иран, Саудын Араб, Египет, Аргентин, Арабын нэгдсэн Эмират, Этиоп улсууд ирэх оноос эхлэн гишүүнээр нэмэгдэх болж байна. Гэхдээ эдгээр шинэ гишүүн орнууд хоорондоо нэлээд ялгаатай буюу дарангуйлагч дэглэмтэйгээс эхлээд хөгжиж буй ардчилалтай, дунд орлоготойгоос бага орлоготой гээд янз бүрийн түвшний орнууд байгаа юм.

“BRICS”-ийн шинэ гишүүд тус байгууллагаас юу хожих нь тодорхойгүй байна. Одоогоор энэ нь юу юунаас илүү бэлгэдлийн чанартай, дэлхийн дэг журмыг өөрчлөх гэсэн хөгжиж буй ертөнцийн хүсэл эрмэлзэл мэт харагдаж байна” гэж Америк хоорондын яриа хэлэлцээ байгууллагын Ази, Латин Америкийн хөтөлбөрийн захирал Маргарет Майерс тайлбарлан хэлжээ. Энэ байгууллага Иран улсыг элсүүлснээр улам бүр өрнөдийн эсрэг, ардчиллын эсрэг, улс төржсөн байгууллагын шинжтэй болж байна. Харин Аргентины хувьд эдийн засгийн хүндрэлээсээ гарахын тулд шинэ боломж, шинэ зах зээл хайж байна. “BRICS”-ийн гишүүн болсноор шинэ зах зээлд нэгдэх, хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг өсгөх гарц гэж харж байгаагаа тус улсын ерөнхийлөгч Альберто Фернандес илэрхийлсэн. Мөн Этиоп улсын хувьд “бага орлоготой” улсын ангилалд багтдаг “BRICS”-ийн цорын ганц гишүүн болж байна.

“Хятад, Оросын хувьд энэ нь ялалт болж байна. Тэд “BRICS”-ийг өргөжүүлэх бодлогыг сүүлийн таван жилийн турш тулгаж байсан. Хятадын хувьд Бээжинд төвтэй дэг журмыг тогтоох зорилго нь үргэлжилж байна. Оросын хувьд энэ нь одоогийн ганцаардлаас гарах нэг боломж юм. Харин Бразил, Энэтхэг улсууд Хятад зэрэг илүү хүчирхэг гишүүний дэргэд нөлөө нь буурч байгаа тул өргөжүүлэх сонирхол төдийлөн байгаагүй гэж бодож байна” гэж Олон улсын стратеги судлалын төвийн дэргэдэх Америкийн хөтөлбөрийн захирал Риан Бэрг хэлжээ.

“BRICS”-ийн өргөжилтөд хайхрамжгүй хандаж болохгүйг судлаачид бас анхааруулж байна.“Энэ бол Их долоо болон өрнөдийн бусад тоглогчдын хувьд хайхрамжгүй хандаж болохгүй чухал үйл явдал. Шинэ гишүүдээр өргөжсөнөөр, ялангуяа газрын тосны том үйлдвэрлэгч нэмэгдсэнээр “BRICS” нь дэлхийн эдийн засаг, хүн амд том байр суурьтай болж байна” гэж Маргарет Майерс хэлжээ.

ӨАБНУ-д болж өнгөрсөн энэ удаагийн “BRICS”-ийн чуулган эдийн засгийн гэхээсээ улс төрийн “тоглолт” болж өндөрлөв. Учир нь “BRICS” дэлхийн мөнгөний 25 хувийг л бий болгодог. Энэ бүлэг цаашид ам.доллараар худалдаа хийхгүй гэж байгаа бол хэдэн гишүүн нэмсэн ч эдийн засаг нь улам л агшиж энэ тоо улам л багасна.Энэ удаагийн улс төрийн тоглолтод өөр улсад очиж баривчлагдахаас айсан Путин цахимаар оролцов. Чуулганы гол зорилго болох “Манай байгууллага олон гишүүнээр өргөжих гэж байна” гэсэн мессеж нь үнэндээ Хятад, Орос гэх мэт дарангуйллын тогтолцоотой улсуудын дотооддоо зориулсан тоглолт байв. Мөн дэлхийн улсууд дарангуйлагч, дундыг баригч, ардчилсан гэсэн бүлэгт нэгэнт хуваагдан нэгдсэн нь энэ чуулганаар бүрэн тодорхой болов. Учир нь НҮБ-ын гишүүн улсуудын 3/2-оос хамаагүй илүү гарах улсууд ардчилсан улсуудын бүлэгт нэгдээд байгаа бөгөөд энэ нь ирэх саруудад болох НҮБ-ын нэгдсэн чуулганаар дүрэмдээ өөрчлөлт оруулан Орос, Хятад хоёрыг Аюулгүй байдлын Байнгын хорооны гишүүнээс түдгэлзүүлэх эсвэл хасахад хангалттай “хүч” юм. Иймээс “BRICS” үнэн хэрэгтээ өргөжөөгүй харин ч эрчимтэй агшиж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?