ВЕНЕЦИЙН КИНО НААДМЫН ГОЛ ШАГНАЛЫГ ГРЕКИЙН КИНО НАЙРУУЛАГЧ ХҮРТЖЭЭ

2023-09-11  

Грекийн кино найруулагч Йоргос Лантимос “Хөөрхийлөлтэй юмс" (Poor Things) киногоороо 80 дахь удаагийн Венецийн кино наадмын гол шагнал болох “Гэгээн Маркийн Алтан арслан”-гийн эзнээр тодорлоо.

Уг кинонд жүжигчин Эмма Стоун дүрийг нь бүтээсэн Белла Бакстер хэмээх залуу бүсгүйн тухай өгүүлдэг.  Түүнийг Годвин Бакстер гэдэг эрдэмтэн дахин амилуулдаг байна. Эрдэмтний дүрийг Америкийн жүжигчин Виллем Дафо бүтээжээ. Жүжигчин Эмма Стоун Холливудад болж буй ажил хаялтын улмаас Венецид ирээгүй байна.

80 дахь удаагийн Венецийн кино наадмын шилдэг жүжигчдээр Америкийн жүжигчид болох Кейли Спейни, Питер Сарсгаард нар шалгарчээ.

"Гэгээн Маркийн Мөнгөн арслан" буюу Венецийн кино наадмын шүүгчдийн гранпри шагналыг Японы найруулагч Хамагүчи Рюсүкэ хүн ба байгаль хоёрын харилцааны тухай өгүүлсэн “Aku wa sonzai shinai” киногоороо хүртсэн байна.

Мөн Польш, Беларусийн хил дээр ирсэн Ойрхи Дорнод, Африкийн цагаачдын тухай өгүүлдэг, Польшийн найруулагч, кино зохиолч Агнешка Холландын "Ногоон хил" (Zielona granica) кино тусгай шагналыг авлаа.

Шилдэг найруулагчийн төрөлд "Мөнгөн арслан" шагналыг Италийн кино найруулагч Маттео Гарроне “Би бол ахмад” (Io Capitano) киногоороо хүртжээ. Уг кинонд Сенегалын хоёр хүүгийн Европыг зорьсон аяллын түүхийг өгүүлдэг байна. Гарронегийн кинонд тоглосон Сенегалын жүжигчин Сейду Сарр Марчелло Мастрояннийн нэрэмжит шагналыг хүртжээ.

Шилдэг кино зохиолын шагналыг Чилийн дарангуйлагч Аугусто Пиночетыг цус сорогчийн дүрээр харуулсан “Гүн” (El Conde) кино хүртжээ. Уг киног Чилийн кино найруулагч Пабло Ларриана бүтээсэн байна. 

Италийн кино продюсер Луижи ди Лаурентисын нэрэмжит ("Ирээдүйн арслан") шилдэг дебют киноны шагналыг Тайванийн жүжигчин, найруулагч Ли Хончи "Хайр бол буу зэвсэг" (Love Is a Gun) киногоороо хүртжээ.

Үндсэн шалгаруулалтаас гадна “Horizons” уралдааны гол шагналыг Унгарын найруулагч Габор Рейсийн бүтээсэн "Бүх зүйлийн тайлбар" (Magyarázat mindenre) кино хүртлээ.

 

Эх сурвалж: РОМ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?