ХЯТАД ВЕНЕСУЭЛИЙН ХАРИЛЦААГ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТҮВШИНД ХҮРГЭЖЭЭ

2023-09-14  

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротай Бээжин хотын Ардын их хурлын ордонд лхагва гарагт хэлэлцээ хийлээ. 

Хоёр орны удирдагчид Хятад-Венесуэлийн харилцааг бүх талын стратегийн түншлэлийн түвшинд хүргэснийг мэдэгджээ. 

“Хятад улс Венесуэлтэй өрнүүлэх харилцаагаа стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харсаар ирсэн бөгөөд үндэсний тусгаар тогтнол, үндэсний нэр төр, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах Венесуэлийн хүчин чармайлтыг урьдын адил тууштай дэмжиж, хөндлөнгийн оролцоог сөрөн зогсох Венесуэлийн шударга ёсны үйлсийг дэмжих болно" гэж Ши Жиньпин Н.Мадурод хандан хэлсэн байна. 

Тэрбээр хэлэхдээ, Хятад, Венесуэлийн стратегийн түншлэлийн харилцаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, түүхэн хөгжлийн ерөнхий чиг хандлагад нийцэж байгааг онцлон тэмдэглээд, хоёр талд стратегийн хамтын ажиллагаагаа улам үр дүнтэй хөгжүүлж, хоёр ард түмэнд илүү их ашиг тус авчирч, дэлхийн энх тайван, хөгжилд илүү их эерэг эрчим авчрахыг уриалжээ.

Н.Мадуро хариу мэдэгдэхдээ, Венесуэл, Хятад улсыг гүн гүнзгий найрамдал, үр өгөөжтэй хамтын ажиллагаа холбодог гэдгийг онцлоод үүний ачаар хоёр талын харилцаа нь дэлхийн өмнөд бүсийн орнуудын харилцааны үлгэр жишээ болж байна гэв. Түүнчлэн Венесуэлийн ард түмэн нэг талын хууль бус хориг арга хэмжээнд өртөж, “COVID-19” цар тахлын улмаас олон тооны бэрхшээлтэй тулгарч байсан үед Хятадын Засгийн газар болон тус улсын ард түмэн үнэ цэнтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн байна. 

Түүний хэлснээр, Венесуэлийн үндэсний хөгжил, Венесуэл-Хятадын харилцаа одоо чухал үе шатандаа байна. “Бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоох нь түүхэн ач холбогдолтой бөгөөд хоёр талын харилцаанд шинэ эрин үеийг нээх нь дамжиггүй” гэж Венесуэлийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ, Синхуа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?