Нижерт төрийн эргэлт гарсантай холбогдуулан Франц улс элчин сайдаа эргүүлэн татаж, тус улстай цэргийн бүх хамтын ажиллагаагаа зогсооно гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.
“Франц улс элчин сайдаа эргүүлэн татахаар шийдлээ. Манай элчин сайд болон хэд хэдэн дипломатч ойрын хэдэн цагийн дотор эх орондоо буцна” гэж Э.Макрон мэдэгдсэн байна. Түүнчлэн цэргийн хамтын ажиллагаа дуусгавар болж байгаа бөгөөд Францын цэргүүд ойрын саруудад тус улсаас гарна гэдгийг тэрбээр нэмж хэллээ.
Энэ оны долоодугаар сард Нижерт засгийн эрхийг булаан авсан цэргийн хунт дээрх шийдвэрийг талархан хүлээн авчээ. “Энэ ням гарагт бид Нижерийн бүрэн эрхт байдалтай холбоотой шинэ үйл явдлыг бахархан тэмдэглэж байна” гэж цэргийн хунт мэдэгдсэнийг “AFP” агентлаг эш татан уламжилсан байна.
Баруун Африкийн далайд гарцгүй тус улсад Францын 1500 орчим цэрэг байрладаг. Францын цэргийн оролцоог эсэргүүцсэн жагсаал цуглаан олон сарын турш үргэлжилсний дараа Францын эрх баригчид дээрх шийдвэрийг гаргажээ.
Уг шийдвэр нь Сахелийн бүс нутаг дахь лалын дайчдын эсрэг явуулж буй Францын цэргийн ажиллагааг сулруулж, бүс нутаг дахь тус улсын нөлөөг эрс бууруулж байна. Харин Э.Макрон Францын “TF1”, “France 2” телевизүүдэд ярилцлага өгөхдөө “Францыг үймээн дэгдээгчдийн барьцаанд оруулахгүй” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр одоогоор хоригдож буй Нижерийн Ерөнхийлөгч Мохамед Базумыг тус улсын цорын ганц хууль ёсны удирдагч гэж үзсэн хэвээр байгаа бөгөөд шийдвэрийнхээ талаар түүнд мэдэгдсэн гэдгээ хэллээ. Э.Макрон түлхэгдэн унасан ерөнхийлөгчийг “барьцааны хүн” гэж нэрлээд, энэ хүн зоригтой шинэчлэл хийж байсан учраас төрийн эргэлтийн золиос болсон гэжээ.
Баруун Африк дахь Францын колони байсан хэд хэдэн орны нэг болох Нижерт цэргийнхэн хяналтаа тогтоогоод байгаа бөгөөд улмаар Буркина Фасо, Гвиней, Мали, Чадад ижил төстэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд наймдугаар сард Габонд төрийн эргэлт гарсан билээ.
Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт Францын эсрэг хандлага газар авч байгаа бөгөөд олон улстөрчид Парисыг неоколониалист бодлого явуулж байна гэж буруутгаж байгаа бол Франц үүнийг үгүйсгэсээр иржээ. Мөн Сахельд Оросын “Вагнер” цэргийн хувийн компанийн үүрэг оролцоо нэмэгдэж байгаад барууны орнууд санаа зовниж байна.
Францын дэмжлэгийг хүлээсэн Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн /ЭКОВАС/ зүгээс М.Базумыг албан тушаалд нь эргүүлэн оруулахын тулд Нижерт цэргийн хүч хэрэглэнэ хэмээн сүрдүүлсээр байгаа юм. Гэвч өнөөг хүртэл ямар нэгэн ажиллагаа явуулаагүй байна.
Нижерийн цэргийн удирдагчид долоодугаар сарын 26-нд М.Базумыг түлхэн унагасны дараа Францын Элчин сайд Сильвен Итте тус улсаас гарч явах ёстой гэсэн шаардлагыг тавьжээ. Гэсэн хэдий ч Францын Засгийн газар цэргийн дэглэмийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, элчин сайдаа ажиллуулсаар байсан юм.
Нижерийн цэргийнхэн нутаг дэвсгэр дээгүүр нь Францын онгоцууд нисэхийг хориглосноос хойш хэдхэн цагийн дараа Э.Макрон дээрх шийдвэрийг гаргажээ.
Эх сурвалж: ПАРИС. /BBC/