"NISSAN" 2030 ОНООС ЕВРОП ЗӨВХӨН ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ АВТОМАШИН НИЙЛҮҮЛНЭ

2023-09-26  

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани 2030 он гэхэд Европын зах зээлд нийлүүлэх бүх шинэ автомашинаа цахилгаан хөдөлгүүртэй болгоно гэж өнөөдөр мэдэгдлээ.

Тус компани нь дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс цахилгаан автомашинд шилжих үйл явцыг түргэсгэж, байгаль орчныг хамгаалахтай холбоотой Европын Холбооны хатуу журмыг дагаж мөрдөхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

“Цахилгаан машин бол тээврийн хэрэгслийн эцсийн шийдэл юм. Энэ чиглэлд хийж буй бидний үйл ажиллагаанд нэг сая гаруй хэрэглэгч нэгдэж, “Nissan”-ы цахилгаан машины таатай байдлыг мэдрээд байна. Одоо бидэнд буцах зам гэж үгүй” гэж “Nissan” компанийн гүйцэтгэх захирал Үчида Макото ярьжээ.

Энэ оны хоёрдугаар сард Японы автомашин үйлдвэрлэгч тус компани нь Европт худалдаалах хос болон бүрэн цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийнхээ нийт автомашинд эзлэх хувь хэмжээг 98 хувьд хүргэнэ гэдгээ мэдэгдээд байсан юм.

“Nissan”  2030 он гэхэд дэлхийн зах зээлд цахилгаан хөдөлгүүрт автомашины 27 загварыг нийлүүлэхээр төлөвлөж байгаагийн 19 нь бүрэн цахилгаан машин байх ажээ. Одоогоор цахилгаан хөдөлгүүрт “Leaf”, “Ariya” машинуудаа хэрэглэгчдэд санал болгож байна.

Японы автомашин үйлдвэрлэгч өрсөлдөгч компаниуд цахилгаан машины зах зээл рүү шилжих шилжилтээ түргэсгэхийг эрмэлзэж байгаа үед ийм алхам хийжээ. Тухайлбал, “Toyota Motor” 2026 он гэхэд 10 шинэ цахилгаан загвар танилцуулж, жилд 1.5 сая цахилгаан машин борлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол “Honda” 2040 он гэхэд бүх шинэ автомашинуудаа цахилгаан эсвэл устөрөгчийн хөдөлгүүртэй болгоно гэдгээ зарласан байна.

“Nissan” компанийн шинэ төлөвлөгөөг Лондон хот дахь зохион бүтээх төвийн 20 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр танилцуулжээ.

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?