СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХ К.ВАЛИВЕВАГИЙН СЭРГЭЭШИЙН ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

2023-09-26  

Сэргээшийн дуулианд холбогдоод буй ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиевагийн хэргийг Спортын арбитрын шүүх (CAS)  өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ. Шүүх хурал Швейцарын Лозанна хотод болох бөгөөд есдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилж, шүүхээс гарсан шийдвэрийг хэдэн долоо хоног эсвэл бүтэн сарын дараа зарлана. 

Эргэн сануулахад, Бээжингийн олимпын уран гулгалтын тэмцээний багийн төрөлд ОХУ-ын баг түрүүлсэн боловч тэмцээний дараа шагнал гардуулах ёслол болоогүй юм. Үүний шалтгаан нь Оросын багийн нэг гишүүнээс сэргээш илэрсэн явдал байлаа. Энэ тамирчин нь К.Валиева байсан билээ. 

Хэргийг хэлэлцэхэд Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA), Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) болон Оросын сэргээшийн эсрэг агентлаг (РУСАДА) оролцож байна. РУСАДА-гийн сэргээшийн эсрэг сахилгын хорооноос К.Валиевагийн хэргийн талаар нэгдүгээр сард шийдвэрээ гаргасан боловч эдгээр гурван байгууллага бүгд эсэргүүцжээ. Тус хороо Валиеваг сэргээшийн эсрэг дүрмийг зөрчсөн гэж үзсэн боловч ноцтой шийтгэл ногдуулаагүй ажээ. Тодруулбал, хориотой триметазидин эм Валиевагийн биед илэрсэн нь түүний санаатай үйлдэл биш гэж үзсэн байна. Улмаар 2021 оны 12 дугаар сард хүртсэн ОХУ-ын аварга цолыг нь зөвхөн хурааж, тэргүүн байрыг Александра Трусовад шилжүүлжээ. Уг тэмцээнд оролцохдоо өгсөн шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул РУСАДА-ийн сахилгын байгууллага ийм шийдвэр гаргажээ. 

РУСАДА тамирчинд зөвхөн сануулга өгөх ёстой гэж үзэж байгаа тул дээрх шийдвэрийг эсэргүүцсэн байна. ISU-ийн хувьд Валиевагийн эрхийг сорьцоос нь сэргээшийн төрлийн бодис илэрсэн өдрөөс буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр жилээс дөрвөн жил хүртэл хугацаагаар хасахыг шаардаж байгаа юм. Хэрэв шүүхээс Олон улсын тэшүүрийн холбооны талд шийдвэрээ гаргасан тохиолдолд тамирчны амжилт хүчингүй болох боловч тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хассан тохиолдолд уг хугацаа энэ оны сүүлчээр дуусна. Харин WADA хамгийн хатуу шийтгэл буюу бүх амжилтыг нь хүчингүйд тооцож, тэмцээнд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасахыг шаардаж байгаа ажээ.

К.Валиева Оросын аварга цолноос гадна Европын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Оросын Гран-При тэмцээний нэг, гуравдугаар шатны тэргүүн байр, 2023 оны Оросын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Оросын Гран-Пригийн финалын түрүүгээ алдах эрсдэл үүсээд байгаа юм. Хамгийн гол нь Бээжингийн олимпын наадмын багийн төрөлд хүртсэн алтан медалиа хураалгана. Валиевагийн хамт түүний олимпын багийн Марк Кондратюк, Анастасия Мишина, Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов нар медалиа хураалгах магадлал өндөр байна. Олимпын медалийг нь хураах эсэхийг CAS-ийн шийдвэрийг үндэслэн ISU шийднэ.

К.Валиевагийн хэргийг Их Британийн шүүгч Жеймс Дрейк, Америкийн Жеффри Мишкин (прокуророос сонгогдсон) болон Францын иргэн Матью Майсоннев (Оросын талаас) гэсэн гурван арбитрч хэлэлцэх юм. РУСАДА-ийн байр суурийг Их Британийн шүүгч Грэм Артур хамгаалах бол К.Валиева болон ISU-ийн өмгөөлөгчдийн нэрсийг зарлаагүй байна.

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?