ЖИЛД 1000 ГАРУЙ ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨЖ БАЙНА

2023-10-06  

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхтэй. Гэтэл хүүхдүүд гэр сургуулийн хооронд  явах, гарцаар гарахдаа зам тээврийн осолд өртсөөр байна. Мөн орон нутгийн замд явахдаа хамгаалалтын бүс, суудал хэрэглээгүйгээс хүүхдүүд осолд өртөх нь бий. Тиймээс энэ удаагийн нийтлэлээ хүүхдийн зам тээврийн ослын талаар бэлтгэн хүргэж байна.  Сүүлийн таван жилийн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 500 хүн нас барж, 3400 хүн гэмтэж бэртэн, 1000 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртдөг. Он гарсаар эхний улиралд 7275 зам тээврийн осол бүртгэгдэж, 507 хүн гэмтэж, 77 хүн амь насаа алдсаны долоо нь хүүхэд байв.

СУРГУУЛЬ ОРЧИМД  ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн судалгаагаар хоёр жолооч тутмын нэг нь хамгаалах бүс хэрэглэдэггүй бол тээврийн хэрэгслээр зорчигчдын дийлэнх нь буюу 95 хувь нь энэ талаар ямар ч ойлголтгүй байдаг нь тогтоогдсон байдаг. Мөн тус нийгэмлэгээс осолд гэмтэлд хамгийн ихээр өртөх өндөр эрсдэлтэй сургуулийн замын орчинд үнэлгээ гаргасан нь бий. Нийт зургаан дүүргийн 70 орчим ерөнхий боловсролын сургууль хамрагдсанаас дийлэнхэд нь замын хөдөлгөөний аюулгүй байдал хангалтгүй гэсэн үнэлгээ тавигдсан. Гудамж талбайн замд жолооч нарт анхааруулсан тэмдэглэгээ байрлуулсан есөн сургууль, хүүхэд болон  явган зорчигчдод зориулсан гарцын тэмдэглэгээтэй 19 сургууль, явган хүний гарц гэсэн мэдээлэх тэмдэг байрлуулсан 13 сургууль, хурд сааруулагчтай гурван сургууль байгаа юм. Мөн зам тээврийн осолд эрсдэл өндөртэй  сургуулийн тоонд  СХД-ийн “Ирээдүй 3”, 104-р сургууль, 76-р сургууль, 67-р сургууль, БГД-ийн 19-р сургууль, 73-р сургууль, СБД-ийн 16-р сургууль, ЧД-ийн 24-р сургууль, ХУД-ийн 114-р сургуулиуд багтжээ. Эдгээрийн  80 гаруй хувьд нь сургуулийн хашаан дотор буюу орох хаалганы ойролцоо авто зогсоолыг байрлуулсан. Мөн  явган зорчигч хүүхдүүдэд зориулсан тусгай зорчих зам байхгүй, явган зорчигчийн зорчих зам мөсөн гулгаа ихтэй, сургуулийн орчимд анхааруулах тэмдэггүй, огцом эргэлттэй, өгсүүр, саад ихтэй байдаг аж. Хүүхдийн сурч боловсрох орчинд эрсдэл үүсээд байгаа.

ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛ СУЛ БАЙГААГААС ХҮҮХДҮҮД ХОХИРСООР

Манай улсын зам тээврийн дүрэмд зааснаар явган зорчигч зохицуулдаг буюу гэрлэн дохиотой гарц, зохицуулдаггүй буюу цагаан шугаман гарцаар зам хөндлөн гарах зохицуулалттай. Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй юм.

Зам тээврийн ослоор амь насаа алдаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас  хамаардаг байна.  Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хоёр гол шалтгаан байдаг ажээ. Нэг нь хүүхдийг явган зорчигч хэлбэрээр эцэг эхчүүд гараас нь хөтлөн авч явдаг.  Нөгөө нь тээврийн хэрэгсэлтэй зорчигч хэлбэр.

 Өнгөрсөн оны эхний нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 14 хүүхдийн амь нас хохирсон харамсалтай мэдээлэл байна. Эдгээр тохиолдлын шалтгаан нь 11 хүүхэд  тээврийн хэрэгсэлд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байгаад амь нас нь хохирсон. Үлдсэн гурван тохиолдол нь жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүйн улмаас тээврийн хэрэгслийн хажууд байгаа ой гурван сартайгаас ой найман сартай хүүхдүүдийн амь нас нь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.     

Кэйс-1

БЗД-ийн “X-apartment” хотхоны замд жолооч Б унадаг дугуй унаж явсан 12 настай хүүхдийг мөргөжээ. Улмаар хүү хүнд гэмтэл авч эмчлүүлжээ.

Кэйс-2

Яармагийн замд "British" сургуулийн хойд замын гарцаар гарч байсан арван настай хүүхдийг Honda CRV маркийн машин мөргөж гэмтээж байжээ.

Кэйс-3

Гурван жилийн өмнө БЗД-ийн 97 дугаар сургуулийн зүүн замд Тoyota Land-Cruiser маркийн автомашины жолооч таван настай А-г гарцгүй газраар ахын хамт зам хөндлөн гарах үед мөргөж гэмтээжээ.

Кэйс-4

Сонгинохайрхан дүүргийн Баруунбаян уулын замд суудлын автомашин явганаар  зорчиж байсан долоон настай хүүг мөргөж гэмтээсэн осол гарсан байна.

Кэйс-5

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу Дарь эхийн замд Nissan Navera  маркийн машин 10 настай хүүхдийг мөргөж, эрүүл мэндэд хохирол учруулсан байна.

Кэйс-6

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын замд “Toyota-Prius” маркийн автомашины жолооч зургаан настай эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг хохироосон байна.

Кэйс-7

Баянхошууны замд явган хүний гарцан дээр 13 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ. Үүнийг Toyota Prius загварын автомашины жолооч Л нь явган хүний зохицуулалтгүй гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн дүгнэлт гарсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?