ТУРК УЛС НАТО-Д ЭЛСЭХ ШВЕДИЙН ХҮСЭЛТИЙГ БАТЛАХ ГЭЖ ЯАРАХГҮЙ БАЙНА

2023-10-17  

Турк улс НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг батлахаа хойшлуулжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, F-16 сөнөөгч онгоц худалдаж авах хүсэлтийг нь АНУ-ын эрх баригчид дэмжих эсэхийг Анкара хүлээж байна.

Шведийн хүсэлтийг соёрхон батлуулахаар парламентад 10 дугаар сард өргөн барина гэж Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган долоодугаар сард мэдэгдсэн юм. 

Гэсэн хэдий ч парламентын чуулган аравдугаар сарын 1-нд эхэлснээс хойш Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг хэлэлцэх гадаад хэрэг эрхэлсэн хороо Шведийнхээс бусад 60 шахам олон улсын гэрээг хүлээн авчээ. 

Нөхцөл байдлын талаар сайн мэдэх хоёр эх сурвалжийн хэлснээр, Анкара Вашингтонтой хамтран ажиллах хүсэлтэй байгаа бол АНУ-ын Төрийн департамент 20 тэрбум долларын үнэ бүхий F-16 сөнөөгч онгоцууд, мөн шинэчлэн сайжруулах олон арван тоног төхөөрөмжийг Туркт худалдахын тулд Конгрессоос зөвшөөрөл авах ёстой.

Гэтэл нэг талаас Швед улсын НАТО-д элсэх саналыг соёрхон батлах, нөгөө талаас F-16 онгоц худалдах зөвшөөрөл авах талаар алхам хийх амлалтаа аль аль тал нь хойшлуулсан гэж АНУ-Туркийн яриа хэлэлцээний талаар мэдээлэлтэй хоёр дахь эх сурвалж мэдэгдсэн байна.

Швед улсын НАТО дахь гишүүнчлэлийг батлах хугацаа, мөн АНУ-тай ямар нэгэн хэлэлцээ хийж байгаа эсэх талаар Р.Эрдоганы ажлын албанаас тайлбар өгөөгүй байна. 

Харин Туркийн албаны хүмүүс, гадаадын дипломатчид ялангуяа парламентын чуулган эхэлсэн өдөр Анкарад дэлбэрэлт үйлдсэний дараа, түүнчлэн энэ сарын 5-нд Сирийн хойд хэсэгт Туркийн нисгэгчгүй онгоцыг АНУ буудаж унагасан явдлын дараа Р.Эрдоган Шведийн хүсэлтийг батлуулахыг яаравчлахгүй гэж үзэж байна.

Европын Холбоо (ЕХ) болон АНУ-д террорист бүлэглэл гэж үздэг Курдийн ажилчны намыг дарахын тулд Швед улс дотооддоо нэмэлт арга хэмжээ авах ёстой гэж Туркийн тал мэдэгдэж байгаа юм.

Гэвч аравдугаар сарын 1-нд Анкара дахь засгийн газрын байрны ойролцоо дэлбэрэлт үйлдсэний хариуцлагыг Курдийн ажилчны нам хүлээсний дараа Швед улсын хүсэлтийг Туркийн парламент хурдан батлах найдвар тасарсан байна.

Турк хариу арга хэмжээ авч Ирак, Сири дэх зэвсэгт бүлэглэлийн (Курдийн зарим бүлэглэл нь АНУ-ын холбоотон) байгууламжуудад өгөх цохилтоо эрчимжүүлэх явцад нисгэгчгүй онгоцоо алджээ.

Үүний дараа АНУ, Турк хоёрын дээрх асуудлуудыг зэрэгцүүлэн хэлэлцэх яриа хэлэлцээ тасалдсан гэж хоёр дахь эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 17 /VoA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?