ШИ ЖИНЬПИН, В.ПУТИН НАР БЭЭЖИН ХОТНОО ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

2023-10-19  

БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 19 /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй лхагва гарагт хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, В.Путин “Бүс ба Зам” чуулга уулзалтад гурав дахь удаагаа дараалан оролцож буй нь Орос улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжиж байгааг харуулж байна. “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж буй Хятад улс Оросыг чухал түнш хэмээн сайшааж, Хятад-Оросын зүүн чиглэлийн байгалийн хий дамжуулах хоолой зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа нь хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж авчирлаа гэв.

Хятад улс “Бүс ба Зам” санаачилгыг Евразийн эдийн засгийн холбоотой /ЕЭЗХ/ уялдуулан хөгжүүлэхийн тулд Орос болон ЕЭЗХ-ны бусад гишүүн орнуудтай хамтран ажиллаж, бүс нутгийн хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэж, гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэж Ши Жиньпин хэллээ.

Хятад-Монгол-Оросын байгалийн хийн хоолойн төслийн аль болох хурдан бодит ахиц гарна гэдэгт Хятад улс найдаж байгааг тэрбээр нэмж хэлжээ. 

Мөн Оросын ард түмэн үндэсний сэргэн мандалтын замаар бие даан замнаж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахыг Хятадын тал дэмжиж, Хятад-Оросын бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, стратегийн хөгжиж буй салбарууд дахь хамтын ажиллагааг идэвхтэй судлахыг талуудад уриалав.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, БРИКС-ийн гишүүнчлэл өргөжин тэлсэн нь дэлхийн олон туйлт байдлыг дэмжих, олон улсын харилцаанд ардчиллыг бэхжүүлэхэд хөгжиж буй орнууд итгэлтэй байгааг харуулж байна. Мөн ирэх онд Казань хотноо БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад ОХУ-ыг дэмжиж байгаагаа Ши Жиньпин илэрхийлэв.

Тэрбээр цааш хэлэхдээ, Хятад улс нь НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, “Хорийн бүлэг” болон бусад олон талт байгууллагын хүрээнд Оростой харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, дэлхийн аж үйлдвэрийн тогтвортой байдлыг хамгаалах, түүнчлэн нийлүүлэлтийн сүлжээ, Хятад, Орос, бүс нутгийн болон хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахын төлөө илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.

Үүний хариуд В.Путин хэлэхдээ, “Бүс ба Зам” санаачилга нь өндөр амжилтад хүрч, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн чухал ач холбогдолтой санаачилга болж чадсаныг цохон тэмдэглээд, энэхүү агуу үйл хэрэг улам их амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Олон улсын нөхцөл байдлын хувьсал нь өнгөрсөн зуунд ажиглагдаагүй гүнзгий өөрчлөлтийн талаарх Ши Жиньпиний стратегийн үзэл бодлыг бүрэн баталж байна гэж В.Путин хэлэв. БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд Хятад улстай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын хууль тогтоомжид суурилсан олон улсын тогтолцоог дэмжин, илүү шударга, үндэслэлтэй дэлхийн засаглалын тогтолцоог бий болгоход Орос улс бэлэн байна гэжээ.

Орос, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбогдуулан Орос, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэж тэрбээр нэмж хэлэв. Ши Жиньпин, В.Путин нар мөн Палестин-Израилын байдал болон бусад асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?