Бээжингээр зорчих бүрдээ би Гонконгийн худалдааны захаар орох дуртай. Ерээд оны эхээр Гонконг, Бээжингээс өндөр хөгжилтэй байсан үе. Тиймээс бараа нь илүү орчин үеийн, чанартай, моод загвар сайтай байсан учир "Гонконгийн зах" гэж монголчууд нэрлэсэн гэж би хувьдаа таадаг. Тус захын барааны сонголт арвин, чанартай, үнэ нь хямд. Өөртөө болон ойр дотныхондоо эндээс бараа , хувцас авахад хамгийн тохиромжтой газар. Энэ удаад ч гэсэн чихэвч, гар утсаараа бичлэг хийхэд зориулж микрофон худалдаж авлаа. Монголоос үнэ нь бараг хоёр дахин хямдхан байна гэж хамт явсан сэтгүүлч нөхөд маргааш нь дуулгалаа. Тэгэхдээ миний юу худалдаж авсан нь тийм ч чухал биш. Харин "Гонконгийн зах" хэрхэн хөгжсөнд тулгуурлаж, хятад ухааны зах зухаас цухас дурдахыг зорилоо.
Нэг л мэдэхэд, энэхүү худалдааны захаар сүүлийн гучаад жил үйлчлүүлчихжээ. Эхний 20 орчим жил нь яг л өнөөгийн манай Нарантуул захаас ялгарахгүй ижил нөхцөлтэй байсныг тодхон санаж байна. Бороо шивэрсэн намрын өдөр, цас хаялсан өвлийн улиралд гудамжинд тогтсон шавар шалбаагыг тойрч гишгэлэн, бороо, цаснаас халхавчилсан даавуун дээвэр дор гэрэл цахилгаангүй орчинд, гар утасныхаа чийдэнг асаан зарим үед худалдаа хийдэг байсан үе бодогдоно. Нар жаргаж, харанхуй болмогц зах эзгүйрч, сараалжин төмөр лангуунууд л сарвайж, ёрдойж үлдэнэ. Эрт хаах учир бид шиг явуулын хүмүүс цаг хугацаанд ихээхэн хавчигдана. Бие засах газар ч байхгүй. Тух муутай. Гэхдээ барааны сонголт сайтай нь худалдан авагчдыг өөрсдөөсөө үл холдуулна. Тэр нэгэн удаа очтол " Гонконгийн зах"-ын газар дээр барилга барих шийдвэр гарсан тул худалдаачдыг нүүлгэж, Бээжин дэх манай улсын элчин сайдын яамны байр луу бүр ойртуулсан байсан. Барилгын компани ч цаг алдсангүй, худалдаачид ч ажлаа алдсангүй. Худалдан авагчид ч хохирсонгүй. Ийм л зохицлын шийдвэрийг Хятадын засаг захиргаа гаргасан байсан. Удахгүй өөрийн лангуутай, гэрэл гэгээтэй орчинд ажиллах болно гэж худалдаачдын хэлж байсан хүсэл мөрөөдөл нь биеллээ олж, 2005 онд шил толь, гэрэл гэгээ болсон найман давхар, гучин мянга орчим метр квадрат талбайтай, дотроо 1500 орчим лангуу бүхий "Silk street " нэр бүхий маш том худалдааны төв сүндэрлэсэн. Энэ бол мөнөөх бидний хэлж заншсан Гонконгийн захын шинэ дүр төрх болсон. Газар дээрээсээ хөөгдөж, туугдаж байсан нөгөө худалдаачид маань аль хэдийнээ "Silk Street" гэж нэрлэх худалдааны төвдөө өөр өөрийн лангууны эзэд болж, томорцгоосон.
-Бид бүгд лангууны эзэд. Энэ худалдааны төв баригдсан газарт өмнө нь худалдаа эрхэлж байсан хүмүүс лангууныхаа талбайг томруулж, тодорхой хувийг гэрээний дагуу үнэ төлбөргүй авсан. Харин шинээр лангуу эзэмшсэн хүмүүс лангууныхаа талбайн үнийг 100 хувь төлж, худалдан авсан. Өмнөхтэй зүйрлэх юм биш. Маш тохилог, дулаан, гэрэлтэй орчинд ажиллах сайхан. Худалдан авагчид ч сэтгэл хангалуун. Ажиллах хугацаа ч уртсаж, орлого ч үлэмж хэмжээгээр нэмэгдсэн гэж электрон барааны худалдаачин Лу овогт баяртайгаар хэллээ. Энэ зуур Монголд энэ асуудлыг яг ингэж шийдвэрлэж чадах байсан болов уу гэж бодогдлоо.
Эргэлзэнэ. Саяхны жишээ гэхэд л, 1990 оноос хойш эзэмшиж ирсэн хотын төвийн ТҮЦ-үүдийг нурааж, олон зуун иргэдийг амь амьжиргаанаас нь салгасан. Зуун зуун иргэдийн автомашины гараашийг нь газар чөлөөлөх нэрээр хүч түрэн нураасан. Төр, орон нутгийн засаг захиргаанаас үүнийхээ хариуд нь санал болгох, орлуулах ямар ч санал дэвшүүлээгүй. Гэтэл Хятад улс нэгдүгээрт иргэнээ бодож, эдийн засгийн эргэлтийг нь тооцож, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй бодлогод тулгуурласан шийдвэр гаргаж чадаж байна.Хятадын төр иргэнийхээ эрх ашгийг өмнөө тавих талаар Монголын төрөөс илүү байж чадлаа. Бас нэг жишээг харьцуулья.
УИХ-ын гишүүн асан Сайхансамбуу Нарантуул захын газрыг эзэмшдэг. Нарантуулд аж амьдралаа залгуулж буй мянга мянган монголчууд арилжаа наймаа эрхэлж буй. Ажиллах нөхцөл нь ерөөсөө өндийж, өөдлөлгүй 30 жил боллоо. 30 жилийн өмнөхөөрөө, бахь байдгаараа. Эзэн л түрээсээр хөрөнгөжсөөр. Тэнд худалдаа арилжаа эрхлэгчдийн амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулахыг эзэн Сайхансамбуу нь санаж сэддэггүй юм байж. Тэгвэл Монголын төр, Нийслэл , дүүргийн захиргаа, Монголын Үйлдвэрчний Эвлэл гээд эрхийг нь хамгаалах байгууллагууд яагаад шахаж, шаардаж болохгүй гэж. Нарантуулыг, Гонконгийн захтай харьцуулбал бид их хоцорчээ. Дэндүү "дуулгавартай" , хүлцэнгүй байдалдаа хавтгайдаа дасчээ. Арчаагүй ч гэж хэлэхэд багадна. Сулхан, хэлсэндээ хүрдэггүй, өнөөгийн Монгол төрийн балгийг ч ард иргэд үүрч, ядарч сульджээ. Гэтэл Хятад улс хүчирхэгжиж, ард иргэд нь өндийсөн жишээг Гонконгийн захын хөгжил дэвшил илэрхийлнэ. Тус захын худалдаачид бол 30 жилийн тэртээ, манай нэгэн сайд хатагтайн оноож хэлснээр "улны" давхаргынхан байж таарах нь. Тэгтэл тэд өнөөдөр Хятадын чинээлэг давхаргад нэгэнт шилжжээ.
Бээжин хотын төвд байр авахад 1 метр квадрат нь хоёр зуун мянган юан болж өссөн гэж бидний хөтөч Өвөрмонгол бүсгүй Ялнаа хэлсэн нь энэ зуур гялхийв. Дундаж давхарга хичнээн "бүдүүрнэ", тэр чинээгээр улсын хөгжил дээшилнэ гэдэг. Хятад улсын дундаж давхарга тасралтгүй өсөн тэлж буй аж. Төрийн бодлого иргэддээ хүрнэ, онилсон сум нь байгаа ононо гэдэг энэ буюу. " Silk Street "худалдааны төв бол явуулын хүний нүдээр Хятад улс хэрхэн хөгжиж, цэцэглэж буйн бодит нэгэн жишээ болж байна. Харин манайх тураалд автсан нохойн гэдэс шиг тасрахдаа тултал нарийсжээ. Хоёр улсын ард иргэдийн амьдралыг худалдааны хоёр захын хөгжлөөс харьцууллаа. Төр нь иргэн лүүгээ хандсан бодлого хэрэгжүүлж, хэлсэндээ хүрч, хариуцлагатай байж, иргэдээ хөгжүүлж чадсан улс хөгждөг юм байна гэдгийг Хятад улсын төрийн бодлого өгүүлэх аж. Үргэлжлэл бий...
Ц.ЭНХБАТ