ИСЛАНДЫН ЕРӨНХИЙ САЙД АЖИЛ ХАЯЛТАД НЭГДЖЭЭ

2023-10-25  

Исланд даяар олон мянган эмэгтэйчүүд жендэрийн тэгш байдлыг хангахын төлөөх кампанит ажлын хүрээнд мягмар гарагт ажил хаялт зарласан бөгөөд түүнд тус улсын ерөнхий сайд нэгджээ.

Исландад эмэгтэйчүүд жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө долоо дахь удаагаа ажил хаялт зарлаж байна гэж кампанит ажлыг зохион байгуулагчид албан ёсны цахим хуудсандаа мэдэгдсэн байна. Анхны ажил хаялт 1975 оны аравдугаар сарын 24-нд болж байв.

“Эмэгтэйчүүдийн амралтын өдөр” буюу исландаар “Квеннафри” гэж нэрлэдэг ажил хаялтыг Исландад эмэгтэйчүүдэд тулгардаг цалин хөлсний ялгавартай байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг асуудлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг ажээ.

Исландын RÚV телевизийн мэдээлснээр, зарим сургууль, номын сан мягмар гарагт үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн тус арал дээр зөвхөн нэг банкны салбар ажилласнаас гадна ажил хаялтад эмэгтэй сэтгүүлч нар оролцсонтой холбоотойгоор сурвалжлагын тоо цөөрсөн гэдгийг RÚV үзэгчдэдээ анхааруулжээ. Түүнчлэн ажил хаялт орон нутгийн цагаар шөнө дунд хүртэл үргэлжлсэн тул нийслэлийн эмнэлгүүд зөвхөн яаралтай тусламж үзүүлсэн байна.

Нийслэл Рейкьявик хотод мягмар гаргийн үдээс хойш олон мянган эмэгтэйчүүд хотын төвийн дэргэдэх "Арнархолл" гэдэг толгод дээр цугларчээ. Ажил хаялтад оролцсон хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг нь тус улсын Ерөнхий сайд Катрин Якобсдоуттир байв. Тэрбээр мягмар гарагт “албан үүргээ гүйцэтгээгүй” гэж түүний ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч CNN телевизэд мэдээлжээ.

Мөн мягмар гарагт болох ёстой байсан засгийн газрын хуралдаан хойшлогдсон гэдгийг хэвлэлийн төлөөлөгч хэлээд, Ерөнхий сайд исланд эмэгтэйчүүдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулахыг хүсэж байгааг онцолжээ. Мөн Ерөнхий сайдын ажлын албаныхны гуравны хоёрыг бүрдүүлдэг эмэгтэй ажилтнууд бүгд ажил хаялтад оролцож, мягмар гарагт ажилдаа ирээгүй ажээ. 

 

Эх сурвалж: РЕЙКЬЯВИК, 2023 оны аравдугаар сарын 25 /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?