"FORD"-ЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 25 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

2023-10-27  

"Ford" компани болон Автомашин үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрчний эвлэл (UAW) зургаан долоо хоног орчим үргэлжилсэн ажил хаялтыг зогсоох урьдчилсан тохиролцоонд хүрч, ажилчдын цалинг урьд өмнө үзэгдээгүй их хэмжээгээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ тохиролцоо бол "Ford", "General Motors", "Stellantis" гэсэн гурван том компанийн ажилчдын ажил хаялтыг зогсооход чиглэсэн эхний алхам юм. Одоо уг тохиролцоог үйлдвэрчний эвлэлийн удирдлага ба гишүүд батлах ёстой. Хэрэв шинэ гэрээг "Ford"-ын  ажилчид зөвшөөрвөл “GM” ба “Stellantis”- тэй хэлэлцээ хийх жишиг тогтох юм. 

UAW-ийн ерөнхийлөгч Шон Фэйний хэлснээр, цалинг эхний ээлжинд 11 хувиар, ирэх дөрвөн жил хагасын хугацаанд 25 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Мөн хамгийн бага цалинтай түр ажилчдын цалин энэ хугацаанд 150 гаруй хувиар нэмэгдэнэ. 

"Бид Кентуккигийн ачааны машины үйлдвэр, Мичиганы угсралтын үйлдвэр, Чикагогийн угсралтын үйлдвэрүүдийн ажлыг сэргээж, "Ford"-ын 20 мянган ажилчдыг ажилд нь эргүүлэн оруулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллан хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхэд анхаарлаа хандуулж байна" хэмээн Фордын гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхийлөгч Жим Фарли мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү урьдчилсан тохиролцоог сайшаажээ. 

Есдүгээр сарын 15-нд эхэлсэн ажил хаялт бол UAW-ийн 88 жилийн түүхэнд автомашин үйлдвэрлэгч гурван том компанид нэгэн зэрэг болсон анхны ажил хаялт юм.

UAW-ийн гишүүд GM-ийн Арлингтон дахь Техасын угсрах үйлдвэр, Фордын Кентакки дахь хүнд даацын пикап автомашны үйлдвэр, Мичиган мужийн Стерлинг Хайтс дахь Стеллантисын Рам пикапын үйлдвэр зэрэг олон үйлдвэрийн ажлыг зогсоожээ.

Одоогоор “GM” болон “Stellantis”-ийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд ажил хаялтаа үргэлжлүүлсээр байна.

 

Эх сурвалж: ЛАНСИНГ, 2023 оны аравдугаар сарын 26 /ВВС/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?