СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурганаар 10 хүн амиа алджээ

2023-11-06  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас 10 хүн амь эрсэдсэн харамсалтай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өглөө.  Төв аймгийн Эрдэнэсант суманд таван эмэгтэй, нэг хүүхэд, Лүн суманд нэг эмэгтэй малаа хариулж яваад нас барсан байна. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг эрэгтэй мориор гэртээ харих гэж яваад эндсэн байна. Мөн Баян-Өлгий аймгийн Буянт суманд голын мөс цөмөрч хоёр хүн нас баржээ.

ОБЕГ-аас гаргасан мэдээллийг хүргэе.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

  • Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Сайн хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 22:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С /45 настай, эмэгтэй/ хоёр хүүхдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 13:07 цагт иргэн С/45 настай, эмэгтэй/, Е/12 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус багийн “Майханы-Ар” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 15 км/-аас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Иргэн Г/17 настай, эрэгтэй/ нь малчин С-ийн гэрт эсэн мэнд очсон байсан.
  • Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум. Эмгэд багийн “Сүх далайх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ Тус сумын харьяат малчин Ж нь 11.04-ний өдрийн 20:00 цагт гэртээ харихаар мориор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд малчин Ж/43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:04 цагт тус багийн “Бараан хадны дэл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/-аас цогцсыг олсон.
  • Төв аймаг, Эрдэнэсант сум. Боргилт багийн “Хар чулуу” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 296 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат иргэн Б, Н нар 11.04-ний өдрийн 09:00 цагийн орчимд автомашинаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд орон нутгийн 5 иргэнтэй хамтран иргэн Б/43 настай, эмэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:07 цагт тус багийн “Хар чулуутын дээд-Өндөр” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 15 км/-аас цогцсыг нь олсон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг (7 алба хаагч, 1 автомашин)-ийг Эрдэнэсант сумын Угалзат багийн “Шар толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км/-аас буцаасан.
  • Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Уртын гол” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 291 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин А нь 11.04-ний өдрийн 19:00 цагт явганаар малаа хурааж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан.  Ар гэрийн хоёр морьтой иргэн тус сумын харьяат малчин А/35 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 09:00 цагт тус багийн “Уртын гол” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 500 метр/-аас цогцсыг олсон.
  • Төв аймаг, Эрдэнэсант сум. Баргилт багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 302 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 11.04-ний өдрийн 20:00 цагийн орчимд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд, ар гэрийн 8 хүнтэй хамтран иргэн Б/42 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 06:00 цагт тус багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 200 метр/-аас цогцсыг олсон.
  • Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Аргалын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Г нь 11.04-ний өдрийн 20:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.06-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Саахалт айлын малчин Д мориор мал хариулж яваад малчин Г/47 настай, эмэгтэй/ “Бор толгой” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 2 км/-аас цогцсыг олсон.
  • Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Уулзвар багийн “Нумт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Тус сумын харьяат иргэн Э нь 2 хүүхдийнхээ хамт суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид иргэн Э/47 настай, эрэгтэй/, Э/14 настай, эрэгтэй/, Е /5 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:25 цагт тус багийн “Хонхор” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 33 км/-аас эсэн мэнд олсон.
  • Баян-Өлгий аймаг, Буянт сум. Өмнө гол  багийн “Өмнө гол”  гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт  22 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Шар нуурын мөс цөмөрч  суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус аймаг дахь Цагдаагийн газрын 6 алба хаагчтай хамтран 22 км зам туулан 16:18 цагт очиход Өлгий сумын төвөөс Буянт сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Елентра” загварын суудлын автомашин живсэн бөгөөд иргэн Э/53 настай, эрэгтэй/, Н/52 настай, эмэгтэй/ нар нуурын мөсөн дээр нас барсан, иргэн С/53 настай, эмэгтэй/, Н/53 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд айлд очсон байсан. Живсэн автомашиныг нуурын эргээс 200 метр, 1.40 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт гаргасан.

​Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?