УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Хуульд улсын төсвийн 92.9 хувийг татварын орлогоос бүрдүүлнэ гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жилийн төсөв болох 25 их наядын ачаалал ард түмний нуруун дээр ирж байна. Уг нь МАН татвар нэмэхгүй гэж ард түмэнд амлалт өгч гарч ирсэн. Гэвч тасралтгүй найман жил төрийн эрх барихдаа татварыг шат дараатай нэмж байв. Хамгийн сүүлд гэхэд импортын автомашины татварыг нэмэх, хотын төв рүү зорчих тээврийн хэрэгслээс татвар авдаг болно гэхчлэн татварын чангатгасан бодлого оруулж ирэв. Энэ бүх татварын ачаалал ард түмний нуруун дээр л бууна.
Жилээс жилд төсөв тэлж байгаатай холбоотой иргэдийн төлөх татварын хэмжээ тэр хэрээр нэмэгдэж байгаа. Аж ахуйн нэгж, иргэдийн татвар сүүлийн гурван жилд 12.6 их наядаар нэмэгджээ. Төсөв бүрдүүлэх байдлаар татвар нэмэх нь хамгийн буруу гаргалгаа гэдгийг захын эдийн засагч хэлнэ. Яг үнэндээ татварын дарамтад сөхөрч хаалгаа барих аж ахуйн нэгжүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Тэгвэл энэ цаг үед сөрөг хүчний дуу хоолой нийгэмд үгүйлэгдэж байна. Хуучин Ардчилсан нам татварын ачааллыг бууруулах бодлого дэвшүүлсэн нь амжилттай хэрэгжиж байв. Тухайлбал, “Дөрвөн 10”-ын бодлого нь байна. 2004 онд Ц.Элбэгдорж гудамжнаас Ерөнхий сайд болж гарч ирээд бүх татварыг 10 хувь болгож бууруулах ажлыг эрчимжүүлсэн. АН-ын энэ амлалтыг ард түмэн алга ташин хүлээж авч байлаа. Тэд ч биелүүлсэн. Тодорхой сануулбал, нийгмийн даатгалын хувь хэмжээнд өөрчлөлт оруулж, ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 19 хувийг 10 хувьд буулгаж байлаа.
Иргэд, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүд үнэхээр хүнд байдалд байгаа өнөө үед Ардчилсан нам дахиад татварыг арван хувь болгож бууруулна гэдгээ дахиад зарла. Мэдээж эрх баригч МАН халамжийн бодлогоо нэмэхтэй зэрэгцээд татвараар чангална. Барууны үзэл баримтлалтай Ардчилсан намын хувьд энэ бодлогыг сөрөх ёстой. Бизнес эрхлэгчдэд ажлын байр бэлдэж, төрийн өмчит компаниудыг хувьчилж, татварыг бууруулах бодлого дэвшүүлбэл ирэх сонгуульд ялах нь гарцаагүй. Дээрээс нь өнөөдөр алаг цоог ялгамжтай олгож байгаа ипотекийн зээлийг зургаан хувь болгож, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогуудыг зарлах хэрэгтэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин