Украин, Молдова улсуудыг Европын Холбоонд (ЕХ) элсүүлэх асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийг Европын комиссоос Европын Зөвлөлд лхагва гарагт зөвлөмж болголоо.
Мөн Гүрж улсад ЕХ-ны гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олгохыг зөвлөснийг тус холбооны хэвлэлийн мэдээнд дурджээ.
"Украин улсад ЕХ-ны гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олгох шийдвэр нь дайн үргэлжилж байгаа хэдий ч Украины ард түмний тууштай дэмжлэгтэйгээр явагдаж буй шинэчлэлийн үйл явцад хүчтэй түлхэц өгсөн" гэж хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
“ЕХ-нд элсэх хүсэлтийн талаарх Комиссын дүгнэлтэд тусгагдсан есөн алхмыг хэрэгжүүлэхэд Молдова улс чухал ахиц дэвшил гаргасан” гэж Европын Комиссын цахим хуудсанд мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд тус улсын ЕХ-ны гишүүнээр элсэхэд шаардагдах хууль эрх зүйн шинэчлэл, авлигатай тэмцэх арга хэмжээний хэрэгжилт, олигархаас ангижрах төлөвлөгөө болон бусад ололтыг тусад нь онцлон тэмдэглэжээ.
"Сүүлийн саруудад Гүрж улс ЕХ-той харилцаа холбоогоо бэхжүүлж, шинэчлэлийг түргэсгэх алхмуудыг хийсэн" гэж хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Мөн Босни Герцеговина улсыг ЕХ-нд элсүүлэх тухай хэлэлцээг "гишүүнчлэлийн шалгуурт хүрсэн даруйд" эхлүүлэхийг Европын Комисс зөвлөжээ. Мөн "энэхүү хэлэлцээ эхлэхтэй холбоотой бүхий л салбарт гарсан ахиц дэвшил, хэрэгжилтийг Комисс тасралтгүй хянаж, 2024 оны гуравдугаар сард багтаан Европын Зөвлөлд тайлагнана" гэж хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Эх сурвалж: БРЮССЕЛЬ, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /VoA/