ЭНЭТХЭГЭЭС 250 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ АМЬТНЫ ЧУЛУУЖСАН ҮЛДЭГДЭЛ ОЛДЖЭЭ

2023-11-15  

Энэтхэгийн Баруун Бенгал мужаас 250 сая жилийн настай амьтны чулуужсан үлдэгдэл олджээ. Энэ нь одоогийн матрын өвөг дээдэс болох амьтных бөгөөд тус улсаас олдсон анхны ийм чулуужсан олдвор аж. 

“Samsarasuchus palemae” гэж нэрлэсэн уг амьтан нь палеозойн эриний сүүл үе, мезозойн эхэн үед буюу 335-175 сая жилийн өмнө  оршин байсан Пангея тивд Триасын эрин үед хамаарах ажээ. Энэхүү нээлт нь Энэтхэгийн эртний биологийн төрөл зүйлийн талаар үнэ цэнтэй мэдээлэл өгнө гэж эрдэмтэд найдаж байна.

"Уг олдвор нь ийм төрөл зүйлийн амьтан тус бүс нутагт байнга нутаглаж байсныг харуулж байна. Эдүгээ Бенгалын мангро модон ойд буй матрууд нь 250 сая жилийн өмнөх өвөг дээдэстэйгээ маш төстэй" гэж археологич Рупендра Кумар Чаттопадхай ярилаа.  

Судалгааны багийнхан анх 2015 онд уулын чулуулагт хадгалагдан үлдсэн энэ төрлийн сээр нуруутан амьтны үлдэгдэлтэй таарч байжээ. Тэд уг үлдэгдлийг “Proterosuchidae” овгийн зүйл гэж үзээд бусад улс оронд олдсон ижил төстэй олдворуудтай харьцуулж үзсэн байна. "Бид уг амьтны төрөл зүйлийг баталгаажуулахын тулд чулуужсан үлдэгдлийн дээжийг цуглуулж, Хятад, Өмнөд Африкт олдсон бусад ижил төстэй олдворуудтай харьцуулан судалсан" гэж Энэтхэгийн Статистикийн хүрээлэнгийн Геологийн судалгааны хэлтсийн профессор Дхуржати Сенгупта ярилаа.

Өмнөх судалгаагаар “Proterosuchidae” нь динозавр, шувуудын өвөг дээдэс буюу эртний мөлхөгчид болох архозавруудын ойрын төрөлд тооцогддог байжээ. Тэдгээрийн биеийн урт нь 1.5-4 м хүрдэг бол сонсголын эрхтний бүтэц нь одоогийн матруудтай адил буюу ихэнх цагаа усан дор өнгөрүүлдэг байсныг илтгэнэ. Одоогийн матруудаас ялгарах гол онцлог нь энэ төрлийн матрууд доош унжсан хоншоортой тул идэш хоолоо олоход дөхөмтэй байжээ.

Эх сурвалж: Монцамэ, Times of India

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?