Туркийн Төв банк инфляцын өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ 40 хувьд хүргэж өсгөлөө.
Өмнө нь бодлогын хүү 35 хувь байсан бөгөөд энэ удаагийн өсөлт нь урьдчилан таамаглаж байснаас хамаагүй өндөр байв. Харин Туркийн Төв банкны удирдлага үүнийг тайлбарлахдаа "инфляцыг бууруулахад шаардлагатай хэмжээнд бодлогын хүү дөхөж байна" гэлээ.
Инфляцын түвшин 10 дугаар сард 61.36 хувьд хүрч, ирэх оны тавдугаар сард 70-75 хувь болж дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна.
Дэлхийн хэмжээнд төв банкууд үнийн өсөлтийг сааруулахын тулд бодлогын хүүгээ өсгөж байсан бол Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үүнийг үгүйсгэж "бодлогын хүү өндөр байх тусам үнэ улам өснө" гэж үзэж байлаа. Харин тавдугаар сард улиран сонгогдсоноосоо хойш түүний байр суурь өөрчлөгдсөн юм.
Зээлийн хүүг өсгөж, зээлийн өртгийг нэмэгдүүлснээр үнийн өсөлтийг сааруулахын тулд 8.5 хувь байсан бодлогын хүүг 40 хувьд хүргэж өсгөхийг Туркийн Ерөнхийлөгч Эрдоган саяхан Төв банкны тэргүүнээр томилогдсон Хафиз Гайе Эрканд зөвшөөрчээ.
“Мөнгөний хатуу бодлого удахгүй зөөлөрнө. Гэхдээ үнийн тогтвортой байдлыг хангахын тулд тодорхой хугацаанд зээлийн хүүг өндөр түвшинд байлгана” гэж Төв банк мэдэгдсэн байна.
Туркийн эдийн засаг Ерөнхийлөгч Эрдоганы эрх барьж байсан эхний жилүүдэд огцом өссөн бол сүүлийн жилүүдэд өсөлт илт удааширч байгаа юм. Инфляц өндөр байх үед бодлогын хүүг бууруулахад чиглэсэн Төв банкны өмнөх бодлого нь 2021 онд валютын хямралыг үүсгэсэн тул Засгийн газар лирийг ханшийн уналтаас хамгаалах арга хэмжээ авахад хүрсэн юм.
Эх сурвалж: АНКАРА, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /ВВС/