Иргэний агаарын хувийн тээвэрлэгч “Аэро Монголиа” компани хоёр дахь “Airbus 319-115” агаарын хөлгөө өнөөдөр хүлээн авлаа.
“Airbus” үйлдвэрийн тус нисэх онгоц нь 143 хүний суудалтай юм. “Аэро Монголиа” ийм агаарын хөлөгтэй болсноор нислэгийн давтамжаа нэмэгдүүлж, Сөүл, Токио, Ханой, Хөх хот руу хямд зардлаар аялах боломжийг эхлүүлж буй аж.
Түүнчлэн БНХАУ, БНСУ, Сингапур болон Вьетнам улс гэсэн олон чиглэлд аялал жуучлалын компаниудтай хамтран захиалгат нислэг үйлдэх боломж илүү нээлттэй болж буйг компанийн удирдлага мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлах зорилт хэрэгжиж, ЗТХЯ-наас энэ оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарлаж, агаарын тээврийн салбарт хямд тийз, хүртээмжтэй нислэг гэсэн зорилт тавин дэлхийн 40 улсын 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг нээгээд байна.
“Аэро Монголиа” компанийн хувьд 2003 оноос олон улсын болон орон нутгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Тус компани 145 хүний суудалтай “Аirbus 319-112”, мөн 143 хүний суудалтай “Airbus 319-115”, 50 хүний суудалтай “Embraer ERJ145” агаарын хөлгүүдтэй, олон улсын чиглэлд Сөүл, Токио, Ханой, Эрхүү, Хөх хот, Тяньжин, орон нутагт Мөрөн, Баян-Өлгий, Даланзадгад, Ховд, Завхан, Увсын чиглэлд нислэг үйлдэж байна.