Р.СУНАК ГРЕКИЙН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАХААС ТАТГАЛЗЖЭЭ

2023-11-28  

 Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакистай мягмар гарагт буюу өнөөдөр хийхээр төлөвлөж байсан уулзалтаа цуцалжээ.

Тэд эртний Парфенон сүмийн гайхамшигт бүтээлүүдийг Их Британийн музейгээс эргүүлэн авах талаар ярилцахаар төлөвлөж байжээ. "Бидний төлөвлөсөн уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө Их Британийн Ерөнхий сайд уулзалтаа цуцалсанд санаа зовниж байна" гэж К.Мицотакис мэдэгджээ.

"Грек, Их Британи хоёр уламжлалт найрамдалт харилцаатай бөгөөд хоёр талын харилцаа маш өргөн хүрээг хамардаг. Парфеноны баримлыг буцаан авах талаарх Грекийн байр суурийг бүгд сайн мэдэж байгаа. Британийн ерөнхий сайдтай энэ асуудлыг хэлэлцэх боломж олдоно гэж найдаж байлаа. Түүнчлэн Газын зурвас, Украин, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг олон улсын хэмжээний томоохон асуудлуудаар санал бодлоо солилцохоор төлөвлөсөн байв. Өөрийн байр суурийг зөв, шударга гэдэгт итгэдэг хүн сөрөг баримтаас хэзээ ч айдаггүй " гэж Грекийн Ерөнхий сайд ярьсан байна. 

Грекийн Ерөнхий сайд Лондонд ажлын айлчлал хийж байгаа бөгөөд Их Британийн засгийн газрын тэргүүнтэй мягмар гарагт уулзахаар төлөвлөсөн байлаа.

ХIХ зууны үед Грекийг захирч байсан туркчуудаас Акрополисын Парфенон сүмийн чулуун баримлуудын заримыг авах зөвшөөрөл авсан Османы эзэнт гүрэн дэх Английн элчин сайд асан Лорд Элгин (1766-1841) Лондон хот руу 1802 онд 12 ширхэг баримлыг илгээжээ. Эртний Грекийн сүм, эртний уран барилгын дурсгал болох Парфеноны сүмийн гантиг чулуун чимэглэлийн хавтангууд ба бусад хэд хэдэн баримлууд бүхий цуглуулгыг 1816 онд Британийн музей элчин сайдаас худалдаж авсан тул Парфеноны бүх гантиг чулуун гоёл чимэглэлийн бараг тал хувь нь Лондонд хадгалагдаж байгаа юм.

Грекийн эрх баригчид олон арван жилийн турш уг баримлыг үндэсний өвийн салшгүй хэсэг хэмээн үзэж улс орондоо эргүүлэн авахыг оролдож, тухайн үеийн элчин сайдын үйлдэл хууль ёсных байсан эсэх, Османы султанаас авсан зөвшөөрөл нь үнэн бодитой эсэхэд эргэлзсээр ирсэн юм.

Хариуд нь, Лорд Элгиний үйлдэл тухайн үед хууль ёсных байсан, чулуун баримлууд Британийн музейд бүрэн бүтэн хадгалагдаж, хүн бүр үнэ төлбөргүй үздэг хэмээн Афины шаардлагыг Лондон байнга няцаадаг байв. 2009 онд Акрополисын шинэ музей нээгдсэний дараа Грекийн албаныхан мэдэгдэхдээ, нийт 20 мянган хав.дөр.м талбай бүхий асар том энэ музей нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн Парфеноны уран баримлуудыг бүхэлд нь дэлгэн үзүүлж, бүрэн бүтэн байдлыг нь хангах боломжтой" гэж байв.

 

Эх сурвалж: АФИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?