МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫНХНААРАА БАХАРХАН БАЯРЛАСАН САЙХАН ӨДӨР БАЙЛАА

2023-12-02  

C:UsersGanaaDesktopIMG_6789.jpeg

    “Монголын Морин хуурын чуулга”-ынхан Монгол бахархлын өдрөөр Эзэн хааны нэрэмжит “Чингис хаан” одон хүртэж олон түмэн энэ чуулгынхнаараа баярлаж бахархсан эерэг уур амьсгалтай сайхан өдрүүд ойрхноо тохиож өнгөрлөө. Сонин хэвлэл, телевиз, радио, олон нийтийн цахим сүлжээгээр ч тус чуулгынханд баяр хүргэсэн сэтгэгдэл, магтаалууд цуваастай. “Эзнээ олсон шагнал...” энэ тэр гээд л шагшин шуугиж, магтацгааж байна. Сэтгүүлч миний бие ч тэдний нэг. Хэдэн жилийн өмнө “Хү” хамтлагийг Чингис хааны одонгоор шагнахад дараагийн энэ дээд одонг авах эрэмбэтэй урлаг соёлын хамт олон бол яалт ч үгүй “Монголын Морин хуурын чуулгынхан” гэдэгт би итгэлтэй байсан. Ойр тойрныхондоо ч үүнийг хэлж ярьж, зарим нийтлэл тэмдэглэлдээ ч энэ тухайгаа цухалзуулж л явлаа. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсад зохион байгуулсан олон талт арга хэмжээний хаалтын ёслол хүндэтгэл болгож Морин хуурын чуулгын тоглолтыг Токио хотноо Эн Эйч Кэй-гийн (NHK) концертын танхимд зохион байгуулсныг монгол түмэн мэдэх билээ. Энэхүү хүндэтгэлийн тоглолтыг Японы Эзэн хаан Нарүхито, эрхэмсэг хатан Масакогийн хамт таалан соёрхож үзсэн. Японы Засгийн газрын урилгаар тус оронд Төрийн айлчлал хийсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Эрхэмсэг Эзэн хаан, Эрхэмсэг хатан нартай зэрэгцэн сууж Морин хуурын чуулгынхаа тоглолтыг сэтгэл хангалуун үзэж сонирхсон билээ. Үүнийг тэрлэгч миний бие Монголд элэгтэй, Морин хуурын чуулгынханд бүр ч илүү элэгтэй, энэ чуулгын уран бүтээл, чуулгын хамт олныг олон жил түшиж дэмжиж ирсэн Осака хот дахь Япон Монголын эдийн засаг, соёлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын соёлын элч цол хэргэмт  хатагтай Сато Норикогийн санал болгосноор Токио хотноо очиж Эн Эйч Кэй-гийн тайзнаа болсон тэрхүү тоглолтыг сурвалжилж, монголынхоо сонин хэвлэл, сайтуудад түүнийгээ нийтлүүлж байв. Эн Эйч Кэй-д хийсэн тэр тоглолтын дараа Морин хуурын чуулгынхан Сато Норико хатагтайн зохион байгуулснаар Японы Осака, Фүкүоко, Ёнаго, Хоофү гээд арваад хотоор хорь гаруй хоногийн аялан тоглолт хийж ардын урлаг соёл, морин хуурынхаа ур чадлаар Японы олон мянган үзэгчдийг бишрүүлж яваад ирсэн. Би ч хорин хэдэн хоног энэ хамт олны тэр тоглолтуудыг дагаж сурвалжилсан юм. Тоглолт бүрийг нь япон үзэгчид бишрэл хүндэтгэл дүүрэн үзэж ихэд таашааж буйг дэргэдээс нь харж, Морин хуурын чуулгынхнаараа бахархаж явлаа. Зарим япон үзэгч хотоос хот дамжин хоёр гурван удаагийн тоглолт үзсэн тухайгаа ярьсаныг сонсож нийтлэл сурвалжлагадаа ч тэдний тэр сэтгэгдлийг нь оруулж байв. Ер нь гадаадад, дэлхийн алдартай тайзнаа тоглосон энэ чуулгынхны тоглолт бүр нь тухайн орны үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, бишрүүлдэг болохыг урьд өмнө би бас сонсдог байлаа. Парисын ЮНЕСКО-гийн танхимд арваад жилийн өмнө тоглосон тоглолтынх нь тухай Францад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэртийн Алтангэрэл эрхэм, бас Парисын Дорно дахины Их сургуульд зочин багшаар ажиллаж байсан, Монголын дууны шүлгийн их мастер гэгддэг нэрт яруу найрагч Загдын Түмэнжаргал нар ихэд магтан ярихыг Парис хотноо тэднээс сонсож  явлаа. ЮНЕСКО-гийн Парисын товчоонд нэгэн цаг үед удирдах алба хашиж байсан, одоо МУИС-ийн Ректор болоод буй Профессор Дэндэвийн Бадарчтай Москвагийн ЮНЕСКО-гийн товчоог удирдаж байх нэгэн цаг үед андын хувьд Москвад гэрт нь дайлуулж цайлуулж суухдаа Парист болсон Морин хуурын чуулгын тэр нэгэн концертын талаарх сэтгэгдлийг нь сонсох завшаан тохиож байлаа. Тэрээр “ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова Монголд айлчилсаны дараахантаа Морин хуурын чуулга Парисын ЮНЕСКО-гийн танхимд концертоо толилуулсан юм. Олон орны төлөөлөгчид, Элчин сайдын зиндааныхан тэр концертыг үзэцгээсэн. ЮНЕСКО-гийн ажилтан миний бие Ерөнхий захирал болон бусад удирдлагуудтайгаа хамтдаа үзсэн болохоор тэдний сэтгэл хөдлөлийг анзаарч байсан. Тоглолтын завсарлагаар Ирина Бокова захирал манай Элчин сайд Ш.Алтангэрэл болон элчин яамны ажилтнууд, мөн ЮНЕСКО-д алба хааж буй надад  баяр хүргэж байв. Манай ардын урлаг, морин хуурын чуулгыг Дэлхийн боловсрол соёлын дээд байгууллага өндөр үнэлсэн, тэнд байсан бидний монголчууд Морин хуурынхаа чуулгаар баярлаж бахархсан тийм нэгэн сайхан үдэш байсан...”гэж ярьж байсан юм. 

    Саяхандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Францад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Парист Версалийн хааны ордоны Дуурийн театрт Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгынхан маань ээлжит тоглолтоо хийж Францын улс төр, урлаг соёлын дээдсийн хүрээллийнхэнийг дахин нэг шуугиулж тэднээс өндөр үнэлэлт аваад ирж байв. Манай хэвлэл мэдээллийнхэн ч тэр тухай нь  магтан бичиж байцгаасан. Монголын ард түмний бахархал болсон Морин хуурын чуулгынхан маань Эзэн Хааны төрсөн өдөр хэмээн тогтоосон Монгол Бахархлын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Эзэн Чингис Хааныхаа нэрэмжит одон хүртсэн нь ардын урлаг, уламжлалт өв соёлдоо хайртай хэн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн баярт сайхан үйл явдал боллоо.    Өнгөрсөн оны сүүлээр Японы Токио хотноо Эн Эйч Кэй-д болсон Морин хуурын чуулгын тоглолт, мөн Японы арваад хотоор аяласан хориод хоногийн тоглолтыг сурвалжилж нийтлэл тэмдэглэл тэрлэж сонин хэвлэлд гаргаж байсныг минь үнэлсэн юм байлгүй, Морин хуурын чуулгад “Чингис хаан одон” хүртээх ёслолд оролцох урилга надад ирэв. Би ч энэ ёслолд баяртайяа очиж оролцов. Оролцогсдын сэтгэлийг догдлоосон маш гэгээлэг сайхан арга хэмжээ болдог юм билээ Эзэн хааны нэрэмжит одон гардуулах энэхүү ёслол. Өмнө нь одон хүртсэн эрхэмүүд ёслол хүндэтгэлийн танхимд мэнд усаа мэдэлцэн хөөрөг зөрүүлэн өөр хоорондоо халуун дулаан яриа өрнүүлэн тааваараа сууцгааж байх. Төрийн ёслолын алба оролцогсодыг одон гардуулах ёслолоос цаг хагасын өмнө Төрийн ордонд хүрэлцэн ирэхийг урьдаг нь ч энэ л тав тухтай, халуун дулаан орчныг бүрдүүлэхийн тулд юм билээ. Урлаг соёл, улс төрийн нэрт лидерүүд энд уригддаг аж. Монголын Бурхан шашинтны хуучин шинэ хоёр тэргүүн хамба Монгол улсын ардын зохиолч Тангадын Галсантай хүндэтгэлийн буйднаа зэрэгцэн сууж тухалсан байв. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Думаагийн Содном, Монгол улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, УИХ-ын дарга асан Раднаасүмбэрэлийн Гончигдорж, УИХ-ын дарга асан Дамдины Дэмбэрэл, БНМАУ, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Монголын сансарын анхны нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, цөмийн физикийн нэрт эрдэмтэн, доктор Хавтгайн Намсрай, нэрт яруу найрагч, зохиолч Гомбожавын Мэнд-Оёо, хөгжмийн зохиолч, “Хү” хамтлагийн продюсер Баярмагнайн Дашдондог, газарзүйн нэрт эрдэмтэн, доктор Дэчингунгаагийн Доржготов нарын эрхэмүүд эзэн хааныхаа одонгоор гоёод хүндэтгэлийн суудалд заларцгаасан байлаа. Ёслолын хувцастай үйлчлэгч залуус тэдэнд болон энд хүрэлцэн ирсэн зочдод цай кофе, хөнгөн зууш санал болгон үйлчилж байлаа.

C:UsersGanaaDesktop20231114_101407.jpg

C:UsersGanaaDesktop20231114_094501.jpg

C:UsersGanaaDesktop20231114_095038.jpg

 Одон гардуулах ёслол эхлэхээс хориод минутын өмнө зочдыг цол хэргэмийнх нь эрэмбэ дэсээр дуудан Эзэн хааны одон гардуулах Төрийн есөн хөлт цагаан тугт ёслолын танхимд урих юм. Зочдыг ёслолын танхимын үүдэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин нар хүндэтгэн угтаж, ёслолын албаны залуус эрхэм хүндтэй зочдоо суудалд нь тусгайлан хүргэж үйлчилдэг юм байна. Зочдын нэрсийг ч суух суудалд нь бичээд тавьчихсан байх юм билээ. Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Соёлын сайд Ч.Номин нарын улс төрчид болон жил жилийн Чингис хаан одонт эрхэмүүд суудалдаа заларсаны дараа шагнал хүртэх Морин хуурын чуулгынхан танхимд орж ирж Төрийн есөн хөлт цагаан туг, Эзэн Хааны эш хөрөг, Төрийн далбаа залсан хойморт суудлаа эзэлцгээлээ. Тэд тоглолтынхоо алтан шаргал хувцсаа өмсөж морин хуур болон бусад хөгжмөө зэхсэн байв. Тус чуулгын гоцлол морин хуурч, Монгол улсын гавьяат жүжигчин Р.Амарбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин, ёочин хөгжимчин О.Мөнхтогтох, гоцлол морин хуурч, удирдаач СТА Н.Жигжиддорж, ятга хөгжимчин СТА Б.Алтантуул нар танхимд бидний ойролцоо сууж байна лээ. Зарим нь танхимаас үйл явдалд оролцох зохион байгуулалтыг эднийхэн бодолцож хийсэн нь энэ байх. Урлаг соёлын болон улс төрийн лидерүүд, жил жилийн Чингис хаант одонтнууд гээд нийтдээ дал орчим зочид одон гардуулах энэ удаагийн ёслолд уригдсан юм уу гэж би баримжаалав. Төрийн ордны ёслолын албаныхан энэ хүндтэй арга хэмжээний урилга заллага, зохион байгуулалтыг тал талаас нь их л бодож боловсруулж тун чамбай хийдэг юм байна гэж надад санагдаж байлаа. Жилдээ ганц удаа болдог өндөр хэмжээний ёслол хүндэтгэл болохоор арга ч үгүй байх. Нам улс төрийнхэн,  иргэд, олон түмний оролцоог хувь тэнцүү байх талаас нь ч анхаарсан бололтой. УИХ-д суудалтай нам бүлгийн дарга нар энд хүрэлцэн ирсэн байна лээ. Өмнөх он жилүүдийн ёслолоос анзаарч байхад үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмүүд энд уригддаг юм билээ. Эзэн Чингисийн одонтой Нацагийн Багабанди Ерөнхийлөгч энэ удаагийнхад хараахан ирж оролцсонгүй. Дөрөв, тав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар ч энэ удаад морилсонгүй, урилга заллага нь бодвол очдог л байлгүй. Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр эрхэм харин хүрэлцэн ирсэн байв. Нэгэн үе Монгол Улсын Соёлын яамны сайдаар ажиллаж Морин хуурын чуулгыг хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж явсан хүний нэг байх. Мэдээж Улсын Ерөнхийлөгч байхдаа ч үндэсний энэ урлагаа, энэ чуулгаа өргөж дэмжиж л байсан биз. Тийм болохоор энд морилох хүндтэй зочны нэг аргагүй л мөн байх. Бүх зочид, одон хүртэх Морин хуурын чуулгынхан танхимд суудлаа эзэлсэний дараа ёслол хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар нар овог нэр, албан тушаалаа дуудуулсаар орж ирж суудлаа эзэлнэ лээ. Ингээд л одон гардуулах ёслолыг хөтлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, телевизийн нэвтрүүлэгч Д.Цоодол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танхимд орж ирж буйг зарлав. Ёслолд оролцогчид бүгд суудлаасаа босч Ерөнхийлөгчөө хүндэллээ. Танхимд Монгол Улсын сүлд дуулал эгшиглэв. Дараа нь Морин хуурын чуулгынхан болон ёслолд оролцогсдод Монгол Улсын Ерөнхийлөгч мэнд дэвшүүлж Эзэн хааны одон хүртэх гэж буй Морин хуурын чуулгынхны гавьяа зүтгэлийг үнэлж дүгнэсэн ёслол хүндэтгэлийн үг хэлсэн юм. Дараа нь Ерөнхийлөгч Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Дэлгэрсайханы Түвшинсайханд “Чингис хаан” одонгийн энгэрийн хувилбарыг зүүж өгөв. Хар торгон дэвсгэртэй хавтанд жаазлан байршуулсан эрдэнийн зүүлт бүхий “Чингис хаан” одонг Хүндэт харуулын торгон цэргүүд энэ үеэр танхимд заллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрхүү жаазтай одонг хүлээн авч өндөрт өргөн танхимын хойморт  заларсан Морин хуурын чуулгын хөгжимчдөд нэгэнтээ харуулж хүндэтгэн ёслоод Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханд  гардууллаа. 

C:UsersGanaaDesktopIMG_6788.jpeg

 

Д.Түвшинсайхан удирдаач Морин хуурын чуулгынхаа хамт олны нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс баяр талархлаа илэрхийлж үг хэллээ. Тэрээр  үгийнхээ төгсгөл хэсэгт “...Ардын урлагийн энэ их өвийг төдийгөөс өдий хүртэл тээж, дамжуулан залж ирсэн буурлууддаа, хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд минь, чихэнд минь хамтдаа эгшиглэж байдаг их хүмүүн, нэрт хуурч багшдаа нийт Монголын ард түмний талархал юуг хамтад нь өргөе” гэж хэлээд хоолой зангируулан нулимс цийлэгнүүлж байлаа. Ингээд дараа нь “Өндөр дээд шагнал хүртсэнийх  хөгжмөөрөө ч бид бас баярласан талархсанаа илэрхийлэх нь зүй юм” гэж Түвшинсайхан удирдаач хэлээд хүндэтгэлийн тайзнаа заларсан чуулгынхнаа удирдаж нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарын бүтээлээс эгшиглүүллээ. Морин хуурч, хөөмийч СТА Н.Ашид хөгжимчдөө даган хөөмийлж байв. “Чингис хаан одон” гардуулах энэхүү ёслолын төгсгөлд Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын хөгжим, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн шүлэг “Халуун элгэн нутаг” дууг бүх оролцогсод дуулдаг уламжлалтай билээ. Чингис хаан тэргүүн зэргийн одон шинээр хүртсэн Монгол Улсын Морин хуурын чуулга, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Бүх цэргийн үлээвэр найрал хөгжмийнхэн энэхүү алдарт бүтээлийг хамтран хөгжимдөж Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Анхбаяр, О.Хүрэлбаатар, Б.Монголхүү нар гоцлон дуулсан юм. Ёслолд оролцогсод, Төр засгийн удирдлагууд бүгд л босож “Халуун элгэн нутаг” дуугаа дагаж дууллаа. Шагнал гардуулах ёслол ийнхүү өндөрлөсний дараа Төрийн ёслолын албаныхан зочдыг хүндэтгэлийн хөнгөн цайллагад урих юм билээ. “Чингис хаан одонт”-нууд, Төр засгийн удирдлагууд, улс төрийн лидерүүдийг А танхимд морилоорой гэж байв. Бусад оролцогсодыг өмнө байрлаж байсан хөлийн танхимдаа очихыг урьсан юм. Тэнд цай кофе, хөнгөн зууш зэхээстэй байлаа. Хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Эгшиглэн ХХК-ны захирал, морин хуур урлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгальжав, СУИС-ийн захирал, доктор хатагтай Э.Сонинтогос нарын бидний хэсэг нөхөд яриа хөөрөө өрнүүлэн цайлж, бас “Чингис хаан одон гардуулах ёслол” хэмээх зурагт самбарын өмнө хамтдаа зураг татуулсан шиг аяглаж байтал танхимд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар заларлаа. Тэдэнтэй хамт “Чингис хаан одонтнууд”, УИХ, Засгийн газрын зарим гишүүд, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын эрхэмүүд морилов. Тэднийг орж ирэхтэй зэрэгцээд цартай оргилуун дарс санал болгосон үйлчлэгч залуус танхимын эргэн тойрноор шаламгайлан үйлчилж эхлэв. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нар энд цугласан оролцогсдод Монгол бахархлын өдрийн баярын мэнд хүргэж хундага өргөж байлаа. Морин хуурын чуулгынханд ч ёслолд оролцогсод баяр хүргэж оргилуун дарсаа өргөж байв.

C:UsersGanaaDesktop20231114_115256.jpg

 Чуулгын хөгжимчид танхимын баруун үзүүр дэх төрийн туг залж улаан хивс урдуур нь дэвссэн “Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн Чингис хаан одон гардуулах ёслолын ажиллагаа” гэсэн зурагт хананы өмнө эгнэн зургаа авахуулцгааж байна лээ. Ийн байтал ёслолд оролцогсодыг “Монгол Бахархалын өдөр”-ийг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцохыг Ёслолын албаны ажилтан урив. Ёслолын урилга, хөтөлбөрт ч 12.00 цагт энэхүү ёслол болно гэсэн байсан юм. Төрийн гурван өндөрлөг буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон төр засгийн удирдлагуудын араас бидний оролцогсод Ёслолын албаны ажилтнуудын зааж зааварласнаар тав таваараа эгнээ болон жагсаж улаан хивс дэвссэн шатаар алгуур өгссөөр Эзэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж мэхийн ёсолцгоов. Үүгээр энэхүү бахархалт өдрийн ёслол хүндэтгэл миний хувьд өндөрлөсөн юм. Морин хуурын чуулгын жүжигчдийг Төрийн ордны гол хаалгаар тоглолтынхоо алтан шаргал хувцастай гарч ирэхэд өмнө нь Хүндэт харуулын хоёр торгон цэрэг эдний шагнуулсан “Чингис хаан одон”-г хүндэтгэлтэйгээр залж ирнэ лээ. Эзэн хааны нэрэмжит одонтнуудыгаа Улсын филормонийн хамт олон, Үндэсний урлагийнхан, ардын авъяастнуудын төлөөлөл төрийн ордны улаан хивс дэвссэн ёслол хүндэтгэлийн шатан дээр дуу хуур, хөгжим бүжиг болон угтацгааж байна лээ. Төрийн ордны шатнаа эгнэн жагссан хүндэт харуулын торгон цэргүүд ч номхон командын дор зогсож одонтуудыг 

хүндэтгэв. Хуурын гайхамшигт эгшиг, Монгол үндэсний урлагаа, Морин хуураа хүндлэн дээдэлсэн Төрт ёсны гүн хүндэтгэл байлаа энэ үйл ажиллагаа. Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн Морин хуурын чуулгынхнаараа Монголын Төр, монголын ард түмэн бахархсан,  Монгол бахархлын нэгэн сайхан түүхт өдөр байлаа өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр.

https://montsame.mn/files/65532ea23fee3.jpeg

                                                                                                                             

     Д.Цэдэн-Иш  МУСГЗ, Сэтгүүлч

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?