750 МЯНГАН ЕВРОГИЙН ҮНЭТЭЙ БӨГЖИЙГ ТООС СОРОГЧ ДОТРООС ОЛЖЭЭ

2023-12-13  

Парисын Ritz хэмээх тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөөнөөс алга болсон 750 мянган еврогийн үнэтэй алмаазан шигтгээтэй бөгжийг тоос сорогч дотроос олжээ. 

Бөгжний эзэн болох Малайзын бизнес эрхлэгч эмэгтэй үнэт эдлэл нь алга болсон тухай цагдаад мэдэгдсэн бөгөөд зочид буудлын ажилтнуудаас хэн нэгэн хүн хулгайлсан гэж сэрдэж байжээ. Гэтэл алдартай зочид буудлын хамгаалалтын ажилтнууд тоос сорогчийн уутан дотроос уг бөгжийг олсон тухай Le Parisien сонинд бичсэн байна.

Бөгжний эзэн хотын төв рүү дэлгүүр хэсэхээр гарахын өмнө зочид буудлын ширээн дээр бөгжөө орхисон гэж цагдаад мэдэгджээ. Тэрбээр хэдэн цагийн дараа буцаж ирэхэд нь ховор очир алмаазаар чимэглэсэн бөгж нь алга болсон байв.

Бөгжний эзэн Парисаас Лондон руу онгоцоор ниссэн ба бөгжөө авахаар буцаж ирэх аж. Олон улсын тансаг зэрэглэлийн сүлжээ зочид буудлын удирдлага уг эмэгтэйд тав тухгүй байдал учруулсаныхаа төлөө гурван шөнө үнэгүй байрлахыг санал болгосон хэдий ч тэрбээр саналыг хүлээж авахгүй бололтой.

Таван одтой Ritz зочид буудал нь Парисын яг төвд орших Вандом талбайн хажууханд сүндэрлэдэг бөгөөд чинээлэг, алдартай зочид үйлчлүүлдэг газар юм.

Ташрамд дурдахад, 2018 онд сүх барьсан хулгайч нар зочид буудлын үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдэж, олон сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хулгайлж байжээ. Мөн онд Саудын Арабын хааны гэр бүлийн нэг гишүүн тус зочид буудлын өрөөнөөс 800 мянган еврогийн үнэтэй үнэт эдлэлээ алдсан хэрэг гарч байв. 

 
 
Эх сурвалж: ПАРИС, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /BBC/. 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?