Венесуэлийн тал Эссекибо бүс нутгийг авахаар дахин нэхэмжилж байгааг үл харгалзан Гайана улсын Ерөнхийлөгч Ирфаан Али газрын тосны баялаг нөөцтэй тус газарт хөрөнгө оруулалт хийх, түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг дэмжсээр байх болно гэж мэдэгджээ.
И.Али Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой уулзсаныхаа дараа тус бүс нутагт энх тайвныг тогтоохын төлөө байгаагаа дахин нотолсны сацуу Гайана улс өөрийн мэдлийн нутаг дэвсгэрийг ашиглах эрхтэй гэсэн байна. И.Али, Н.Мадуро нарын уулзалт Сент-Винсент ба Гренадин улсын нийслэл Кингстаун хотод болжээ.
Талууд хилийн маргааныг даамжруулахгүй байх талаар ярилцах ёстой байв. Харин Н.Мадуро хоёр цаг үргэлжилсэн уулзалтыг ямар нэгэн мэдэгдэл хийлгүйгээр орхин гарчээ. Гаагийн Олон улсын шүүхээр асуудлыг шийдвэрлэнэ гэж Гайана мэдэгдсэн боловч Венесуэлийн тал тус шүүхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй байна.
Эссекибо бол 160 мянган хав. дөр. км талбай бүхий ширэнгэн ойн бүс бөгөөд Гайанагийн газар нутгийн гуравны хоёрыг эзэлдэг. Венесуэлчүүд 2015 онд Эссекибогийн эргийн ойролцоогоос газрын тос илрүүлсний дараа уг газар нутгийг мэдэлдээ авахаар оролдож эхэлжээ.
Н.Мадуро өмнө нь маргаантай нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийхийг зөвшөөрнө гэж мэдэгдсэн боловч Гайана улс Exxon Mobil, Chevron зэрэг хөрөнгө оруулагчидтай аль хэдийнэ гэрээ хийсэн байв.
Уулзалтын үеэр И.Али Эссекибог хамруулсан Гайана улсын газрын зураг бүхий бугуйвч зүүсэн байсан бөгөөд тэрбээр маргааныг Олон улсын шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэдгийг дахин нотолжээ. “Гайана бол түрэмгийлэгч биш, бид дайныг хүсээгүй боловч эх орноо хамгаалахын тулд бүх түншүүдтэйгээ хамтрах эрхтэй” гэж тэрбээр хэллээ.
Газрын тосны ихээхэн нөөцтэй Гайана улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2027 он гэхэд олборлолтын хэмжээ гурав дахин нэмэгдэж, өдөрт 1.2 сая торхоос давах төлөвтэй байна. Харин дэлхийд газрын тосны батлагдсан нөөцөөрөө тэргүүлдэг Венесуэлд эдийн засгийн хямрал нүүрлэжээ. 2018 онд Н.Мадуро төрийн тэргүүнээр улиран сонгогдсоны дараа АНУ тус улсын нефтийн борлуулалтад хориг тавьсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.
Эх сурвалж: КИНГСТАУН, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/