Япон, Их Британи, Италийн Батлан хамгаалахын сайд нар Токиод хэлэлцээ хийх үеэрээ дараагийн үеийн сөнөөгч онгоц бүтээх төслийн хэрэгжилтийг хариуцах байгууллагыг бий болгохоор тохиролцлоо.
Шинэ бүтэц нь Британийн BAE Systems, Японы Mitsubishi Heavy Industries, Италийн Leonardo компанийн үйлдвэрүүдийг удирдана. Тус байгууллагын төв байр нь Их Британид байрлаж, Японы талын төлөөлөгчид удирдах бөгөөд гурван улсын хэдэн зуун мэргэжилтнүүдийг Их Британи руу илгээнэ.
Японы эрх баригчд 2024 оны санхүүгийн жилд (2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ) дээрх шинэ байгууллагын үйл ажиллагааны зардалд 4 тэрбум орчим иен (28 сая орчим ам.доллар) хуваарилахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Их Британи, Итали, Япон улсууд 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоц хамтран бүтээхээр тохиролцсон юм. Улмаар Их Британи, Италийн Tempest, Японы F-X хөтөлбөрүүдийг GCAP (Global Combat Air Programme) хэмээх ерөнхий нэрийн дор нэгтгэжээ.
Уг хөтөлбөрт BAE Systems, Mitsubishi Heavy Industries, Leonardo компаниудаас гадна, гурван улсын бусад компаниуд оролцох юм. Тодруулбал, гуравдугаар сарын 15-нд Mitsubishi Electric корпорац, Британийн Leonardo UK, Италийн Elettronica компаниуд зургаа дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Энэхүү шинэ байлдааны онгоц нь Японд олон жил ашигласан F2 сөнөөгч онгоцыг орлох ёстой. Ингэснээр тус улс анх удаа АНУ-аас өөр улстай хамтран цэргийн шинэ техник зохион бүтээж байна.
Эх сурвалж: ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /Kyodo/