Л.БАЯРМАНДАЛ: "РОСНЕФТЬ"-ЭЭС САР БҮР 70000 ТОНН ДИЗЕЛЬ ТҮЛШ, 50000 ТОНН АИ92 АВТОБЕНЗИН НИЙЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДСЭН

2023-12-22  

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ОХУ-д шатахууны асуудлыг хэлэлцэх уулзалт улирал бүр болдог. Энэ улирлын уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монгол Улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд оролцоод иржээ.

Уулзалтаар хэлэлцсэн асуудал, шатахуун хомсдсон шалтгааныг УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр тайлбарлалаа.

Тэрбээр ““Роснефть” компанийн зүгээс шатахууны үйлдвэр есдүгээр сард засварт орно гэдэг мэдээллийг зургадугаар сард бидэнд өгсөн. Энэ засварыг жил бүр хийдэг. Бид энэ дагуу манай улсын хэмжээнд хэрэглэх нэг сараас илүү хугацаанд хэрэглэх нөөц бүрдүүлсэн. Гэвч ОХУ-ын зүгээс есдүгээр сарын 21-ний өдөр гэнэтийн шийдвэр гаргасан. Тэд дотоод үнийн өсөлт болон жижиг компаниудын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ хүрээнд Монгол гэлтгүй бүх оронд шатахуун нийлүүлж байгаа компаниудад хориг тавьсан. Энэ хүрээнд ОХУ-аас бүтээгдэхүүн авах боломжгүй болсон. Иймд БНХАУ-тай холбогдож, дизель түлш маш яаралтай авах ажлыг эхлүүлсэн.

ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин манайд айлчлах үеэрээ Монгол Улсыг энэ хоригоос гаргана гэдгээ мэдэгдсэн. Засгийн газар нь ч ажилласан. Гэхдээ том орон тэр дор нь шийдвэр гаргахгүй. Хуралдаанаараа асуудлыг оруулаад Монгол Улсыг хоригоос гаргах шийдвэр гаргасан. Энэ процесс явагдахад нийт 21 хоног өнгөрсөн. Энэ хооронд бид 7-9 дүгээр сард нөөцөлсөн шатахуунаа хэрэглэсэн. Одоо нөөц багассан байна. Бид сая уулзалтаар Монголд хүнд нөхцөл үүсээд байгааг хэлсэн. ОХУ-ын талаас ч хүйтэрч байгаа зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсэж байгааг хэлээд, Монгол Улсын шатахууныг тасалдуулахгүй гэдгийг ярьсан” гэв.

Харин АМГТГ-ын дарга Л.Баярмандал “Манай Улсад нийлүүлж буй шатахууны 74 хувийг “Роснефть” компани дангаараа хангадаг. Тус компанийн зүгээс сар тутамд 70 мянган тонн дизелийн түлш, 50 мянган АИ92 авто бензин нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Үүсээд буй асуудлыг шийдвэрлэж, цаашид хүссэн хэмжээгээр, төлөвлөгөөний дагуу шатахуун нийлүүлнэ гэж байна. Монгол Улс 1 литр ч бензин үйлдвэрлэдэггүй. Гаднаас хараат учраас яг тэдэн өдрийн дотор нөхцөл байдал хэвийн болно гэж хэлж болохгүй. Ер нь бол шатахуун орж ирдгээрээ орж ирж л байгаа. Иргэд сандрахгүй, хуучин авч байсан хэмжээгээрээ л аваад байвал хүрэлцээтэй байгаа” гэв.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?