Хуучин колони улс байсан Гайанад дипломат болон цэргийн дэмжлэг үзүүлэхээр Их Британийн эрх баригчид HMS Trent цэргийн хөлөг онгоцоо тус улс руу илгээхээр бэлтгэж байна.
Хөрш Венесуэл улс нь газрын тос, ашигт малтмалаар баялаг Эссекибо хэмээх бүс нутгийг өөртөө нэгтгэхээр нэхэмжилж байгаатай холбогдуулан ийм алхам хийжээ. Гайана улсын газар нутгийн гуравны хоёрыг эзэлдэг 159 мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий Эссекибог өөртөө нэгтгэнэ гэж Венесуэлийн Засгийн газар 12 дугаар сарын эхээр мэдэгдсэн юм.
Их Британийн эргүүлийн хөлөг онгоц болох HMS Truant нь одоо Барбадос арлын Брижтаун боомтод байрлаж байгаа бөгөөд зул сарын баярын дараа бүс нутагт ирж, Гайанагийн цэргүүдтэй хамтарсан сургуулилалтад оролоцох аж. HMS Trent хамтарсан сургуулилалтад оролцоно гэдгийг Их Британийн Батлан хамгаалах яам баталсан байна.
Тус улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ "Гайана улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурцадмал байдлаас сэргийлэхийн тулд бүс нутаг дахь түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллана" гэжээ.
Энэ оны есдүгээр сард Гайанагийн эрх баригчид дуудлага худалдаа зохион байгуулж, газрын тосны томоохон компаниудад Эссекибогийн эргийн ойролцоо газрын тосны хайгуул хийх зөвшөөрөл олгосны дараа Венесуэл, Гайана хоёрын хоорондох маргаан хурцадсан байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 12 дугаар сарын 3-нд бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд тус улсын иргэдийн 95 гаруй хувь нь Эссекибог муж болгон нэгтгэхийг дэмжжээ.
Санал асуулгын дараа Эссекибог Венесуэлийн нутаг дэвсгэр гэж тодорхойлсон шинэ газрын зураг, хуулиуд гарсан байна. Мадуро шинэ амбан захирагчийг томилж, бүс нутгийн оршин суугчдад Венесуэлийн иргэний үнэмлэх авахыг санал болгож, Эссекибо дахь газрын тосны ордуудыг ашиглахыг зөвшөөрснөө мэдэгджээ.
Энэ нь Венесуэл Гайана улс руу довтолж, 1982 оны Фолкландын мөргөлдөөнөөс хойших анхны дайныг Өмнөд Америкт эхлүүлж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэн байна.
Энэ сарын дундуур Н.Мадуро Гайана улсын Ерөнхийлөгч Ирфаан Алитай уулзсан юм. Тэд хамтарсан мэдэгдэл гаргаж, "Ямар ч нөхцөлд бие биедээ заналхийлэхгүй, хүч хэрэглэхгүй", "Үгээр ч, үйлдлээр ч байдлыг хурцатгахгүй" гэдгээ амлажээ.
Хоёр орны удирдагчид маргаантай бүс нутагт үүссэн аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд Гадаад хэргийн сайд нарын хамтарсан комисс байгуулах, мөн Эссекибогийн асуудлыг хэлэлцэхээр Бразилд шинэ уулзалт хийхээр тохиролцсон байна.
Гэсэн хэдий ч Венесуэлийн тал Эссекибог мэдэлдээ авах нэхэмжлэлээсээ татгалзаагүй бөгөөд маргааныг хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэх талаар хоёр тал санал зөрөлдөөнтэй хэвээр байна.
Эх сурвалж: ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /BBC/