Б.ЧИНЗОРИГ: 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ 2024 ОНООС ӨМНӨХ ТОРГУУЛЬД ҮЙЛЧЛЭХГҮЙ

2024-01-03  

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ. Эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчилна. Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Үүнд 1-3 жилээр жолоодох эрхийг хасаж, 2.7-14 сая хүртэлх төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6-36 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6-36 сар хүртэлх хугацаагаар хорино. Согтуурсан мансуурсан үедээ хоёроос дээш хүний амь насыг хохироосон бол 8-12 жилээр жолоодох эрхийг хасаж, 2-8 жил хорино.

Тэгвэл торгуулийн хөнгөлөлт дээр иргэдийн ойлголт, мэдээлэл дутмаг байсан. Тухайлбал, Зөрчил гаргасан хүн, хуулийн этгээд торгуулиа хугацаандаа төлбөл торгуулийг 50 хувиар хөнгөлнө. Хугацаа гэдэг нь 15 хоногийн хугацаанд төлнө гэсэн үг. Харин хуульд заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ. Торгуулиа төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлтэй. Гэхдээ 50 хувийн хөнгөлөлт нь 2024 оноос өмнөх зөрчлийн торгуульд хамааралгүй юм.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзоригоос тодрууллаа.

-Торгуулийг 50 хувиар хөнгөлнө гэдэг дээр иргэд ташаа ойлголттой явж байна. Гэтэл бүхний яриагаар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш зөрчил гаргасан бол торгуулийг 50 хувиар хөнгөлөх аж. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

-Өмнө нь жолоочид зөрчлийн хуулиар торгууль оногдуулсан бол 15 хоногийн хугацаанд сайн дураараа төлөх ёстой байсан. Харин нэмэлт, өөрчлөлтөөр торгууль оногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлбөл 50 хувь хөнгөлнө. Яг энэ хөнгөлөлт маань 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө шийтгэл оноосон зөрчлүүдэд хамаарахгүй. Жишээлбэл, жолооч 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд зөрчлийн хуулиар 20 мянган төгрөгөөр торгуульсан бол энэ нь хөнгөлөлтөд хамрагдахгүй гэсэн үг. Яг л тогтоосон торгуулийн төлбөрөө л төлнө гэж ойлгох хэрэгтэй.

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшхи торгуулиа заасан хугацаандаа төлөөгүй бол 50 хувиар нэмэгдүүлнэ гэжээ. Энэ талаар тайлбарлах уу?

-Дээрхтэй адилхан 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш торгуулаад түүнийгээ хугацаандаа төлөөгүй бол үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, жолооч 20 мянган төгрөгөөр торгуулахад түүнийг заасан хугацаанд төлөөгүй бол 50 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Харин 2024 оноос өмнөх торгуульд хамаарахгүй.

-Автомашинтай холбоотой төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана гэж яриад байгаа. Энэ нь 2024 оноос өмнөх торгуультай жолоочид үйлчлэх үү?

-Бүх жолоочид адилхан үйлчилнэ. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжих эрхийг хязгаарлах, жолоодох үнэмлэх авах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх эрхийг хязгаарлана. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана. Нэг ёсондоо автомашинтай холбоотой төрийн үйлчилгээ авахдаа заавал торгуулиа төлсөн тохиолдолд үйлчилнэ.

-Нийтэд тустай ажлын талаар юу хэлэх вэ?

-Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан журам гарна. Энэ журмаар хэзээнээс нийтэд тустай ажил хийлгэж торгуулийн мөнгөн дүнг барагдуулах вэ гэдгийг удахгүй танилцуулна. Үүнийг одоогийн байдлаар Хууль зүйн яаман дээр боловсруулж байна.

-Өндөр торгуультай хүмүүс нийтэд тустай ажил хийнэ гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Зөрчлийн тухай хуульд нэг удаа оногдуулах тоо нь 240-720 цаг буюу 30-90 хоногийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэнэ. Нэг өдрийн ажлын цаг найман цаг байна. Найман цагаа 15 мянган төгрөгөөр бодож торгуулиа солиулах боломжтой болно гэсэн үг.

-2023 оны байдлаар торгууль төлөлтийн явц хэр байсан бэ?

-Дөнгөж 32.8 хувьтай л байна. 50-иас дээш торгуультай 3000 иргэн бий. Эдгээр жолоочийн торгуулийн мөнгөн дүн нь дөрвөн тэрбум орчим төгрөг байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?