ЭКВАДОРЫН ТЕЛЕВИЗИЙН СТУДИ РУУ ЗЭВСЭГЛЭСЭН ХҮМҮҮС ХАЛДЖЭЭ

2024-01-10  

Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа 22 гэмт хэргийн бүлэглэлийг террорист байгууллага гэж зарласан зарлиг гаргасны дараа мягмар гарагт Гуаякиль хотын “TC ”үндэсний телевизийн студи рүү зэвсэгт этгээдүүд дайран орж, шууд нэвтрүүлгийг тасалдуулж, тэнд байсан хүмүүсийг барьцаалж буй бичлэгийг эфирт цацжээ.

Нүүрээ битүү халхалсан малгайтай, буутай хүмүүс шууд нэвтрүүлгийг тасалдуулж, телевизийн ажилтнуудыг буугаар сүрдүүлэн газарт хэвтүүлэн, зарим нь камер луу зангаж, "цагдаа дуудаж болохгүй шүү" гэж хашгирах нь сонсогдож байжээ.

Тус улсын цагдаагийн байгууллага олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхдээ, Гуаякиль хотын телевизийн студийг нүүлгэн шилжүүлж, тэнд байгаа ажилтнуудын нөхцөл байдлыг шалгаж "дэг журмыг сэргээж байна" гэжээ. 

Гуаякиль хотын цагдаа нар 13 гэмт этгээдийг баривчилсан байна.

Ерөнхийлөгч Д.Нобоа даваа гарагт онц байдал зарласнаас хойш нэг өдрийн дотор долоон цагдаа барьцаалагдаж, хэд хэдэн дэлбэрэлт болсны дараа дээрх хэрэг гарчээ.

Үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг “TC” телевиз нь “Gamavision” гэдэг өөр нэгэн олон нийтийн телевизтэй хамтран студи ажиллуулдаг бөгөөд хэд хэдэн радио станцтай.

Халдлага үйлдэгчид студийн гол хаалгаар дайран орж, ажилтнууд руу халдаж, гарахдаа тэсрэх бөмбөг үлдээсэн гэж Reuters агентлагт “TC”-ийн мэдээний зохицуулагч, сурвалжлагч Леонардо Флорес Морено ярьжээ.

"Тухайн үед  бид өөр өрөөнд хуралдаж байсан бөгөөд халдлагын талаар сэрэмжлүүлсэн тул бид нуугдаж амжсан. Халдлагын үеэр манай телевизийн хоёр ажилтан шархадсан" гэж Л.Флорес хэлсэн байна.

Эквадорын хамгийн чинээлэг хүмүүсийн нэгийнх нь хүү болох Д.Нобоа өнгөрсөн 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон бөгөөд олон жилийн улбаатай хар тамхины наймаанаас үүдэлтэй хүчирхийллийг зогсооно гэж амласан юм.

Тэрбээр даваа гарагт үндэсний хэмжээнд 60 хоногийн хугацаатай онц байдал зарлаж, гудамж талбай болон шоронд цэргийн эргүүлүүдийг гаргаж, шөнийн цагаар хөл хорио тогтоожээ.

34 жилийн ял эдэлж байсан, Лос Чонеросын гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Адольфо Масиас шоронгоос оргосны дараа шоронгийн харгалзагчдыг барьцаалах зэрэг олон хэрэг гарсан тул онц байдал зарласан юм.

Мягмар гаргийн үдээс хойш гаргасан шинэчилсэн зарлигтаа Д.Нобоа Эквадорт "улс орны дотоодод зэвсэгт мөргөлдөөн үүссэнийг" хүлээн зөвшөөрч, Лос Чонерос зэрэг хэд хэдэн гэмт хэргийн бүлэглэлийг "террорист бүлэглэл" гэж нэрлэсэн байна. Уг зарлигт гэмт хэргийн бүлэглэлүүдийг устгах үүргийг тус улсын Зэвсэгт хүчинд өгчээ. 

 

Эх сурвалж: КИТО, 2024 оны нэгдүгээр сарын 10 /Reuters/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?