ХЯТАДЫН ХҮН АМ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ДАРААЛАН БУУРЧЭЭ

2024-01-17  

2023 онд Хятадын хүн ам хоёр дахь жилдээ дараалан буурсан нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох тус улсын хувьд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй хүн ам зүйн асуудал улам гүнзгийрч байгааг илтгэж байна.

Хятадын хүн амын тоо өнгөрсөн онд 2.08 саяар буурч, 1.409 тэрбум болсон тухай Үндэсний статистикийн товчоо (ҮСТ) лхагва гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 5.2 хувиар өссөнийг мөн мэдээлсэн байна. Тус улсын засгийн газраас 2023 онд эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт тавьсан байжээ. Хэдийгээр энэ нь Хятадын эдийн засаг ердөө 3 хувиар өссөн 2022 оныхтой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт боловч сүүлийн 30 гаруй жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг юм.

2022 онд төрөлт 1000 хүн тутамд 6.77 байсан бол өнгөрсөн онд 6.39 болсон нь 1949 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болов. 2022 онд 9.56 сая хүүхэд төрж байсан бол 2023 онд 9.02 сая орчим хүүхэд мэндэлжээ.

Тус улсын 16-59 насны буюу хөдөлмөрийн насны хүн амын тоо 2022 оныхтой харьцуулахад 10.75 саяар буурч, 60-аас дээш настнуудын тоо 2022 оныхоос 16.93 саяар нэмэгдсэн байна.

Хятадын хүн ам сүүлийн хэдэн арван жилийн дараа 2022 онд анх удаа буурсны дараа дахин буурсан үзүүлэлтэй гарсан нь Мао Зэдүний "их үсрэлтийн бодлого"-оос үүдэлтэй 1961 оны их өлсгөлөнгөөс хойших анхны тохиолдол болжээ.

Өнгөрсөн онд Энэтхэг улс Хятадыг ардаа орхиж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсон юм. Олон арван жилийн турш хүүхэд төрүүлэхийг хязгаарласан бодлогын дараа төрөөс гэрлэсэн хосуудыг хүүхэд төрүүлэхийг дэмжин уриалж байгаа хэдий ч төрөлт буурсаар байна.

Төрөлтийг хязгаарлах нь хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолд нөлөөлж, тус улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд ихээхэн хохирол учруулж болзошгүйг ойлгосны дараа Хятадын удирдлага олон арван жил үргэлжилсэн "нэг хүүхэд" бодлогоо 2015 онд цуцалсан юм.

 
 
Эх сурвалж: БЭЭЖИН, 2024 оны нэгдүгээр сарын 17. /CNN/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?