УЛААНБААТАР ХОТЫГ АЗИЙН ХОТУУДТАЙ ХАРЬЦУУЛАН СУДАЛЖЭЭ

2024-01-26  

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ, судалгаа, хөрөнгө оруулалтын MICC компанийн баг нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн байдлыг Тогтвортой хөгжлийн 17 зорилттой уялдуулан судалснаа танилцуулав.

Судалгааг Узбекистан, БНХАУ, Киргиз, Япон, БНСУ, Казахстан улсын нийслэл хотуудын байдлаар Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөлийг харьцуулан хийсэн нь анхаарал татаж байв.

Нэг хүнд ногдох ДНБ 2020 оны байдлаар 20 мянган ам.доллароос бага хотуудад Бишкек 10.3 мянга, Ташкент 14.7 мянга, Улаанбаатар 16.5 мянган ам.доллароор 55.5-66.2 оноо авч сүүлийн гурван байранд орсон байна.

Харин 40 мянган ам.долларын нэг хүнд ногдох ДНБ-тэй хотуудад Астана 45.4 мянга, Бээжин 39.5 мянган ам.доллароор III-IV байранд орж, 50 мянгаас дээш ам.долларын нэг хүнд ногдох ДНБ-ээр Токио 70.7 мянга, Сөүл 53.8 мянган ам.доллароор хамгийн өндөр оноо авчээ.

 

Улаанбаатараас бусад хот Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ын 6-д байдаг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар дунджаар хамгийн өндөр буюу 98.1 оноо авсан байна. Манай улсын нийслэл дээрх үнэлгээгээр 61.6 оноотой гарчээ. Мөн ТХЗ-ын 12 буюу агаарын бохирдол жилийн дунджаараа Монгол Улсын нийслэл хамгийн муу оноотой гарсныг судлаач Н.Энхзул танилцууллаа.

 

Ажилгүйдлийн түвшин мөн хамгийн дээд үзүүлэлттэй гарчээ. Харин жендерийн эрх, тэгш байдлыг хангах буюу ТХЗ-ын 5 дахь зорилтоор Улаанбаатар илүү их оноо авсан байна. Үүнд дээд боловсролын байгууллагад суралцах эмэгтэйчүүдийн хувь 57.3, хувийн салбарт удирдах албан тушаалтан, менежерийн эзлэх хувь 51.8 хувийн эмэгтэйчүүдийн оролцоотой гарсан нь эерэг үзүүлэлтэд нөлөөлж буйг эдийн засагч Д.Ачит-Эрдэнэ хэллээ.

Гэвч төр, засгийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийн оролцоо бага, мөн эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын цалингийн зөрүү их байгааг судлаачид дурдаж байсан юм.

 

ТХ3-ын 8 дахь буюу Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байр бий болгох зорилтыг Монгол Улсын нийслэл хангалтгүй биелүүлж байгаа нь судалгаагаар гарчээ. ТХ3-ын 4 буюу чанартай боловсролыг дэмжих тал дээр Улаанбаатар хотын хүн амын бичиг үсгийн чадвар хамгийн өндөр 99.5 хувьтай гарчээ. Гэвч боловсон хүчин, санхүүгийн дэмжлэг хомсдолтой байгаагаас үүдэн ерөнхий болон дээд боловсролын чанар хангалтгүй гэсэн үнэлгээг мөн гаргасан байна. Жишээлбэл, Улаанбаатар хотын бага ангийн нэг багшид ногдох суралцагчийн тоо 34.6 байгаа нь Ташкентынхаас 1.6, харин бусад хотынхоос бараг 2.5 дахин их байна.

MICC-ийн баг судалгаандаа Хойд Америкийн орнуудын хотуудыг харьцуулжээ. Судалгааг цахим орчинд байршуулснаас гадна сэтгүүл болгож хэвлүүлжээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?